-УИХ-ын анхдугаар чуулган Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн дагуу болж өнгөрсөн. Түүн дээр ямар ч маргаан байхгүй. УИХ олонхио бүрдүүлсэн л бол хуралдаанаа үргэлжлүүлээд явах ёстой. Энэ утгаараа өчигдрийн үйл ажиллагаа хууль журмынхаа дагуу явсан. Цэцэд хандах талаар МАН-аас албан ёсны шийдвэр гарсан эсэхийг мэдэхгүй. Сая намуудын төлөөлөл З.Энхболд даргатай уулзаад санал солилцоод гарлаа.
УИХ-ын шийдвэр нэгэнт гарсан. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Үйл ажиллагаа нь цаашид тасралтгүй явах ёстой. Тийм учраас улс төрийн намууд ойлголцоод, хуулиа баримтлаад цаашаа явах ёстой. Цэцэд хандах үндэслэл байгаа эсэхийг мэдэхгүй байна. Бид маргаалдаад сөргөлдөөд явах юм бол төрийн ажил гацаад, хүлээгдэж байгаа бүх асуудал хойшилно гэсэн үг. Бид ажлаа л хийх ёстой.
-Ойлголцолд хүрэх боломж хэр байгаа вэ?
-Хэрэв бид ард түмнээ төлөөлж байгаа бол хүссэн хүсээгүй буулт хийх зүйл дээрээ буулт хийх ёстой. Урагшаа хандаад явах юман дээрээ урагшаа хандаад явах ёстой. Ийм зарчим, байр суурь дээрээ АН өнөөдрийг хүртэл байж байгаа. Тиймээс өнөөдөр бидэнд УИХ-ын даргатай болчихлоо гэдэг юм уу, олонхиороо бүх юмыг түрээд явна гэдэг юм уу, тийм бодол санаа ерөөсөө байхгүй. Болж өгвөл төрийн ажлыг гацаахгүй явах ёстой. Бидний өмнө хийх асар олон ажил байгаа. Түүнийг маш шуурхай гүйцэтгэх ёстой. Байдлыг ажиглаад байхад УИХ-д суухгүйгээр намын ажлыг хийгээд явдаг жишиг энэ төрд цаашид байх ёсгүй. УИХ-д суухгүйгээр хуучин Засгийн газар нь элдэв янзын шийдвэр тогтоол гаргаад, гэрээ хийгээд, янз янзын томилгоо хийгээд, янз янзын байгууллага байгуулах тухай яриад явах нь цаг хугацааны хувьд буруу гэж бодож байна. Тийм учраас энэ эмх замбараагүй байдлыг нэн даруй засах ёстой.
-УИХ дахь намын бүлгийг УИХ-ын дарга сонгосноос хойш 24 цагийн дотор байгуулна гэсэн хуулийн заалтыг МАН-ын гишүүд бас л зөрчиж байна гэж үзэж болох уу?
-Хуулиараа УИХ дахь нам, эвслүүд 24 цагийн дотор бүлэг байгуулах тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэх ёстой юм. Өнөөдөр УИХ-д АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хоёр бүлэг албан ёсоор байгуулагдсан. МАН бүлэг байгуулах саналаа өгөөгүй байна. Өнөөдрийн 12.30 цагаар энэ асуудал дууссан. Ингэснээр дахиад л хуулийн зөрчил үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Улс төрийн намуудын өөрсдийн шийдэл ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Сая З.Энхболд дарга дээр орж уулзах үеэр би МАН-ынханд “Танай нам шинэ удирдлагатай болсон бол хоёр намынхаа удирдлагыг уулзуулъя. Энэ асуудал дээр цаашид ойлголцож ажиллах ёстой” гэсэн. МАН-ын дарга өөрчлөгдсөн бол МАН-д өөр нэг шинэ уур амьсгал ороосой гэсэндээ тэгж хэлж байгаа юм. Асуудал цаашдаа зөв голдиролдоо орох байх гэж үзэж байна.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг АН ярьж эхэлсэн үү?
-Энэ тухай ярих болоогүй. Эхлээд УИХ-ынхаа бүтцийг байгуулж байж цаашаа явах ёстой юм.