Өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгч АН, МАН-ын дарга, УИХ-ын чуулганы хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл нартай уулзан зөвшилцөж, анхдугаар чуулганыг үргэлжлүүлэхээр болсон байгаа. Гэвч МАН-ын бүлгийнхэн ирээгүй тул насаар хоёр дахь ахмад
гишүүн болох МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн, хуульч
Л.Цогоор хуралдаан даргалуулах саналыг АН, "Шударга ёс" эвлэлийнхэн болон бусад гишүүд дэмжээд байна.
НЭМЭЛТ: 11.35 цаг
Л.Цогийг хуралдаан даргалагчаар сонгоё гэв
УИХ-ын чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлж дараалан байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг хэлэхдээ “Бүлэг байгуулагдаагүй байгаа нөхцөлд цөөнхийн бүлэг УИХ-ын даргад нэр дэвшиж байгаа хүнийг заавал бүлгийн хуралдаандаа оролцох хууль эрх зүй байхгүй. Тэгээд ч эвслээр бүрдсэн олонхийн гишүүн цөөнх дээр очиж үйл ажиллагаа, бодлого тохирдог жишиг тогтоож болохгүй. Д.Дэмбэрэл гишүүн ахмад настныхаа хувьд чуулганы танхимд орж ирэх ёстой. Горимын санал гаргаж байна, морь цаг эхэлж байна. Долдугаар сарын 20-нд Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлсэн. Зөвшилцөл дөрөв хоног үргэлжилж байна. Хугацаа бол хангалттай, Л.Цогийг хуралдаан даргалагчаараа сонгоод УИХ-ын даргаа томилоод явъя” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Н.Алтанхуяг дарга Д.Дэмбэрэл гишүүний насыг хүндэтгээд чуулганы танхимд урь гэлээ. УИХ-ын гишүүд байр сууриа ээлж дараалан илэрхийлсээр байна.
НЭМЭЛТ: 12.00 цаг
УИХ-ын гишүүн Л.Цог чуулганыг удирдаж байна
чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа
илэрхийлж байх хооронд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Д.Дэмбэрэл
гишүүнтэй уулзаад ирэв. Энэ тухай Н.Алтанхуяг дарга хэлэхдээ “Д.Дэмбэрэл
даргатай уулзлаа, маргааш бол бат анхдугаар чуулганд оролцоно” гэж
хэллээ гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Ахмад настай
Д.Дэмбэрэл гишүүнийг хүлээх шаардлагагүй, дахиад маргааш болно. Тиймээс
Л.Цог гишүүнээр хуралдаанаа удирдуулъя гэсэн горимын санал гаргав.
УИХ-ын
гишүүн Л.Цог “УИХ-ын гишүүдийг гараа өргөсөн нөхцөлд хуралдаан
даргалагчаар сууя. Сүүлд нь ямар нэгэн юм болж магадгүй” гэв. Ингэж
хэлсний дараа чуулганы танхимд сууж буй бүхий л гишүүд гараа өргөж,
хуралдаан даргалахыг хүссэн тул тэрбээр УИХ-ын даргын суудалд тухалж,
гишүүдийн ирц 62.3 хувьтай байгааг дуулгаад чуулганыг удирдлаа. УИХ-ын
даргаар УИХ-ын гишүүн З.Энхболдыг томилуулахтай холбоотойгоор Ардчилсан
намын дарга Н.Алтанхуяг нэр дэвшигчийн тухай танилцууллаа.