Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэдэг ажээ. Цам нь биеийн хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг гаргаж, сэтгэлийн тэнхээгээр бурхад хийгээд сүсэгтнийг нэгэн үзүүрт сэтгэлд барьж, нууц тарнийн бясалгалын хүчээр элдэв гай тотгорыг зайлуулан бие, хэл, сэтгэл гурвын цогц урыг төгс гүйцээн бүрдүүлдэг бөгөөд гадар буюу иргэний, дотоод буюу шашны, нууц буюу тарнийн агуулгатай гэдэг. Монголд Жахар цамыг 1811 онд Их Хүрээнд анх тавьснаас хойш 1937 он хүртэл 127 удаа гарчээ. Тэр цагаас хойш тасарч байгаад 1999 онд Хүрээ цамыг хуучин дэг жаягаар нь дахин сэргээж Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдэд гаргажээ.
Дашчойлон хийдэд Хүрээ цамын ёс жаягийн зан үйлийг хэд хоногийн өмнөөс эхэлжээ. Өнөөдөр гадар цам гарах бөгөөд цамнах газрыг ариусган адисалж, тойрон цамнах үйлийг гүйцэтгэх ажээ. Жахар цам гэдэг нь нууц тарнийн бясалгал дияаны зан үйл агаад Зүүн Хүрээний лам хуврагууд арваад жилийн өмнөөс Хүрээ цамын хэлбэрт оруулан дэглэжээ. Цамын зан үйлийг гүйцэлдүүлснээр тухайн орон нутагт ган зуд, гай гамшгийн хөнөөл амирлаж, амар амгалан, өлзий хутаг бүрддэг гэдэг.
Хүрээ цам гарах энэ өдөр нь зуны адаг сарын шинийн 9. Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр бөгөөд эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн хэмээн цаг тооны бичигт дурджээ.