
Хурлаар 2012 оны УИХ-ын сонгууль, НИТХ-ын
сонгуульд нам ялагдал хүлээсэн хариуцлагыг намын дарга болоод ерөнхий
нарийн бичгийн дарга нар хүлээж, огцорч буйгаа мэдэгдэж, шинээр намын
удирдлагыг сонгох асуудлыг хөндөх юм байна. МАН-ын Удирдах зөвлөлийн
төвшинд МАН-ын даргаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлсэн бол
Ерөнхий нарийн бичгийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарыг санал болгоод
байгаа юм. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өрсөлдөгчгүйгээр намын дарга болно
гэж байгаа бол ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчдээс хэн нь Бага
хурлын гишүүдээс хамгийн их санал авсан нь ерөнхий нарийн бичгийн
даргаар томилогдоно.
НЭМЭЛТ: 15.51 цаг
МАН-ын УЗ огцрох хүсэлт гаргасан гэв
МАН-ын Бага хурлын VI хуралдааны талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд дараах
тайлбар хийлээ. Тус хуралд МАН-ын дарга С.Батболд улстөрийн илтгэл
тавьсан бөгөөд илтгэлтэй холбоотойгоор Бага хурлын гишүүд асуулт асууж,
санал хэлсэн. Дараа нь санал шүүмжлэл өрнөх ёстой. Хараахан үүн рүү
ороогүй байгаа. Бага хурлаар хэлэлцэх хоёр дахь асуудал нь намын дарга,
ерөнхий нарийн бичгийн дарга нар хариуцлага хүлээж, шинэ удирдлагуудыг
томилох бүтцийн асуудал руу орох ёстой гэнэ. Харин МАН-ын
Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлын тухайд өчигдөр
Удирдах зөвлөл хуралдаад гишүүд нь ийм хүсэлт гаргасан аж. Гэхдээ эл
асуудлыг Бага хурлаар эцэслэн шийдвэрлэх юм байна.
НЭМЭЛТ: 18.00 цаг
МАН-ын Бага хурал түр завсарлав
МАН-ын Бага хурал түр завсарлаад байна. Бага хурлыг завсарлуулахын өмнө
МАН-ын дарга С.Батболдын тавьсан улстөрийн илтгэлтэй холбогдуулан гишүүд
санал, шүүмжлэл өрнүүлжээ. Бага хурлын гишүүдийн хувьд энэ удаад намын
даргыг огцруулж, шинэ дарга томилох асуудлыг ярих нь зохисгүй. Энэ
асуудлыг намын их хурлыг зарлан хуралдуулж шийдвэрлэх ёстой гэсэн байр
суурь зонхилсон тухай албан бус эх сурвалж хэллээ. Гэхдээ энэ удаагийн
Бага хурлаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох нь зүйтэй
байна гэсэн асуудлыг хэд, хэдэн гишүүн хөнджээ. Одоогоор удирдлагуудын
өөрчлөлттэй холбоотой эцэслэсэн хариу гараагүй байна. Ямартай ч, түр
завсарлаад байгаа Бага хурал 20 минутын дараа эргэж орох гэнэ. Хэрэв
Бага хурлын гишүүд намын даргыг шинээр томилох асуудлыг энэ удаад
азнаад Их хурлаараа шийдье гэвэл зөвхөн ерөнхий нарийн бичгийн даргад
хариуцлага тооцон, шинээр томилох асуудал нэг тийш болж мэдэх талтай
байна.
НЭМЭЛТ: 18.50 цаг
Бага хурал үргэлжилж байна
МАН-ын Бага хурлын завсарлага дуусч, гишүүд Тусгаар тогтнолын ордонд
болж буй хуралдаа орлоо. Завсарлагааны өмнө МАН-ын дарга С.Батболдын
тавьсан улстөрийн илтгэлтэй холбогдуулан гишүүд
санал, шүүмжлэл өрнүүлж байсан нь одоо үргэлжилж байна. Эх сурвалжаас
авсан мэдээллээр намын даргынхаа илтгэлтэй холбогдуулж одоогоор арав
гаруй гишүүн санал хэлэхээр нэрээ бичүүлээд байгаа аж. Үүний дараа Бага
хурал намын удирдлагыг өөрчлөх эсэх тухай дараагийн асуудлыг хэлэлцэх
юм.