Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлнэ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баяр­сайхан, Л.Болд, С.Эр­­дэнэ нар өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан юм. Аль нэг төрлийн татварын орлогыг улс орны өмнө тулгамдсан хамгийн том асуудлыг шийдвэрлэхэд 100 хувь зарцуулахыг зорилтот татвар гэж нэрлэн Зорилтот татварын хуулиар шийдвэрлэдэг юм байна. Ийм хуулийг өндөр хөгжилтэй орнууд хэрэглэсээр иржээ.
Дээрх гишүүд нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нүүрсний экспортын татварын орлогоос санхүүжүүлж шийдэхээр Зорилтот татварын тухай хуулийг Монголд анх удаа санаачлан батлуулахаар өргөн бариад байгаа юм. Монгол улс нүүрсний экспортын татвартай болсон ч энэ салбар бусад нүүрс олборлогч, экспортлогч орнуудтай харьцуулахад хамгийн бага татвартай хэвээр байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар нүүрс­ний экспортын татварыг 100 хувь гэр хо­роол­лыг дэд бүтэцжүүлэхэд зарцуулах юм байна. Монголд нүүрсний экспорт жилд 20-30 хувь өсч, энэ татвараар жилд улсын төсөвт дунджаар 370 орчим сая ам.доллар орох төлөвтэй байгаа аж. Улаан­баа­тарын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд ойролцоогоор 1,8 их наяд төгрөг шаардлагатай байгаа ажээ. Ийм хэмжээний хөрөнгөтэй бол нийслэлийн гэр хороолол гурваас дөрвөн жилийн дотор дэд бүтэцтэй болох юм байна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 310 мянга өрхийн 60,2 хувь болох 184 мянган өрх ая тухтай хувийн орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй болж, санхүүгийн боломж нь нэмэгдэх тооцоо гаргажээ. Мөн хүйтний улиралд Монголын нийт хүн амын 45 орчим хувь болох нийслэлчүүд хорт утаагаар амьсгалж, эрүүл мэндээрээ хохирох явдал төгсгөл болох аж. Ийнхүү АН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх анхны хуулийн төсөл өргөн баригдаад байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж