С.Баяр: Би их юм яриад байх албагүй

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

С.Баяр: Би их юм яриад байх албагүй

С.БАЯР: ХЭН НЭГ ЭТГЭЭД ИХ ЮМ ЯРИЛАА ГЭЭД БИ ХАРИУД НЬ БАС ИХ ЮМ ЯРИАД БАЙХ АЛБАГҮЙ

УИХ-ын гишүүн С.Баяртай “Өнөөдөр” сонины сурвалжлагч утсаар холбогдож, цөөн асуултад хариулт авсныг толилуулъя.

-Баяр гишүүн ээ, сайн байна уу. Би “Өнөөдөр” сониноос ярьж байна.

-Сайн, сайн байна уу?

-Тантай уулзаж ярилцлага авах гэсэн юм, болох уу?

-Болно л доо, уг нь. Гэхдээ яг одоо бол би зав, бэлтгэл хоёроор тааруухан байна. Ямар сэдвээр ярилцах гэж бодож байгаа юм бэ дээ, тэгээд?

-Ямар ч сэдэв байж болно биз дээ? Улс төрийн сэдэв, удахгүй эхлэх УИХ-ын чуулган, Сонгуулийн хууль гээд олон сэдэв байна л даа.

-Би гаднаас ирээд удаагүй тул тийм олон сэдвээр ярилцахад хэрэгтэй шинэ мэдээлэл сэлтээ бүрэн олж авч амжаагүй л явна. Тиймээс дараа тухтай уулзвал яасан юм бэ?

-Тэгвэл Танаас ганцхан асуулт асууя. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Тантай холбоотой, долдугаар сарын нэгэнтэй холбоотой сэдвээр нэлээд зүйл  мэдэгдсэн байгаа. Энэ талаар таны байр суурийг мэдэх гэсэн юм …

-Миний байр суурь уу? Миний байр суурь наад асуудлаар чинь аль эртнээс нэн тодорхой байгаа шүү дээ. Би энэ тухай урьд нь хэлж байсан. Одоо ч давтан хэлъе. Н.Энхбаяр бугайд намайг яллах, буруутгах хүсэл сонирхол ба баримт сэлт нь байгаа бол олон таван үггүй шууд л хууль хяналтын байгууллагад хандах ёстой юм. Тэрнээс телевиз, сониноор хууч хөөрөөд ч байгаа юм уу, хуурч давслаад ч байгаа юм уу гэмээр этгээд марзан юм яриад явах нь дэндүү утгагүй. Тэр марзан яриаг нь би өлгөж аваад л, хариу бариад унавал бүр ч утгагүй юм болно. Дахин хэлэхэд, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар шинэ зүйл мэдэгдэх гэж байгаа бол түүнийгээ дэл сул ярианы хэлбэрээр цацаж олныг үймүүлэх биш, албан ёсны мэдүүлэг хэлбэрээр бэлдэж  хууль хяналтын байгууллагад хандан, бодит үнэнийг тогтооход туслах үүрэгтэй. Өөр хэлэх юм надад алга байна даа.

-Тэгээд л тэр үү? Н.Энхбаяр гуай маш их юм ярьсан шүү дээ… Тэрний хариуд ганц хоёрхон өгүүлбэр унагах нь арай л хангалтгүй биш үү?

-Хэн нэгэн этгээд их юм ярилаа гээд би хариуд нь бас их юм яриад байх албагүй. Н.Энхбаяр сүүлийн үед их яриа болсон нь үнэн…(инээв) Өнгөрсөн жилийн өдийд тэр юу гээд байлаа, санаж байна уу? Бас л бөөн юм яриад, сүржин сүржин мэдэгдэл хийгээд л байсан. Тэгээд тэр хийсэн том том мэдэгдэл нь өнөөдөр юу болсон бэ? Хэсэгхэн шуугиулж байгаад замхраад л дууссан, тийм биз?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хийсэн мэдэгдлийг нь Та ярьж байна уу?

-Тийм ээ. Бөөн л юм яриад, хатуу юм мэдэгдээд л байх шиг байсан. Өнгөрсөн сонгуулиар намайг манай намын удирдлагууд зориуд санаатай унагасан. Энэ ажлыг намын дарга С.Баяр өөрөө гардан зохион байгуулсан. Эс тэгсэн бол би яг гарчих байлаа гээд л цамнаад байсан. Ингэж байгаа хүнийг яалтай билээ. Хариу мэдэгдэл хийгээд л, гүтгэлээ барилаа гээд түүнтэй хэрүүл доруул болоод байлтай биш. Намын доторх асуудал учраас ямар шүүх, цагдаад хандалтай биш. Дүрмийнхээ дагуу би намын хяналтын байгууллагад хандсан. Тэр нөхөр ийм юм яриад явна. Үүнийг нь шалгаж нягталж өгнө үү гэж. Хяналтын Ерөнхий хороо Н.Энхбаярт хандаж “Та хийсэн мэдэгдлээ нотлох баримтаа бидэнд өгнө үү, бид сайтар шалгаж нягталъя” гэсэн байдаг. Н.Энхбаяр нь өнөө, маргааш баримтаа гаргаж өгнө гэсээр байгаад сүүлдээ сураг тасарсан гэдэг. Үүнээс хойш жил өнгөрлөө. Одоо нөгөө сэдвээ ор тас орхиод өөр сэдвээр дараагийн сүржин мэдэгдлээ хийв бололтой. Тэглээ гээд яалтай билээ дээ…

-Энэ мэдэгдэл нь бас адилхан замхарна гэж та бодож байна уу?

-Мэдэхгүй юм даа… Юутай ч шалгах л хэрэгтэй. Ноднин өдийд намын хурал дөхсөн байсан тул түүнд нь нөлөөлөх гэж Н.Энхбаяр  “Бүх юманд намын удирдлагууд л буруутай” гэсэн  гүтгэлгээ хийсэн болов уу. Одоо намын хурал нэгэнт өнгөрсөн тул дараагийн сонгуулийг бодож “Долдугаар сарын нэгэн” гэсэн сэдвийг шүүрч “Бүх юманд Засгийн газар, Ерөнхий сайд л буруутай” гээд зарлаад байх шиг. Гэхдээ ноднингийнхоос нэг том ялгаа, онцлог энд байна. Түүний ярьсан асуудал нь одоо намын байгууллагаар биш, төрийн байгууллагаар шалгагдах учиртай асуудал болоод байна. Намын байгууллагаас тэгсхийж бултаад, сураг тасарч болдог бол төрийн байгууллагаас бултах, сураг тасрах амаргүй л болов уу гэж бодож байна.

-Прокуророос энэ бүхнийг шалгаж нягтална, холбогдох хүмүүсээс мэдүүлэг, тайлбар авна  гэсэн байна лээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Прокуророос намайг дуудвал би зөвлөхөө явуулна” гэж ярьсан байсан. Прокурорын газраас Ерөнхий сайд байсан Танаас, бас Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил нараас ч бас тайлбар авах бололтой… Та энэ тухай  дуулсан уу? Та өөрийн биеэр очиж тайлбараа өгөх үү, эсвэл бас зөвлөхөө явуулах уу гэж асуумаар байна?

-Төрийн байгууллага шаардлагатай гэж үзвэл хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хэнээс ч, юу ч асууж болно шүү дээ. Түүнд нь хариу өгөх, тайлбар гаргах зэрэг нь хэний ч үүрэг. Гэтэл юун зөвлөхөө явуулна гэж байгаа юм бол доо? Тэр сүржин даржин мэдэгдлийг зөвлөх нь биш, өөрөө хийсэн юм байгаа биз дээ? Өөрөө ярьсан, өөрөө мэдэгдсэн юм бол өөрөө л хариулах, хариуцах учиртай баймаарсан.

-Н.Энхбаяр гуай Таныг яагаад ингээд элдэв юманд хутгах гээд байдаг юм бол оо гэсэн гайхашрал олны дунд байх шиг…

-Нөгөө ганцхан асуулт байна гээд байсан чинь яалаа… Одоо ингээд эцэслэе.  Дараа тавтай уулзъя. Тэгээд ч нэг сонин юм байгаад байна. Н.Энхбаяр гэж нэг нөхөр  үе үе марзан юм мэдэгддэг. Тэр мэдэгдэл болгоных нь хариуг түүнээс биш, С.Баяр гэх өөр нэг нөхрөөс асуугаад байдаг нь сонин.  Уг нь бол утгагүй л байгаа юм…  За, баяртай.

-Баярлалаа, баяртай. Дараа уулзаж ярилцъя гэж та амласан шүү.

-За тэгье. За гэвэл ёогүй байна аа. Баяртай.      
    
 
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж