“Lamb of God” аялан тоглолтоо цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

“Lamb of God” аялан тоглолтоо цуцалжээ

Америкийн алдарт “Lamb of God” хамтлаг ирэх лхагва гаригт  эхлэх байсан аялан тоглолтоо цуцалсан байна. Тус хамтлагийн дуучин 41 настай Рэнди Блайт нь 2010 онд Чехийн нийслэл Праг хотод болсон тоглолтын үеэр нэгэн шүтэн бишрэгч нь амиа алдсан хэрэгт буруутгагдаж, хоригдоод буй билээ. Түүний өмгөөлөгчид 400 мянган ам.долларын барьцаа төлж, батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч Чехийн шүүхээс зөвшөөрөөгүй юм. Тэрбээр өдгөө Чехийн хорих ангид саатуулагдаад байгаа билээ. Тиймээс “Lamb of God” хамтлаг ирэх лхагва гаригт Сиэттл хотоос эхлүүлэх байсан аялан тоглолтоо цуцлахаас өөр аргагүйд хүрчээ. Хамтлагийн зүгээс энэ тухай албан ёсны вэбсайтдаа “Хамтлагийн гишүүн Блайт мөд суллагдах төлөвгүй байгаа учраас удахгүй эхлэх байсан аялан тоглолтоо цуцалж байна” хэмээн мэдэгджээ.

Хамтлагийн аялан тоглолт цуцлагдсантай холбоотойгоор тасалбараа буцаан, шүтэн бишрэгчдэдээ тасалбарын мөнгийг нь эргүүлэн олгож байгаа ажээ.

“Lamb of God” хамтлаг нь 1990 онд байгуулагдсан бөгөөд хүнд метал урсгалаар тоглодог юм. Тус хамтлаг нь  дуучин Рэнди Блайт, гитарчин Марк Мортон, Уиллиам Адлер, басс гитарчин Жон Кампбэлл болон бөмбөрчин Крис Адлер нарын бүрэлдэхүүнтэй ажээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж