ИЗН-ын хэрэг эрхлэх газрын дарга намайг зодсон

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

ИЗН-ын хэрэг эрхлэх газрын дарга намайг зодсон


Ногоон намын гадаад асуудал хариуцсан дарга О.Бум-Ялагчийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та бүхэн хэдий эсэр­гүүцсэн ч Ногоон нам Ир­гэний зориг намтай нэгд­чихлээ. Одоо яах вэ?

-Бид нэгдсэн гэж үзэхгүй байгаа. Үүнийг Ногоон намаас хөөгдсөн зарим хүн Иргэний зориг намд орсон гэж л ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл Дээд шүүх бидний материалыг ав­чихсан байгаа. Улс төрийн намуудын тухай хуульд “Нам дотор үүссэн аливаа маргаантай асуудлыг Дээд шүүх шийднэ” гэсэн заалт байдаг. Энэ дагуу л бүх асуудал шийдэгдэнэ. Ер нь ямар нэг компани, пүүсийн удирдлагын түвшинд маргаан гараад тэр нь шүүхээр бүрэн шийдэгдээгүй байхад төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээ хийх, шийдвэр гаргах юм бол хүчин төгөлдөр бус болдог. Үүнтэй адил шүүхийн шийдвэр гара­хаас өмнө хоёр нам нэгдэх үйл явц болсон учраас хүчин төгөлдөр бус л гэсэн үг. Үүнийг бид зүгээр нэг таамгаар яриад байгаа юм биш. Манай намын хуу­лийн зөвлөх болон бусад хуульч ингэж тайлбарлаж байгаа.

-Ногоон намынхан хоёр хуваагдаад хоёр удаа их хурал хийсэн. Аль нь хүчин төгөлдөр юм бол?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд хийсэн их хурал болон намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг хүчин төгөлдөр эсэхийг мөн л Дээд шүүх тогтооно. Хэрэв хүчин төгөлдөр гэж үзвэл хоёр нам нэгдсэн гэх ямар ч үндэслэлгүй болно. Яагаад гэвэл тэр их хурлаар Ногоон нам Иргэний зориг намтай байгуулсан хоёр намыг нэгтгэх тухай гэрээг хүчингүй болгочихсон юм.

-Гэхдээ Дээд шүүх ямар шийдвэр гаргахыг урьдчилан таах аргагүй. Хэрвээ эсрэгээр эргэвэл яах вэ?

-Шүүх байгууллага асуудлыг өнгөц харахгүй байх гэж найдаж байгаа. Зөвхөн хэнийх нь зөв байна гэхээсээ илүү Монголд байгаль орчны төлөө үзэл баримтлалтай нам байх хэрэгтэй юү, үгүй юү гэх мэтээр олон талаас нь авч үзэх болов уу.

-Шүүх зөвхөн зөв, бурууг л тогтоодог газар шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ шүүгч хүн аливаа хэрэг, маргааныг шийдэхдээ асуудлыг олон талаас нь авч үздэг.

-Дээд шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ?

-Хуулийн хугацаа нь 10 хоног юм билээ. Одоо хариугаа сонсох хугацаа ойртож байна. Ирэх сарын 1, 2-ны үеэр л гарах болов уу. Д.Энхбат нар бас Дээд шүүхэд хоёр бичиг өгчихсөн байгаа.

-Ямар бичиг?

-Нэг нь “Ногоон нам татан буугдлаа. Намын бүртгэлээс хасч өгнө үү” гэсэн бичиг. Нөгөө нь “Иргэний зориг нам нэрээ өөрчилж, Иргэний зориг-Ногоон нам гэсэн нэрээр бүртүүлье” гэсэн бичиг байгаа. Өмнө нь бид хоёрдугаар сарын 29-нд “Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авна уу” гэсэн хүсэлт хүргүүлсэн. Дарааллын хувьд эхлээд өгснөөр нь бидний бичгийг авч хэлэлцэнэ. Дараа нь тэдний бичигтэй танилцана. Шүүхийн процесс ингэж явна гэдгийг хуульчид хэлж байгаа.        

-Та нар шүүхэд хандахаасаа өмнө Д.Энхбаттай уулзаж ярилцсан уу?

