Лаврентий Павлович Берия 1899 оныгуравдугаар сарын 29-нд Абхазийн тариачин айлд төржээ. Авьяастай хүүхэд байсан учир түүнийг тосгоныхон мөнгө гаргаад Сухумын сургуульд явуулсан байна. Дараа нь Бакугийн барилгын механикийн дунд сургуулийг онц дүнтэй төгсгөжээ. Бакугийн политехникийн дээд сургуулд ороод хоёр жил суралцаж дараа сургуулиа хаясан байлаа.
Большевикуудын намд элсээд Гүрж, Азербайжаны Онцгой комисст ажиллажээ. Сталинтай тэр ойртоод түүний засгийн эрхийн төлөөх тэмцлийн хамтран зүтгэгч нь болсон юм. Гүрж, Хойд Кавказад Улсын улс төрийн албанд өндөр тушаал эзлэн Зөвлөлтийн эсрэг нууц байгууллагуудыг дарах үүрэг гүйцэтгэжээ.
Берия 1934 онд Бүх Оросын коммунист большевикуудын намын улс төрийн товчооны бүрэлдэхүүнд орсон бөгөөд 1938 оноос Дотоод явдлын яамны ардын комиссар болсон байв. Берия эхлээд харгислалыг сулруулах замаар ажлаа эхлэн дараа нь түүнийг улам ширүүсгэсэн гэдэг. Хугацаанаас өмнө суллагдах системийг устгаад ДЯЯ-ны Онцгой зөвлөлийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн байлаа. Мөн үндэстнүүдийг уугуул нутгаас нь шилжүүлэн нүүлэх ажиллагааг эхлүүлжээ.
Агуу эх орны дайны жилүүдэд тэрээр Улсын Батлан хамгаалах хороонд гол үүрэг гүйцэтгэн Дээд ерөнхий командлалын гол удирдагч болсон ба зэр зэвсгийн үйлдвэрлэлийг хариуцснаас гадна СМЕРШ (фронтын сөрөг тагнуул) ба хязгаарлалтын тусгай отрядуудыг зохион байгуулсан юм. Үүнийхээ төлөө тэр маршал цол авсан байв.
Сталины үхлийн дараа Берия Зөвлөлтийн удирдагч нарын нэг болсон бөгөөд Сайд нарын зөвлөлийн орлогч, Дотоод хэргийн яамны сайд байлаа. Тэрээр харгислалд өртөгсдийг өршөөх ажлыг явуулж, оросжуулалтыг сулруулан намын дарангуйллыг хүчний байгууллагаар солих ажиллагааг хийж байжээ. Маленков, Хрущев хоёр тийм бодлогын эсрэг байсан учир түүнийг баривчлуулах ажиллагааг зохион байгуулсан байлаа. Берияд улс орноос урвасан, гадны тагнуул туршуул байсан, гэм буруугүй олон түмнийг харгислан хөнөөсөн гэх хэрэг тулгасан ба 1953 оны арванхоёрдугаар сарын 23-нд шүүх түүнд цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэжээ.
Энэ өдөр таалал төгсчээ
Жорж Пьер Сёра
Жорж Пьер Сёра, Францын уран зураач бөгөөд неоимпрессионизмыг үндэслэгч 1859 оны арванхоёрдугаар сарын 2-нд Парис хотноо төржээ. Парисийн дэгжин урлагийн сургуулийг дүүргээд өөрийн боловсролоо өнгөний онол үзэн нэмэгдүүлсэн байлаа. Зохицуулалтгүй гэрэл сүүдэр өнгийн хольцыг тэрээр « Аньера дахь угаалга» (1883-1884, Лондон, галерея Тэйт) гэсэн том хэмжээний байгалийн зурагтаа туршин гаргасан юм.
Сёрагийн дараагийн зураг Гранд-Жатт арлын ням гаригийн зугаалга, (1884-1886, Чикаго, Уран сайхны институт) 1886 онд импрессионистуудын сүүлчийн үзэсгэлэнд тавигдсан ба тэнд зураач зөвхөн цагаан будагтай хольсон бусад цэвэр өнгийг жижиг түрхэлтээр гарсан техникийг үзүүлжээ. Түүнийг пуантализм гэж нэрлэх нь их боловч зураач өөрөө тэр арга барилаа “дивизионизм” гэсэн томьёоллоор нэрсэн байлаа. Энэ техник нь маш их ажиллагаатай учир зураач амьдралдаа дөнгөж долоон том зураг зуржээ.
Зураглалаараа дэгжин өнгөөр нарийн Сёрагийн зургууд нь ерөнхийдөө мозаикийн тусгаарлагдмал бүтэцтэй, төөрөгдмөл шинжийг үзүүлдэг. Түүни арга барилыг “неоимпрессионизм” гэсэн нэрээр дүрслэх урлагийн энэ чиглэлийн гол шүүмжлэгч болсон Феликс Фенеон нэрлэжээ.
Сёра 1891 оны гуравдугаар сарын 29-нд Парис хотноо мөнх бусыг үзүүлжээ.