”Могул” дэлхийн зах зээлд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

”Могул” дэлхийн зах зээлд өрсөлдөнө

Ч.Лодойравсал: Могул брэнд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж нээгдлээ


МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн захирал, профессор Ч.Лодойравсалтай ярилцлаа.


-Мэдээлэл, технологийн салбараар хөгжсөн орон олон байдаг. АНУ,
Энэтхэгийг л харахад мэдээллийн технологи улс орны хөгжилд ихээхэн хувь
нэмэр оруулдаг юм шиг санагддаг. Ер нь мэдээллийн технологийн салбарын
улс орны хөгжилд оруулах хувь нэмэр, онцлог нь юу вэ?

-Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлсэн хэлбэр нь дээрх хоёр улсын
хувьд өөр өөр. АНУ-ын хувьд мэдээллийн технологитой холбоотой шинэ
технологийг хөгжүүлж түүндээ туулгарласан үндэстэн дамнасан
үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр хөгжсөн. Харин Энэтхэг улс энэ
салбарт ацаглан гүйцэтгэх (аутсорсинг) ажлыг барьж авснаараа ялгаатай.
Мэдээллийн технологийн ажлыг ацаглан гүйцэтгэх нь нэгэн төрлийн оюуны
“хар" ажил бөгөөд чадварлаг мэргэжилтэн ихээр шаардаж байж далайцтай
хөгждөг хэлбэр.


-Манай улсын хувьд дээрх хоёр хэлбэрийн алинаар нь хөгжих боломжтой бол?

-Бид “аутсорсинг”-ийг хөгжүүлэх гэж нэлээд ярьж, бас ч чамгүй зүйл хийж
байна. Гэхдээ хангалттай мэргэжилтэн бэлтгэгдэхгүй байна. Тиймээс
хамгийн зөв хэлбэр нь бид цөөн мэргэжилтэн, судлаачдынхаа хүчийг
төвлөрүүлэн өөрийн гэсэн шинэ технологи, “брэнд”-ийг гаргах ёстой.
Глобал зах зээлд өрсөлдөж чадах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аж үйлдвэртэй
болох шаардлагатай. Улмаар тэр бүтээгдэхүүнд шаардлагатай технологийг
бий болгож чадахуйц шинжлэх ухаан, боловсролын тогтолцоог хөгжүүлснээр
улс орны технологийн хөгжил, аюулгүй байдал хангагдах юм. Ингэж чадах
салбарын нэг бол өндөр технологийн салбар юм. Өндөр технологийн аж
үйлдвэрийг хөгжүүлэх замаар бид даяаршсан боловсрол, шинжлэх ухаан,
санхүү, борлуулалт, аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх бололцоо бүрдэнэ.
Монгол улс өндөр технологи гэдэгт биотехнологи, нанотехнологи,
мэдээллийн технологи зэргийг хамруулан үзэж байгаа.


-Төрөөс энэ чиглэлд яаж анхаарч байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсад өндөр технологийг хөгжүүлэх ажил чамгүй
амжилттай байгаа. Тухайлбал, “Өндөр технологийн аж үйлдвэрийг
хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого” хэмээх суурь баримт бичиг УИХ-аар
батласан. Мөн Инновацийн тухай хууль, Венч капиталын тухай хууль,
Шинжлэх ухааны паркийн тухай хууль болон “Өндөр технологийн инноваци,
хөрөнгө оруулалтын корпораци” төрийн өмчит ХХК байгуулах асуудал
боловсруулагдаад, батлагдах шатандаа яваа. Эндээс харахад төрөөс
мэдээлэл технологийн салбарт багагүй анхаарч байгаа.

-Нийгмийн тодорхой нэг хэсэг нь Монгол Улсын ирээдүйн хөгжил стратегийн
орд газрууд, уул уурхайгаас ихээхэн хамаарна гэж үзэж байна. Тэгвэл
манай улсын хөгжилд томоохон хувь нэмрийг оруулж чадах бас нэг салбар нь
мэдээллийн технологи байж болох нь ээ.

