“Анхдагч хувьцаанаас хөрөнгө босгох ажил нь ядуу Монгол орны хувьд Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг орны хөрөнгө оруулагчидтай хамтран уул уурхайн асар их баялгаа ашиглаж, хөрөнгийн сан байгуулах гол түлхүүр юм. Тавантолгойн анхдагч хувьцааны үнэ 1.5-5 тэрбум ам.доллар гэж тооцоолж буйг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Гонгконгод болсон уул уурхай, хөрөнгө оруулалтын зөвлөлгөөн дээр “Reuters”-д мэдээлсэн байна. “Лондон, Гонгконгийн хөрөнгийн биржтэй тохиролцсоны дараа хөрөнгө оруулагч банкууд ажлаа эхэлнэ. Одоогоор анхдагч хувьцааны үнийг хэлэхэд эрт байна. Гэхдээ маш өндөр үнэтэй гэж бид таамаглаж байна” гэж тэрбээр ярьжээ. Хөрөнгө оруулалтын банкаар Goldman Sachs Group Inc , Deutsche Bank AG , BNP Paribas SA болон Macquarie Group Ltd шалгараад байгаа аж.
“Эрдэнэс Тавантолгой” төрийн мэдлийн компани Тавантолгойн төслийн 50 хувийг эзэмших бол 10 хувийг иргэд, 10 хувийг Монголын компаниуд, үлдсэн 30 хувиар үнэт цаасны зах зээлд хөрөнгө босгох аж. Тавантолгойн баруун Цанхийн орд 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, жилд 15 сая тонн нүүрс олборлоход 30 жил ашиглах орд юм.
Тавантолгойн төслийн стратегийн хөрөнгө оруулагч болохоор “ArcelorMittal SA”, “Vale SA”, “Xstrata Plc” зэрэг зургаан компани өрсөлдөж байна.
Мөн АНУ-ын “Peabody Energy”, Хятадын “Shenhua” групп, Японы “Mitsui & Co” компани, болон Япон, Өмнөд Солонгос, Оросын хамтарсан консорциум өрсөлдөж байгаа аж. Өнгөрсөн баасан гаригт Өмнөд Солонгосын Lotte Engineering & Construction Тавантолгой-Өмнөговь- Чойбалсан хотыг холбосон 1040 км төмөр зам барихаар Монголын төмөр замтай гурван тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. Харин үүнийхээ хариуд тус консорциум Тавантолгойн анхдагч хувьцаагаар хөрөнгө босгох ажилд оролцохыг хүсч байгаа аж” гэсэн байна.