-Бид асуудлыг аль болох яриа хэлэлцээрийн шугамаар шийдэхийг зорьдог. Гэвч тэд уулзаж, ярилцахыг хүсдэггүй. Ялангуяа Д.Энхбат өөрөө уулздаггүй юм. Ер нь их аймхай талдаа хүн шүү дээ. Харин ээлжит бус их хурлын үеэр дайраад ороод ирсэн. Тэгээд бид Д.Энхбатаар үг хэлүүлэх үү, үгүй юү гэж санал хураахад төлөөлөгчдийн олонхи нь зөвшөөрөөгүй. Тийм учраас хөөгөөд гаргасан. Яагаад гэвэл тэр хүн нэгдүгээрт, намын дарга биш болсон. Хоёрдугаарт, намын гишүүнчлэлээс хасагдчихсан. Гуравдугаарт, түүнд их хурлын мандат байгаагүй.      

-Намын ээлжит бус их хурлаас ямар дүгнэлт, шийдвэрүүд гарсан бэ?

-Хэд хэдэн дүгнэлтэд хүрсэн. Хамгийн эхэнд уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, байгаль орчноо хамгаалах зорилготой намын дуу хоолойг боомилох бодлого явж байгаа нь тодорхой болсон. Яагаад гэвэл зөвхөн Ногоон намд л туг барьж жагсдаг, тууштай тэмцдэг хүн олон байдаг. Тийм учраас энэ намыг татан буулгах нь тэдэнд ашигтай болж таарч байгаа юм. Үүнээс гадна өнөөдөр Ногоон намын албан ёсны гишүүн гэх хүн бараг үгүй болсон харагдаж байна. Би энэ намыг олон жил удирдаж, Улаанбаатар хотын салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсны хувьд байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг маш сайн анзаарсан. Гэхдээ ээлжит бус их хуралд 239 төлөөлөгч оролцсон л доо.

-Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон их хурлыг хэрхэн дүгнэж байна вэ. Тэд ордонд хуралдаж, та нар гадна нь жагссан?

-Саяын хуралд 300 гаруй хүн оролцсон гэж яриад байгаа юм. Хүмүүс дотогш орж байхад нь бид хоёр хаалган дээр “Зогс, Ногоон намыг татан буулгах гэж байна” гэсэн бичигтэй материал тараасан. Ингээд хүмүүсийг тоолоход 170 орчим л болж байсан. Тэгэхээр 350 гэдэг тоо бол худлаа. Иргэний зориг намын гишүүн хүртэл Ногоон намын батлах үзүүлээд орж л байсан. Ийм л утгагүй юм болсон. Тэр хурлын өмнөх өдөр бас нэг сонин юм болсон юм байна.

-Юу болсон гэж?

-Тэр өдөр бид нар Ногоон намын хуучин байранд суулт зарлах гээд явж байтал Басандорж утасдаад “Хөгжим бүжгийн сургуулийн урд нэг кафед хүрээд ир. Энд их сонин юм болоод байна” гэлээ. Яваад очсон чинь 10-аад оюутан манай намын тугийг ширээн дээр дэлгээд тавьчихсан байж байна. Хэн хийлгэснийг нь асуусан чинь “Иргэний зориг намынхан хийлгэсэн” гэж байна. Тэгээд ямар учиртайг нь шалгуулахаар цагдаа дуудчихаад байж байтал Иргэний зориг намын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганбат ороод ирлээ. Тэр залуу орж ирээд нөгөө тугуудыг “Манай намын өмч” гээд хамаад авлаа. Мэдээж манай намын туг учраас бид жаахан маргалдсан юм. Гэтэл намайг багалзуурдаж аваад зодсон. Ална гэж заналхийлсэн. Аллага илрүүлэх зорилгоор байгуулагдсан намын Хэрэг эрхлэх газрын дарга байж хүн ална гээд дайраад байхыг сонсох үнэхээр эвгүй юм билээ. Тэнд байсан 20 гаруй хүн бүгд маш их гайхсан. Тэгээд цагдаа ирээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очлоо. Гэтэл нөгөө залуу цагдаа нарын дэргэд “Сүхбаатар дүүрэг миний халаасанд байдаг юм. Та нар зүгээр байгаарай” гэж шуудхан хэлж байна лээ.

-Тэгээд таны гомдлыг барагдуулсан уу?

-Би өргөдлөө бичээд өгсөн. Нөгөө залуугаас байцаалт ч авалгүй явуулчихсан байсан. Цагдаа нь “Тэр хүн завгүй. Ажил ихтэй гэхээр нь явуулчихлаа” гэсэн тайлбар хэлсэн. Хүний эрхэнд халдсан хүнийг хэзээ шалгаж, ямар арга хэмжээ авах юм бүү мэд. Өнөөдөр хууль ингэж л үйлчилж байна. Тухайн үед би нэлээд хэдэн телевиз дуудсан. Бүгд л газар дээр нь бичлэг хийгээд сурвалжлаад байсан хэрнээ орой  зарим нь “Бум-Ялагч хүн зодлоо” гэж мэдээлсэн. Зарим нь юу ч гаргаагүй. Хэвлэлийнхний амыг ч барьж чадаж байхыг бодоход тэр их нөлөөтэй хүн байх.  

-Намын тухай яриа руугаа эргээд оръё. Ер нь хоёр нам нэгдэх нь хэнд ашигтай юм бэ?

-Д.Энхбат, Э.Зоригт нар Иргэний зориг намд орох нь анхнаасаа тодорхой байсан. Харин яаж орох вэ гэдэг нь сонин байсан байхгүй юу. Дан ганц биеэрээ гүйгээд очих уу, бүхэл бүтэн намаар туг тахиад орох уу гэх мэт сонголт байсан. Тэгээд намаа нийлүүлэх тохироо хийсэн. Гэтэл бид үүнийг нь олж хараад таслан зогсоох арга хэмжээ авсан. Хурлаа хийлээ. Шийдвэрээ гаргалаа. Маргаантай асуудлыг нь шүүх шийдэх гэж байна. Гэтэл тэд шүүхийн шийдвэр гарахаас өмнө ийм үйлдэл хийж байгаа нь нэгдүгээрт улс төрийн соёлгүйгээ харуулж байна. Хоёрдугаарт биднээс айж байгаагаа харууллаа. Мөнгөтэй намд орох нь тэдэнд ашигтай гэсэн. Улс төрийн дүгнэлт бол ийм л байна. Бас “Томорно” гэж яриад байгаа. Хэнийг томруулах гээд байгаа нь ойлгомжтой. Бидний ойлгож байгаагаар байгаль орчин хамгаалах үзэл огт томрохгүй. Харин С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нарыг л томруулах сонирхол байна. Дээрээс нь МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, “Урбанек”-ийн Б.Лхагважав нар нэмэгдэж орох сураг байсан. Тэд бас томрох байх.

-УИХ-д олон суудалтай байх нь аль ч намд ашигтай. Хоёр нам нэгдсэнээр танай нам гурван суудалтай болж байгаа нь сайн хэрэг биш гэж үү?

-Бид нэгдсэн гэж үзэхгүй байгаа учраас тийм ойлголт байхгүй л дээ. Иргэний зориг-Ногоон нам гэсэн нам байгуулагдаагүй. Иргэний зориг нам зүгээр л ногоон өнгөтэй болж байгаа юм. Мөн энэ нам нэрээ сольж, өөр намаас зарим хүн орж байгаа л үзэгдэл. С.Оюун гишүүн геологич мэргэжилтэй. “Рио Тинто”-д ажиллаж байсан. Уул уурхайн лоббид автдаг хүн байгаль орчны төлөө тууштай ажиллана гэсэн найдвар байхгүй. Өнөөдөр нөхөн сэргээлт хийгээгүй компанийг 250-хан мянган төгрөгөөр торгодог. Үүнийг 3-5 жилээр хорих ял болгож, өөрчилж өгөөч гэж бид Д.Энхбатаас гуйсан, шаардсан. Тэр юу ч хийгээгүй. З.Алтай, С.Оюун нар ч дэмжиж байгаагүй. Цаашид ч хийхгүй нь тодорхой. Нам нэрээ өөрчилсөн ч хүмүүс нь сэтгэл зүтгэл, итгэл үнэмшилгүй бол тэгээд л худлаа. Харин Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нар байгаль орчны чиглэлээр хамаагүй илүү ажиллаж байгаа.    

-Д.Энхбат гишүүн УИХ-д Ногоон намыг төлөөлдөг хэрнээ байгаль орчны чиглэлээр юу ч хийгээгүй гэхээр санаанд багтахгүй байна?

-Байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодоос УИХ-ын гишүүдийг байгаль орчны төлөө хийсэн ажил, идэвх зүтгэлээр нь жагсаадаг юм. Д.Энхбат энэ жагсаалтын сүүлээсээ тавт ордог. Яагаад гэхээр байгаль орчинтой холбоотой хууль хэлэлцэх бүрт байдаггүй. Хуралдаа суудаггүй. Усны бодлогын хуульд бүр эсрэг байр суурь илэрхийлсэн байх жишээтэй. Иймэрхүү гаж үзэгдэл их гарсан л даа. Тэгэхээр энэ хүн УИХ-д Ногоон намын нэрээр орсон ч байгаль орчны чиглэлээр ажил хийхгүй нь нэгэнт тодорхой болсон. Нэгэнт юм хийдэггүй хүнийг бид зүгээр хараад суух хэцүү. Ер нь Д.Энхбат либерал үзлийг дэмждэг хүн шүү дээ. Ногоон нам бол социал-демкорат зүүний баримжаатай нам. Гэтэл дарга нь өөр үзэлтэй байж болохгүй биз дээ.

-Ер нь Д.Энхбат зөвхөн намаа нэгтгэх тухай яриад бус, хангалтгүй ажилласан учраас намаасаа хөөгдсөн гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Хоёр, гурван жил харлаа. Одоо боллоо шүү дээ. Д.Энхбат биш, дээр нэр дурьдсан хүмүүс л байгаль орчны төлөө ажиллаж чадна. Харамсалтай нь, тэр хүмүүс өөр намын туган дор явж байна л даа. Тиймээс бид ийм зөв хүмүүсийг олж, намдаа элсүүлэх шаардлагатай. Гэхдээ бид алдаан дээрээс нь суралцаж байна.

-Дээд шүүх Ногоон намын ээлжит бус их хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзвэл Д.Энхбат намгүй үлдэнэ гэсэн үг үү?
 
-Бид хуулийн хүрээнд л ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Харин тэд намын тамга, тэмдгийг ашиглаж, яаран ийм үйлдэл хийснээрээ буруудаж байгаа юм. Яагаад гэвэл бид бүх шийдвэрээ намын дүрмийн хүрээнд л гаргасан. Дүрмээ барьж уу, үгүй юү гэдгийг л шүүх тогтоох юм. Тэгэхээр шүүхийн шийдвэр гарсны дараа тэд эргэж маргалдах ямар ч эрхгүй болно. Д.Энхбат Ногоон намын гишүүн биш гэдэг нь ойлгомжтой болно. Харин Иргэний зориг-Ногоон нам гэдэг нэр хэвээрээ үлдэж магадгүй. Шүүх үүнийг хоёр нам нэгдсэн бус, нэг нам нэрээ сольжээ гэж үзэх боломжтой. Ногоон намд байсан зарим хүн Иргэний зориг намд орсон учраас нэрээ тэгж өөрчилсөн байж болно шүү дээ. Ингэж шийдвэл бидэнд л ашигтай. Монголд ногоон нэртэй хоёр нам байвал сайн хэрэг. Бид ажлаа хийдгээрээ хийгээд, Д.Энхбат тэр намынхаа гишүүн болоод л явна биз.

-Танай намын Дүрэм, ёс зүйн хорооны дарга М.Чинзориг алдаатай шийдвэр гаргаснаа хүлээсэн гээд байгаа. Тийм  учраас хоёр нам нэгдээд, дарга нь хөөгдөөгүй гэж ойлгоод байгаа юм биш үү?

-М.Чинзориг бичгээр тийм мэдээлэл өгөөгүй юм билээ. Түүнийг шоронд хийнэ гэж айлгаж байгаад тийм үг хэлүүлсэн гэсэн. Яг ямар учиртайг нь би сайн мэдэхгүй. Хулгайн гэмт хэрэгтэй холбоотой юм болов уу гэж ойлгосон. Тийм сэжим дээр нь дөрөөлж, дарамталж байгаад л тэгж хэлүүлсэн юм шиг байна лээ. Бас М.Чинзоригт мөнгө өгсөн гэх яриа ч байгаа. Гэхдээ би өөртэй нь уулзаагүй. Уулзах гэхээр олдохгүй байгаа юм.

-Одоо чухам Ногоон намын дарга хэн юм бэ?

-Ногоон намд одоо нэг дарга гэж байхгүй. Гадаад асуудал хариуцсан дарга, дотоод асуудал хариуцсан дарга, Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн гурван албан тушаалтанд гол эрх мэдэл төвлөрнө. Тамгыг ерөнхий нарийн бичгийн дарга барина. Гэхдээ хэн нэг нь илүү эрх мэдэлтэй байхгүй. Дотоод асуудал хариуцсан дарга нь Д.Басандорж, гадаад асуудал хариуцсан нь би. Бид хоёр намаас гарсан шийдвэрийг илэрхийлэх эрхтэй хүмүүс гэсэн үг. Жишээ нь, намаа төлөөлж хэвлэлийн хурал хийж болно. 

-Энэ шинэ зарчим уу, урьд нь байсан уу?

-Урьд нь байсан зарчим. Д.Энхбат дотоод асуудал хариуцсан даргаар ажиллаж байлаа шүү дээ. Түүнд тамга бариулчихсан учраас эрх мэдлээ хэтрүүлж ашиглаад байсан юм. Одоо бол жинхэнэ сонгодог утгаараа ажиллана.   
  
-Хоёр намын нэгдлийг эсэргүүцэх шалтгаанаа та тодорхой хэлсэн. Гэхдээ Иргэний зориг намын үйл ажиллагааг хөндлөнгөөс хэрхэн дүгнэдэг тань сонин байна?

-С.Оюун ахынхаа амийг бүрэлгэсэн этгээдийг олох зорилгоор л энэ намыг байгуулсан шүү дээ. Ард түмэн ч тийм зорилготой гэж ойлгож байсан. Одоо огт өөр зорилготой болсон юм шиг харагддаг. Энэ намыг үүсгэн байгуулалцсан Х.Хулан тухайн үеийн МАХН-ын гишүүн С.Баяр нар гэр бүл байсан. Үүнийг орон доторх улс төр гэж ярьдаг. Мөн эрүүл үзэгдэл яавч биш гэж тодорхойлдог. “Иргэний зориг нам яваандаа МАХН-ын нөлөөнд автах магадлалтай” гэсэн дүгнэлтийг улс төрийн хүрээнийхэн хийдэг байсан. Гэхдээ УИХ-ын 2000 оны сонгуульд бид Иргэний зориг намтай эвсч ороод С.Оюун сонгогдсон юм. Харин 2001 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Оюун эвслийн гэрээгээ зөрчсөн. Тэгээд эвсэл задарсан. Тэр үеэс л бид Иргэний зориг намаас зайгаа барьж эхэлсэн юм. Энэ удаа ч гэсэн С.Оюун Ногоон намыг заавал татан буулгаж байж нэгдэнэ гэсэн хатуу болзол тавьж, Д.Энхбаттай гэрээ хийлээ. Нэгдэх ч юу байхав, намынхаа нэрийг өөрчилье гэсэн. Ер нь аль нэг намыг татан буулгах, нэрийг нь өөрчлөх бол их хурлаараа л шийдэх учиртай. Хоёр дарга нь гэрээ хийж, гарын үсэг зураад шийддэг жишиг хаана ч байхгүй. Улс төрийн намуудын хууль, намын дотоод дүрэмд ч ийм үйлдэл хийхийг хориглосон заалтууд байдаг.

-Энэ талаар та Иргэний зориг намынхантай ярил­цаж байв уу?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Иргэний зориг намын гишүүдэд мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулъя гэсэн санал тавьсан. Гэтэл “Бидэнд хамаагүй ээ, дарга нар асуудлаа аль эрт шийдчихсэн” гэж хариулж байна лээ. Би маш их гайхсан. Манай намын гишүүд бол тийм биш. Бүх асуудлаа ардчиллын зарчмаар шийддэг.

-Ярилцсанд баярлалаа.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж