Олон жилийн найрамдалт харилцаатай манай хоёр улс “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т 2006 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурж байсан түүхтэй юм байна. Түүнээс хойш санамж бичгийн хүрээнд харилцан туршлага солилцох, танилцах арга хэмжээг ийнхүү ес дэх удаагаа зохион байгуулж байгаа ажээ. Тус улсын төлөөлөгчид уулзалтын үеэр Монгол Улсын Нийгмийн даатгалын тогтолцооны шинэ хэлбэрийг ихэд сонирхож байсан юм. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Дашдондогоос тодрууллаа.
-Уулзалтын хүрээнд ямар асуудлыг онцолж байгаа вэ?
-Манай улсын хувьд нийгмийн даатгалын үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлэх, дэвтэр, гэрчилгээ, цаасан баримтаас татгалзахад чиглэн ажиллаж байна. Вьетнам улс бас энэ тал дээр ижил байр суурь баримталдаг бөгөөд бид хамтран санал солилцож байна. Мөн манай улсын нийгмийн даатгалын тогтолцоонд нэвтрүүлэхээр зэхэж буй олон давхаргат нийгмийн тэтгэврийн тухай Вьетнам улсын төлөөлөгчид их сонирхож байгаа. Тодруулбал, суурь , шимтгэл, нэмэлт тэтгэвэр гээд олон давхаргаар нэвтрүүлэх гэж буй тэтгэврийн аль талаа барьж бодлогоо чиглүүлэх юм гээд, энэ тал дээр хоорондоо санал солилцох нэлээд шаардлага байгаа юм. Мөн нүүдэлчин монголчуудын хувьд нийгмийн даатгалын хамрах хүрээг хэрхэн зохицуулах юм, шимтгэлийн хувь хэмжээ, чөлөөт үлдэгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ямар ажил хийж байгааг ихээр сонирхож байна.
-2006 оноос хойш хамтран ажиллах хүрээнд ямар ажил хийсэн бэ?
-Харилцан төлөөлөгч солилцох хүрээнд энэ салбар дахь бодлогоо сайжруулах тал дээр хамтарч ажиллаж байна. Одоохондоо хэрэгжүүлээд эхэлсэн төсөл, хөтөлбөр байхгүй. Энэ айлчлалын дараа манай төлөөлөгчдөөс Вьетнам улсад мөн зочилно.
-Тэтгэврийн тогтолцоонд нэвтрүүлэх гэж буй гурван төрлийн талаар дэлгэрүүлээч?
-Энэ гурван төрөл нь дэлхий нийтэд байдаг л тогтолцоо. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон холбогдох шинжээч нар Монгол Улсад нийгмийн даатгалын тогтолцоог боловронгуй болгох хүрээнд олон талт тогтолцоонд шилжих бодлогын зөвлөмжийг гаргасан юм. Энэ талаарх эрх зүйн орчинг бий болгохоор УИХ-аар хууль нь хэлэлцэж байна. Нэгдүгээрт суурь тэтгэвэр. Энэ нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэдэд олгох юм. Өөрөөр хэлбэл, авч байгаа тэтгэвэр дээрээ нэмээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ч юм уу тодорхой хэмжээний мөнгө авах юм. Хоёр дахь давхарга бол бидний цалингаасаа шимтгэл төлөөд явж байгаа тогтолцоо. Гурав дахь нь нэмэлт тэтгэвэр буюу хуримтлалын шинжтэй тэтгэвэр. Энэ нь хувийн байгууллагад буюу хувиараа даатгуулах юм.
-Суурь тэтгэвэрт урьд нь тэтгэвэр авдаггүй байсан хүн хамрагдах боломжтой юу?
-Энэ нь нийгмийн даатгалд хамрагдсан, доод тал нь 10-аас доошгүй жил ажилласан хүнд хамааралтай. Энэ талаар одоо УИХ-аар хэлэлцэж байна. Үүний дараа магадгүй, бүх нийтийн шинжтэй суурь тэтгэвэрт шилжих байдлаар шийдэж болохыг үгүйсгэхгүй. Ийм туршлага бусад оронд ч байдаг.
-Суурь тэтгэврийг хэдэн төгрөгөөр тооцоолж байна вэ?
-Үүнийг ерөнхийдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтооно. Эсвэл группын мөнгө гэж олгодог хэмжээгээр ч юм уу. Суурь тэтгэврийн хэмжээг Засгийн газраас жил бүр тогтоож, санхүүжүүлж байна. Тиймээс тухайн жилдээ улсын төсөв дахь хөрөнгийн бүрдүүлэлтээс хамаарч олгож байна гэсэн үг юм.
-Нэмэлт тэтгэвэр нь хувийн байгууллагад сайн дураараа хамрагдана гэсэн үг үү?
-Тийм ээ, иргэд сайн дураараа хувийн компаниудад хандаад, гэрээгээ байгуулж, нэмэлт тэтгэврийн хуримтлалыг бий болгох юм. Тэгэхээр даатгалын шинэ компаниуд бий болох хэрэгтэй болно. Энэ талаарх хууль эрх зүйн орчин бий болвол, иргэдэд баталгаатай үйлчилж чадах юм. Энэ даатгалын тогтолцоо нь иргэдийн орлого, ирээдүйг баталгаажуулах сайн талтай.