”Галзуу нохой” хэзээ ч бууж өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

”Галзуу нохой” хэзээ ч бууж өгөхгүй

Үлгэрт баатруудын тухай өгүүл­дэг. Тэд аймшигт ман­гасыг ялж, баа­тар болдог. Угтаа мангасууд байгаагүй бол баатар ч төрөхгүй байж. Тиймээс Цагаан ордны пиар­чид Жорж Бушийн “баатар”-ын имижийг бүр­дүүлэхийн тулд Саддам Хусейн гэдэг “мангас”-ыг гаргаж ирсэн юм. Барак Обама ч мөн адил “баатар” болох хүсэлтэй. Харин энэ удаад өнөөх “мангас” нь Ливийн удирдагч Муаммар Каддафи болжээ. Ойрхи Дорнодод болж буй ардчилал, эрх чөлөөний тө­лөөх хувьсгал, тэмцлийн шуур­гыг дэлхий нийт харж  байгаа энэ үед дарангуйлан захирагч М.Каддафи л ард иргэдийнхээ эсрэг сөрөн зогсч, тэдний хүсэл зоригийг боомилж байгаа мэтээр олон улсын хэвлэлүүд бичиж эхэллээ. Б.Обама цагтаа М.Кад­дафитай гар барьж явснаа санах­гүй байгаа дүр эсгэн түүн рүү ярвайж “Ливийг нэн даруй орхи. Эс тэгвэл юу болохыг хараарай” хэмээн сүр­дүүлжээ. Юу болох нь энэ вэ. М.Каддафи гэж чухам хэн бэ. Тэр жинхэнэ “мангас” уу, эсвэл Б.Обамаг “баатар” болгохын тулд бүтээсэн туслах дүр үү.

Төрөлх хэл дээрээ ганцхан янзаар нэрлэгддэг боловч Арабын ард түм­эн янз бүр дууддагаас болж нэрийг нь   30 гаруй хувилбараар бичдэг Муам­­мар Каддафитай холбоотой барим­­туудаас түүний сонирхолтой зан аашийг анзаарч болох юм. Тэрбээр зөв­хөн эмэгтэй хамгаалагчдаар өөрий­гөө хүрээлүүлдэг. Ливийн Сирт хотын ойролцоох элсэн цөлд нүүдэлчдийн майханд төрж, хорвоод хүн болсноо сана­галз­сандаа тэр үү хаашаа ч явсан өнөөх нүүдэлчний майхнаа байн­га авч явахыг туслахуудаасаа шаард­даг. Бүр Ром, Парис, Миланд очих­доо хүртэл шүү. Тэр бас тод шар­гал, эрээн мяраан хувцсаар ган­гарах дуртай. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган 2009 онд болох үед М.Каддафи 90 минутын турш илтгэл уншсан юм. Тухайн үед тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннеди, Мартин Лютер Кинг нарын амийг хороосон хүмүүсийг олохыг хүсч, Б.Обамад сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, НҮБ-ыг хүндэтгэдэггүй гэдгээ илэр­хийлж байв. Тэгснээ бүр Европын орнууд Африкийн ард түмнийг өнгөрсөн зуунд колоничилж байс­ныхаа хөлс болгож, 7.7 их наяд ам.дол­ларын нөхөн төлбөр өгөхийг шаарджээ. Мөн H1N1 вирусыг цэр­гийн лабораторид үйлдвэрлэж, дэл­хий нийтэд тараалаа гэх зэрэг хачир­халтай зүйл олныг ярьжээ. Өнөө­дөр америкчууд тэр бүхнийг сануулж, “М.Каддафи бол галзуу, солио­той хүн” гэж байх юм.

М.Каддафи 1969 онд дөнгөж 27 настай байхдаа Ливид төрийн эргэлт хийж, эзэн хаанаа унагаж, өөрийн эзэнт гүрнээ байгуулжээ. Түүнийг ийм алхам  хийхэд хамгийн их нөлөөлсөн зүйл бол Египетийн хувьсгал гэж шинжээчид дүгнэдэг. Арабын жижиг овгийн гэр бүлээс гаралтай М.Каддафийг му­сульман­чуудын сургуульд сурч байх үед Египетэд төрийн эргэлт гарч, эзэн хаан нь ширээнээсээ бууж байв. Энэ хувьсгалыг Египетийн Ерөн­хийлөгч агсан Гамал Абдел Нассер удирдаж байж. Ливийн цэр­гийн удирдлагын консулын Цэр­гийн академид суралцаж бай­сан М.Каддафи засгийн эрхэнд гарс­ныхаа дараа цэргийн боловсролд ихэд анхаарч, улс орныхоо цэрэг, ар­мийн салбарыг хөгжүүлэхэд бүх хүчээ дайчилжээ. Тухайн үед Ливид цэргийн офицер хүн л өндөр боловсрол эзэмших боломжтой байж. М.Каддафийг Грекийн Цэргийн академид сурч байсан тухай мэдээ бий. Бас Их Британий хаа нэгтээ цэргийн боловсрол эзэмшсэн гэх таамаг ч байдаг аж.

М.Каддафи өөрийн дагалдагсдын хамт үндсэрхэг үзлийг гол уриагаа болгожээ. Тэрбээр Ливид коммунизмын ислам хувилбарыг байгуулахын тулд Мао Зэ Дун, Фидель Кастрогоос тусламж хүсч байсан нь бий. Бүхэл бүтэн 42 жилийн турш Ливийн Ерөнхийлөгч байсан М.Каддафи энэ хугацаанд олон улсын тавцанд “учрыг нь олоход хэцүү” тоглогчдын нэг байсаар ирж. АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Рейган түүнийг “Ойрхи Дорнодын галзуу нохой” хэмээн нэрлэж, “Дэлхий дахинд мусульманы шашинт хувьсгал хийх гэж байна” гэж шүүмжилж байв. Америкчууд С.Хуссейн, Осама бин Ладен нарыг “гэмт хэрэгтэн” гэж цоллохоос олон жилийн өмнө М.Каддафи олон улсын терроризмыг санхүүжүүлэгч байсан юм. АНУ, Германд 1980-аад оны эцсээр болсон хэд хэдэн алан хядах ажиллагааны гол буруутнаар Ливийн эрх баригчид тодорч байлаа. Үүнээс болж, НҮБ-ын зүгээс тус улсад хориг арга хэмжээ авч байжээ. Р.Рейганы засаг захиргаа Ливи рүү агаарын дайралт хийх үед М.Каддафи золоор амьд үлдэж, харин түүний өргөж авсан бяцхан охин нь нас баржээ. Өнөөдөр Барак Обамагийн хүмүүс энэ бүхнийг сануулж, “М.Кад­дафи бол хэзээнээс л алан хядагч байсан” гэх болж.

Харин хожим америкчуудтай сөргөлдсөөр ирсэн М.Каддафид С.Хус­сейн том сургамж болсон гэ­хэд буруудахгүй. АНУ-ын цэргүүд Ирак руу нэвтрэн орсны дараа М.Кад­дафи бууж өгөн цөмийн хөтөл­бөр хэрэгжүүлэхээр зэхэж байснаа цуцалжээ. Тэр бүгдэд таалагдахыг хичээ­сэн байна. Энэ оны  хоёрдугаар сар хүртэл үнэхээр тийм байж чадав.

Ливи улс саяхныг хүртэл М.Каддафийн мэдэлд байлаа. Түүний хараа хяналтаас гадуур хэн ч юу ч хийж үл чадна. 42 жилийн турш сөрөг хүчний ямар ч удирдагч түүний эсрэг босч чадаагүй, Ливийн иргэд улс төрийн тэмцлийн талаар ямар ч ойлголтгүй байж. Гэтэл юу вэ, нэг өглөө сэрсэн чинь тэд “хайрт удирдагч”-аа огцруулна гээд дайрч байх юм. М.Каддафи үүнийг эх орных нь газрын тосонд шунасан, бэртэгчин орнуудын өдөөн хатгалга хэмээн тайлбарлажээ. Эхэндээ олон улсын террорист бүлэглэл “Аль-Кайда”-тай холбож байснаа сүүлдээ “Өө, энэ чинь АНУ тэргүүтэй барууны орнуудын дэмжлэгийг авсан алан хядах бүлэглэлийнхэн байна шүү дээ” гэж дуу алдав. Үнэхээр өнөөдрийг хүртэл Ливид ямар ч сөрөг хүчин, ямар ч тэмцэгч байгаагүй. Тиймээс М.Каддафи албанаас бууж гэмээнэ, Ливийн улс төр цэвэрхэн цагаан цаас шиг л болох юм. Энэ хоосон орон зайд хэн ч гарч ирж болно. Бүр АНУ-аас санхүүжилт авсан хэсэг бүлэг хүн ч орох боломжтой.

Магадгүй М.Каддафи олон улсын терроризмыг санхүүжүүлэгчдийн нэг байх. Бас тэр Ливийн ард түмнийг шулж байгаа дарангуйлагч ч байж болох юм. Гэхдээ үүн дээр нь дөрөөлж, газрын тосны баялагт нь шунасан америкчуудын сонирхол бас бий гэдэгт шинжээчид санал нэгтэй байна. М.Каддафи өмнө нь америкчуудад бууж өгч, нэг боломжоо авсан. Харин энэ удаад түүнд гарах гарц байхгүй бололтой. Тэр хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж