УИХ-ын анхдугаар чуулганыг даргалагч Д.Дэмбэрэл дөнгөж сая захирамж гаргаж, анхдугаар чуулганыг энэ сарын 25-ны 10.00 цагаас буюу маргааш өглөө хуралдуулж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр захирамжилсан.
Гэсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн олонхи нь яг одоо чуулганы танхимд суудлаа эзлээд байна.
Хэрэв УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хуралдвал УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Гэхдээ энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгээгүй байгаа тул лхагва гаригт дахин бүлэг хуралдуулж, УИХ-ын даргад нэр нь дэвшээд буй З.Энхболд гишүүнийг бүлгийн хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлэх хүсэлтийг хоёр дахь удаагаа илгээнэ хэмээн өчигдөр тус намын бүлгийн дарга Н.Энхболд илэрхийлсэн бол өнөөдөр МАН-ын гишүүд тус намын Бага хурал болж байгаа тул чуулганы хуралд оролцох боломжгүй гэсэн хариулт хэлж байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг хийгээд “Шударга ёс” эвсэл бүлгийн хувьд МАН-ын бүлгийг хүлээлгүйгээр УИХ-ын даргаа томилоод, ажилдаа орох хуулийн гарцыг хайх ёстой хэмээн үзэж, чуулганы анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахаар хүлээж байна. Харин чуулганы хуралдаан эхлэх эсэх нь одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.