-Мэдээллийн технологийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой
хувийг бүрдүүлдэг. Гэхдээ өнөөгийн байдлаас харахад, дотоодын нийт
бүтээгдэхүүнд оруулах энэ салбарын хувь нэмрийн дийлэнхийг нь мэдээллийн
технологи, харилцаа холбооны үйлчилгээгээр олж байна. Харамсалтай нь
үйлчилгээ гэдэг баялаг бүтээж байгаа идэвхитэй хэлбэр биш л дээ. Програм
хангамжийн салбар нэлээд томорч байгаа ч глобал зах зээлд өрсөлдөхүйц
бүтээгдэхүүн гаргахгүй байна. Бид дэлхийд танигдсан мэдээллийн
технологийн брэнд бүтээгдэхүүн, технологитой болох хэрэгтэй байгаа учир
үүндээ л түлхүү анхаарах нь салбарын тогтвортой хөгжил, цаашлаад улс
орондоо түүхий эдээс үл хамаарсан эдийн засгийн тогвортой хөгжлийг бий
болгоход бодит түлхэц юм.


-Хэдхэн жилийн өмнө Монголд цөөн тооны хүмүүс л компьютер хэрэглэдэг
байлаа. Харин өнөөдөр компьютер хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж.
Бүр эх орондоо брэнд компьютер үйлдвэрлэж байна. Монгол инженерүүд эх
орондоо дэлхийн жишигт нийцсэн компьютер үйлдвэрлэж байгааг та хэрхэн
үнэлж байна вэ?

-“Цахим монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр мэдээллийн технологийн дэд бүтэц,
компьютер хэрэглэгчдийн тоо үлэмж сайжирсан. Дээр хэлсэнчлэн бид зөвхөн
хэрэглээ бий болгоод байх биш өөрсдийн брэнд бүтээгдэхүүн бий болгох нь
зорилт байх ёстой. Энэ ч утгаараа Монгол инженерүүд брэнд компьютер
үйлдвэрлэж байгаа нь сайшаалтай. Нэгэнт Монгол инженерүүд өөрийн гэсэн
брэнд компьютер үйлдвэрлэж хэрэглэгчдээ хангах боломжтойг харууллаа.
Үүнийг хэрэглэгчдийн зүгээс дэмжиж байж, үндэсний үйлдвэрлэгчээ дэлхийд
өрсөлдөх брэнд болгох боломж бий. Амжилт энгийн бага зүйлээс эхэлдэг.
Тухайлбал, бидний сайн мэдэх АНУ-ын “Делл”(DELL) брэндийн үүсэл ч
энгийн. Хэдэн оюутан оюутны байрандаа компьютер угсарч зардаг байж.
Түүгийгээ брэнд болгож, тэдний системийн шийдэл нь чанараараа
хэрэглэгчдийг дагуулснаар дэлхийд алдартай брэнд болсон түүхтэй.
Монголчуудын үйлдвэрлэсэн компьютер ч энэ жишгээр амжилт олохыг
үгүйсгэхгүй.


-Монгол инженерүүдийн үйлдвэрлэсэн Могул брэндийн компьютер
Майкрософт корпорацийн тестлэгч системээр амжилттай шалгагдаж, дэлхийн
тэргүүлэгч энэхүү брэндийг хүлээн зөвшөөрлөө. Ийнхүү хүлээн
зөвшөөрөгдсөний ач холбогдол нь юу вэ?

-Шинэ технологи, шинэ бүтээгдэхүүний бизнес нь дэлхийн зах зээлд үйл
ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл энэ төрлийн бизнес дэлхийн зах зээлийн
дүрмээр тоглох шаардлагатай. Иймд ямарваа нэг брэнд бүтээгдэхүүн нь олон
улсын стандартын дагуу гүйцэтгэгдэж, олон улсад баталгаажсан
лабораторийн шалгалтыг даван сертификат авч байж дэлхийн зах зээлд
хүлээн зөвшөөрөгддөг. Могул брэнд энэ замаар амжилттай явж байгаа нь
манай үйлдвэрлэгчдийн брэнд хэмээгдэх компьютерүүдээс ялгарч байгаа юм.
Тодруулбал, Могул брэнд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж нээгдлээ 
гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж