Арабын хувьсгалыг импортлох Н.Энхбаярын санаа

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Арабын хувьсгалыг импортлох Н.Энхбаярын санаа

2011 оны дөрөвдүгээр сар. Энэ сар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд хувьсгалын эхэн сар болох нь гарцаагүй. Үүнийг сэтгүүлчид биш  өөрөө хэлж байгаа. Ядар­сан монголчуудын сэт­­­­­гэл санааг сум болгон ашиг­лах   Энхбаяр хэмээх  хувьс­галын эхний сэжмүүд өчигдрөөс эх­лэн Сүхбаатарын талбай руу шилжих шиг боллоо. Үйл хэргийг нь дэм­жи­хээ илэр­хийлсэн хэсэг нө­­хөд Сүхбаатарын талбайд  жагсаал хийж байхад тэрбээр хуучнаар Мон­голын худалдаа аж үйлд­вэрийн танхимд хэ­лэл­цүү­лэг өрнүүлсэн шиг  суув. Хэ­лэлцүүлгийн зо­рилго нь Хүний эр­хийн үн­дэсний комисст шаард­лага хүр­гүүлэх. Утга нь “Монгол хүний эрхийг хэн хамгаалах вэ. Та нар ажлаа хийгээч ээ” гэ­сэн богинохон өгүүлбэр.  Монгол төрийн “тол­­гой” дээр  он удаан жил  да­налзаж,  эрх аш­гаа үйл хэр­гийн­хээ бамбай болгон ашиг­лаж ирсэн гэх шүүмж­лэ­лийн эзэн  сүүлийн үед ийн эрх чөлөөний тэмцэгч болон ху­вирсаар удаж буй.

Алдсан алдаагаа оносон гавъяагаар солихийг хүссэн шалтгаан нь нөгөө л эрх баригчдын үйл хэрэг.  Эрх баригчдыг  мөнхөд удирдахыг хүссэн  түүний  төрийн хүн  байх   түүх нь уг нь 2009 онд   дуусчихсан. Гэвч тэр намтарта ацэг тавихыг хүсэхгүй бай­на.  Ирж буй  цагийг  Н.Энхбаярынх бол­гохын тулд бусдын  сэтгэл зүрх, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл  бүхнийг зо­лиос­лохоор шийд­сэн байж болох юм. Магадгүй за­римынх нь амь нас ч … Гэвч ийм зүйл болохгүй гэдэгт итгэхийг хүсч байна. Учир нь, тэрбээр сүүлийн үед  Египетийн хувьсгалыг магтан дуулах болсон. Магтах, магтахдаа “Монголд Египет шиг хувьсгал хэрэгтэй. Арабын орнуудын иргэдийн тэмцэх болсон шалтгаан нь Монголтой яг адил” хэмээн ухуулах болж. Энэ үгийг нь МАХН-ын нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнэ ч  хуулбарлачихаж. Уг нь түүнээс  сар гаруйхны өмнө ярилцлага авч байхад “Арай ч Египеттэй Монголыг адилтгаж болохгүй. Монголд тийм хувьсгал хэрэггүй” хэмээн хэлж байлаа.  Энэ нь  Н.Энхбаярын дэргэд ганц ч болов зөв сэтгэлтэй хүн байгаа юм байна хэмээх найдварын оч байлаа. Гэвч  энэ удаад С.Молор-Эрдэнэ үгээ өөрчилчихөж.  Зүрхээ худалдчихаж.  Өөрчлөх, өөрчлөхдөө “Арабын орнуудад болж буй нийгмийн том хувьсгалуудыг хараад гайхширч байна. Хүмүүс нийгмээ өөрчлөхийн төлөө ямар их зориг гаргадаг, ямар их сэтгэлийн тэнхээтэй байдаг юм бэ. Тэнд хорин хэдэн өдөр хүлээсний эцэст хүссэн шийдвэрээ хүлээн авч байна…Хүний ухамсар ямар байдгийг египетчүүд жинхэнэ ёсоор нь харууллаа. Үүнийг дагаад Алжир, Саудын Араб зэрэг Арабын бүх оронд нийгмээ шинэжилж эхэллээ…Монголчууд Арабын орнуудаас их зүйлийг сурах ёстой” гэв. Энэ үгийг хэчнээн нь ч хувиргасан та биднийг хувьсгалд уриалж байгаа нь ойлгомжтой.  “Хувьсгал бол Н.Энхбаярын сонгосон зам” ч гэж хэлж болно. Харин тэр хувьсгал нь тайван уу тайван бус уу гэдэгт л хэргийн учиг буй.  Бид юуны төлөө хувьсгал хийх ёстой вэ.  Н.Энхбаярын төлөө юү. Энэ замыг сонгосноор Н.Энхбаяр хожих уу, ард түмэн хожих уу. Хохирогч нь харин хэн бэ.  Асуулт үүгээр дуусахгүй нь ч ойлгомжтой. Долдугаар сарын 1-нд амь үрэгдсэн таван залуугийн эмгэнэлээр улс төр хийхийг чухалчилж буй Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа ард түмнээ хамгаалж чадаагүй байж, хувьсгалч боллоо гээд хамгаалах уу.

Хувьсгалын золиос нь цаг ямагт ард түмэн байдаг. Бидний дундаас олон арван цөс нь хөөрсөн залуус Сүхбаатарын талбай руу шуургалан дайрлаа гэхэд Н.Энхбаяр хэзээ ч манлайд нь зогсч чадахгүй нь ойлгомжтой. Тэр  тусгай нуувчны тохилог өрөөнд болно. Хүссэн үедээ өөрийн мэдлийн телевизээр дамжуулж, мэдэгдэл хийнэ. Мэдэгдэл нь, одоо цагийн эрх баригчид энэ тэмцэлд хүргэсэн. Арабын  хувьсгалыг Монголд “импортлох” экс Ерөнхийлөгчийн санаачилгаас үнэндээ эцэстээ айдас үнэртэж байна. Эл айдсыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авсан л байгаасай гэж найдъя. Н.Энхбаярын рекет ямар нэгэн аймшигт зүйлд хүрэхгүй дуусвал амар байхсан.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж