Дэм эрсэн дэмжигч гишүүн

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Дэм эрсэн дэмжигч гишүүн

Монголын улс төрд “дэмжигч гишүүн” гэдэг цоо шинэ нэр томъёо бий болов. УИХ-ын гишүүн З.Алтай тийм алдрын анхны эзэн боллоо. Тэрбээр шинээр мэндэлсэн ИЗ-НН-ын  дэмжигч гишүүн болсноо хоёр намын хамтарсан  хурал дээр ба­хархалтайгаар мэдэгджээ.  Батлахыг нь өвөртлөөгүй  атлаа хөтөлбөрийг нь дэмжиж,  гишүүдийнх нь  адил үзэл бодол,  итгэл үнэмшилтэй байхаа “дэмжигч гишүүн” гэж өхөөрдөн  нэрлэж буй аж. “Энэ бол улс төрийн намуудын түүхэнд байгаагүй шинэ хэлбэр” гэж мань эр хэлж байна. Тийм ээ, яах аргагүй үнэн. Харин одоо тэр УИХ дахь бие даагч уу, эсвэл ИЗ-НН-ын “дэмжигч гишүүн” үү. Батлахгүй болохоор Д.Энхбат, С.Оюун хоёр шиг ИЗ-НН-ын  жинхэнэ гишүүн л лав биш. Өөрөө ч аль нь болохоо сайн мэдэхгүй “Хуулийн дагуу яахыг мэдэхгүй” гээд сууж байна. “Найзууд аа, надад Ардын нам, Ардчилсан намаас олон санал ирсэн. Би алиныг нь ч хүлээж аваагүй. Та нартай нөхөрлөе гэж ирлээ”  хэмээн  инээсээр орж ирсэн З.Алтай нэг л өдөр дургүйгээ хүрэхээр “За найзууд аа, нөхөрлөж ханалаа, одоо боллоо” гээд ИЗ-НН-ын хаалгыг савж чадах л нөхөр дөө. Ерөөс түүний төрөлх араншин тийм юм.  Энэ зангаа сайн мэддэг болохоор “Юу юугүй гишүүн гээд гүйгээд орох нь хаашаа юм бэ”  гэж хэлсэн байна билээ. Одооноос муугаа хаяалж байгаа ёоз нь тэр биз. “Надад унах машин, мөнгө хөрөнгө гээд байх юм алга. Та нартай л адилхан ядуу амьтан шүү дээ. Харин итгэл хүлээлгээд сонгочихвол  та нарынхаа эрх ашгийг зад хамгаалах болно”  хэмээн  сэтгүүлч мэргэжлээ ашиглан чамгүй пиар хийснээр тэр 2008 онд Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүн болсон юм. Намаар овоглосон архаг гишүүд түүнийг юман чинээ  тоосонгүй. Түүний хувьд УИХ-ын танхимд үг хэлсэн, хаданд хашгирсан хоёр бараг адилхан байлаа. Чухам энэ байдал л нам хэчнээн хэрэгтэйг түүнд битүүхэн сануулсан болов уу.

Б.БАТБИЛИГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж