Захиасаа хэлсэн Ерөнхий сайдад заавал хүргэх үг

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Захиасаа хэлсэн Ерөнхий сайдад заавал хүргэх үг

Сэтгүүлч бол төрийн албан хаагч.  Ерөнхий сайд маань ингэж ам алдсан дуулдав. Тэрбээр хагас сарын өмнө Сингапур, Австралид албан ёсоор айлчилсан юм. Тэгэхдээ  хэвлэл мэдээллийн байгууллагын цөөнгүй сэтгүүлчийг дагуулж явжээ.  Айлчлалын  үр дүнд сэтгэл нь   хөдөлсөн Ерөнхий сайд С.Батболд “Сэтгүүлчид бол нэг ёсондоо төрийн алба залгуулагч хүмүүс. Ийм учраас төр , засгийн өндөр албан тушаалтнуудын гадаадад хийж буй айлчлалыг сурвалжлахаар  дагалдан яваа сэтгүүлчдийг төрийн албан хаагчийн  адил үзэж,  Засгийн газраас томилолт олгож, зардлыг нь дааж болох юм” гэж хэлжээ.  Ерөнхий сайдын энэ үг нэг талаар сэтгүүлчдийг баярлуулж байна. Хө­рөнгө  санхүүгийн бололцоогүйгээс  Ерөнхийлөгч, парламентын дарга, Ерөнхий сайд нарын гадаадад хийх айлчлал байтугай орон нутгийн  аяллыг нь ч сурвалжлах боломж хэвлэл мэдээллийнхэнд  тэр бүр олддоггүй. Үүнээс үүдээд айлчлал, аяллын талаархи мэдээлэл  олон түмэнд бодитоор хүрч чаддаггүй.  Зарим тохиолдолд ихээхэн гуйвуулсан мэдээлэл тархах нь ч бий. Чих худалч, нүд үнэнч гэдэг зарчмын үүднээс үзвэл,  дагалдан явж сурвалжлах шиг  сайхан  боломж яаж байх вэ. Мэргэжил нэгтнүүдийн маань зарим нь Ерөнхий сайдын дээрх үгийг тийм ч таатай хүлээж авсангүй бололтой. Тэд “Наадах чинь төр, засгийн томчуудын тавьж буй урхи.

Сэтгүүлчдийг өөртөө татаж, муу муухайгаа нуух гэсэн оролдлого шүү дээ” гэж хэлж байна. Өөх өгсөн хүнтэй өглөө, үдэшгүй заргалдав гэгчээр өөрсдийнх нь төлөө таатай үг хэлсэн Ерөнхий сайдыг элдвээр гоочилж, хардаад ч яах юм бэ. С.Батболд БНСУ-д айлчлаад  өчигдөр эх орондоо аяны дөрөө мулталлаа. Бас л хэдэн сэтгүүлч дагуулж явжээ. Солонгосын Ерөнхий сайд Ким Хван Шитэй үр дүнтэй хэлэлцээ хийж, монголчууд БНСУ-д визгүй зорчих талаар санал солилцон дэлхийд брэнд болсон чанартай эм авах,  Шивээтийн хөндийд барих оюутны хотхоны номын сангийн барилгын техник эдийн засгийн үндэслэлийг солонгосуудаар  хийлгэх, цаашилбал энэ барилгыг тэдний буцалтгүй тусламжаар бариулах, тус улсын Ерөнхийлөгч Ли Мён Баг энэ ондоо багтан манай улсад айлчлах болсон гэх мэт олон чухал мэдээллийг  дагалдан явсан сэтгүүлчдийн мэдээллээс л дуулж байна шүү дээ. Дарга нарыг дагаж явлаа гээд тэдний үнэнч албат болчихгүйгээ сэтгүүлчид бид эрхбиш мэдэхтэйгээ болсон улс. Хамгийн гол нь,  үнэн бодит мэлээлэл л чухал шүү дээ. Үүнийг л түмэн олондоо цаг алдалгүй шуурхай  хүргэх нь бидний эн тэргүүний зорилт.

 Сэтгүүлчид өмнө нь  4000 ай­лын орон сууцнаас  чамгүй хишиг хүрт­сэн. Мэдээж, түүн шиг  их  дэмжлэг тус­ламж гэж юу байх вэ.  Төр, засаг лавтайяа сүүлийн 20 гаруй жилд  сэтгүүлч­дэдээ ингэж өгөөмөр сэтгэл гар­гаж байсангүй. Тийм болохоор  сэтгүүл­­чид ихээхэн талархалтай байдаг нь зүйн хэрэг.

Арил­­жааны банкуудаас орон сууцны зээл авъя гэвэл зээлийн хүү хам­­гийн багадаа сарын 1.3, жилийн 15.6 хувь. Зээлд хамрагдлаа гэхэд  урьдчил­гаа төлбөр нь орон сууцны үнийн дүнгийн  20-30 хувьтай тэнцэнэ. Энэ босгыг  цалин, орлого багатай сэтгүүл­чид байтугай чамгүй чинээлэг нэгэн ч   давахад хэцүү. Харин Засгийн газар төрийн албан хаагчдаа орон сууцтай болоход нь ихээхэн хөнгөлөлт үзүүлж байгаа. Зээлийн хүүгээ анх найман хувиар тогтоосон  бол одоо бүр зургаа болгож бууруулахаар боллоо. Хугацаа нь ч чамлахааргүй урт 15 жил юм. Урьдчил­гаа төлбөрийн хэмжээ нь  банкны­хаас  2-3 дахин бага буюу 10 хувь. Засгийн газраас  орон сууцны зээлд 300 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлө­сөн билээ. Энэ мөнгөнөөс хувь хүртэж,  өөрийн гэсэн орон сууцтай болохыг сэтгүүлчид хүсч байна шүү,  Ерөнхий сайд аа.    Арилжааны банкны­­хан “Бидэнд мөнгө байна. Хүс­сэн цагтаа, хүссэн хэмжээгээрээ зээл аваарай. Өдөрт нь багтаагаад л  бүтээгээд өгнө” гэж ам уралдан суртал­чилж байгаа. Болж байна. Очоод авъя гэхээр наад зах нь барьцаа хөрөнгө шаар­даад суучихна. Буруу нь юу байх вэ. Гэхдээ үзэг, компьютер хоёроос өөр хөрөнгөгүй сэтгүүлчдэд юуных нь барь­цаа байх вэ дээ. Ингээд л их санасан газар  гээч болно доо. Дэлхийн банк “Бизнес эрхлэх нь” нэртэй тайланг жил бүр гаргадаг юм. Дэлхийн улс орнуу­дын бизнес эрхлэх орчныг 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэж байр эзлүүлснээ энэхүү  тайланд тусгадаг уламжлалтай. Тайлангаас үзвэл, Монгол улс 2009 онд 181 орноос 58, 2010 онд 183 орноос 60, энэ онд 183 орноос 73 дугаарт жагсчээ. Байр ухраад байна гэдэг маань бизнес эрхлэх орчин улам муудаад байгаагийн нотолгоо. Монголын бизнес эрхлэх орчин  доройтоод байгаагийн    шалтгаан юу вэ.  Дэлхийн банкныхны судалгаагаар хамгийн гол шалтгааныг нэрлэхдээ “зээл авах нөхцөл тааруу,  хугацаа нь  маш богино, хүү нь нэн өндөр” хэмээн дурьджээ. Ингэхээр сэтгүүлч ч, ер жирийн иргэн ч арилжааны банкнаас зээл авч орон сууцтай болно гэдэг ёстой л харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр  болж таарна гэсэн үг. Тэр ч байтугай, барьцааны хөрөнгөтэй, том том бизнесмэнүүд хүртэл арилжааны банкнаас зээл авч түвдэхгүй байгаа билээ. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд  саяхан болсон уулзалтын үеэр тэд зээлийн  энэхүү  хэцүү  нөхцөл байдлыг нэн даруй арилгахгүй бол бизнес жинхэнэ голдрилоороо хөгжиж, улс орны эдийн засаг дээшлэхгүй гэдгийг  Ерөнхий сайдад дуулгасан юм. С.Батболд эндээс ямар ч гэсэн нэг дүгнэлт хийсэн байх аа.

Ерөнхий сайд С.Батболд 100 мянган орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэнтэй  ойрмогхон уул­зах­даа “Энэ бол Монголын дундаж орлого­той айл өрхөд зориулсан орон сууц. Өмнө нь байртай байсан хүмүүсийн орон сууцны нөхцөлийг  сайжруулж байгаа  нь энэ гэх мэтээр ар, өврийн хаалгаар хамаагүй олгож хэрхэвч болохгүй шүү” гэх утгатай зүйлийг хичээнгүйлэн захисан байна лээ.

 100 мянган айлын орон сууцнаасаа цөөхнийг ч болов олговол сэтгүүлчид танд баярлана даа. Захиасаа хэлсэн Ерөнхий сайдад заавал хүргэх үг минь энэ.

Б.БАТБИЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж