Төрөлх хэл дээрээ ганцхан янзаар нэрлэгддэг боловч Арабын ард түмэн янз бүр дууддагаас болж нэрийг нь 30 гаруй хувилбараар бичдэг Муаммар Каддафитай холбоотой баримтуудаас түүний сонирхолтой зан аашийг анзаарч болох юм. Тэрбээр зөвхөн эмэгтэй хамгаалагчдаар өөрийгөө хүрээлүүлдэг. Ливийн Сирт хотын ойролцоох элсэн цөлд нүүдэлчдийн майханд төрж, хорвоод хүн болсноо санагалзсандаа тэр үү хаашаа ч явсан өнөөх нүүдэлчний майхнаа байнга авч явахыг туслахуудаасаа шаарддаг. Бүр Ром, Парис, Миланд очихдоо хүртэл шүү. Тэр бас тод шаргал, эрээн мяраан хувцсаар гангарах дуртай. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган 2009 онд болох үед М.Каддафи 90 минутын турш илтгэл уншсан юм. Тухайн үед тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннеди, Мартин Лютер Кинг нарын амийг хороосон хүмүүсийг олохыг хүсч, Б.Обамад сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, НҮБ-ыг хүндэтгэдэггүй гэдгээ илэрхийлж байв. Тэгснээ бүр Европын орнууд Африкийн ард түмнийг өнгөрсөн зуунд колоничилж байсныхаа хөлс болгож, 7.7 их наяд ам.долларын нөхөн төлбөр өгөхийг шаарджээ. Мөн H1N1 вирусыг цэргийн лабораторид үйлдвэрлэж, дэлхий нийтэд тараалаа гэх зэрэг хачирхалтай зүйл олныг ярьжээ. Өнөөдөр америкчууд тэр бүхнийг сануулж, “М.Каддафи бол галзуу, солиотой хүн” гэж байх юм.
М.Каддафи 1969 онд дөнгөж 27 настай байхдаа Ливид төрийн эргэлт хийж, эзэн хаанаа унагаж, өөрийн эзэнт гүрнээ байгуулжээ. Түүнийг ийм алхам хийхэд хамгийн их нөлөөлсөн зүйл бол Египетийн хувьсгал гэж шинжээчид дүгнэдэг. Арабын жижиг овгийн гэр бүлээс гаралтай М.Каддафийг мусульманчуудын сургуульд сурч байх үед Египетэд төрийн эргэлт гарч, эзэн хаан нь ширээнээсээ бууж байв. Энэ хувьсгалыг Египетийн Ерөнхийлөгч агсан Гамал Абдел Нассер удирдаж байж. Ливийн цэргийн удирдлагын консулын Цэргийн академид суралцаж байсан М.Каддафи засгийн эрхэнд гарсныхаа дараа цэргийн боловсролд ихэд анхаарч, улс орныхоо цэрэг, армийн салбарыг хөгжүүлэхэд бүх хүчээ дайчилжээ. Тухайн үед Ливид цэргийн офицер хүн л өндөр боловсрол эзэмших боломжтой байж. М.Каддафийг Грекийн Цэргийн академид сурч байсан тухай мэдээ бий. Бас Их Британий хаа нэгтээ цэргийн боловсрол эзэмшсэн гэх таамаг ч байдаг аж.
М.Каддафи өөрийн дагалдагсдын хамт үндсэрхэг үзлийг гол уриагаа болгожээ. Тэрбээр Ливид коммунизмын ислам хувилбарыг байгуулахын тулд Мао Зэ Дун, Фидель Кастрогоос тусламж хүсч байсан нь бий. Бүхэл бүтэн 42 жилийн турш Ливийн Ерөнхийлөгч байсан М.Каддафи энэ хугацаанд олон улсын тавцанд “учрыг нь олоход хэцүү” тоглогчдын нэг байсаар ирж. АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Рейган түүнийг “Ойрхи Дорнодын галзуу нохой” хэмээн нэрлэж, “Дэлхий дахинд мусульманы шашинт хувьсгал хийх гэж байна” гэж шүүмжилж байв. Америкчууд С.Хуссейн, Осама бин Ладен нарыг “гэмт хэрэгтэн” гэж цоллохоос олон жилийн өмнө М.Каддафи олон улсын терроризмыг санхүүжүүлэгч байсан юм. АНУ, Германд 1980-аад оны эцсээр болсон хэд хэдэн алан хядах ажиллагааны гол буруутнаар Ливийн эрх баригчид тодорч байлаа. Үүнээс болж, НҮБ-ын зүгээс тус улсад хориг арга хэмжээ авч байжээ. Р.Рейганы засаг захиргаа Ливи рүү агаарын дайралт хийх үед М.Каддафи золоор амьд үлдэж, харин түүний өргөж авсан бяцхан охин нь нас баржээ. Өнөөдөр Барак Обамагийн хүмүүс энэ бүхнийг сануулж, “М.Каддафи бол хэзээнээс л алан хядагч байсан” гэх болж.
Харин хожим америкчуудтай сөргөлдсөөр ирсэн М.Каддафид С.Хуссейн том сургамж болсон гэхэд буруудахгүй. АНУ-ын цэргүүд Ирак руу нэвтрэн орсны дараа М.Каддафи бууж өгөн цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж байснаа цуцалжээ. Тэр бүгдэд таалагдахыг хичээсэн байна. Энэ оны хоёрдугаар сар хүртэл үнэхээр тийм байж чадав.
Ливи улс саяхныг хүртэл М.Каддафийн мэдэлд байлаа. Түүний хараа хяналтаас гадуур хэн ч юу ч хийж үл чадна. 42 жилийн турш сөрөг хүчний ямар ч удирдагч түүний эсрэг босч чадаагүй, Ливийн иргэд улс төрийн тэмцлийн талаар ямар ч ойлголтгүй байж. Гэтэл юу вэ, нэг өглөө сэрсэн чинь тэд “хайрт удирдагч”-аа огцруулна гээд дайрч байх юм. М.Каддафи үүнийг эх орных нь газрын тосонд шунасан, бэртэгчин орнуудын өдөөн хатгалга хэмээн тайлбарлажээ. Эхэндээ олон улсын террорист бүлэглэл “Аль-Кайда”-тай холбож байснаа сүүлдээ “Өө, энэ чинь АНУ тэргүүтэй барууны орнуудын дэмжлэгийг авсан алан хядах бүлэглэлийнхэн байна шүү дээ” гэж дуу алдав. Үнэхээр өнөөдрийг хүртэл Ливид ямар ч сөрөг хүчин, ямар ч тэмцэгч байгаагүй. Тиймээс М.Каддафи албанаас бууж гэмээнэ, Ливийн улс төр цэвэрхэн цагаан цаас шиг л болох юм. Энэ хоосон орон зайд хэн ч гарч ирж болно. Бүр АНУ-аас санхүүжилт авсан хэсэг бүлэг хүн ч орох боломжтой.
Магадгүй М.Каддафи олон улсын терроризмыг санхүүжүүлэгчдийн нэг байх. Бас тэр Ливийн ард түмнийг шулж байгаа дарангуйлагч ч байж болох юм. Гэхдээ үүн дээр нь дөрөөлж, газрын тосны баялагт нь шунасан америкчуудын сонирхол бас бий гэдэгт шинжээчид санал нэгтэй байна. М.Каддафи өмнө нь америкчуудад бууж өгч, нэг боломжоо авсан. Харин энэ удаад түүнд гарах гарц байхгүй бололтой. Тэр хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин