МАН-ын даргаар Ө.Энхтүвшинг томилно

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

МАН-ын даргаар Ө.Энхтүвшинг томилно

МАН-ын Бага хурал маргааш Тусгаар тогтнолын ордонд 09.00 цагт эхлэхээр болжээ. Уг хурлаар хариуцлагын асуудал хөндөгдөх бөгөөд түнийгээ дагаад МАН-ын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нарыг шинээр томилох аж. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол МАН Бага хурлаараа шууд намын дарга болоод ерөнхий нарийн бичгийн даргаа томилохоор болжээ. Ингэхдээ намын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өрсөлдөгчгүйгээр нэр дэвшин шууд намын даргаар томилогдоно гэж үзэж байна. Харин ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудал нэлээд ширүүхэн тулаан өрнүүлэх бололтой. Одоогийн байдлаар намын Удирдах зөвлөлийн төвшинд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хоёрыг хоёуланг нь нэр дэвшүүлнэ гэжээ.  Хоёр эрхмийн хэн нь Бага хурлын гишүүдээс олонхийн санал авна, түүнийг ерөнхий нарийн бичгийн даргаар томилно гэх байр суурь баримталж буй аж. Гэвч УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар заалнаас нэр дэвших магадлал өндөр байгаа гэнэ. Намын удирдлагадаа шаардах бичиг хүргүүлж, сонгуульд ялагдсаныхаа хариуцлагыг намын удирдах төвшний аппаратууд хүлээх ёстой хэмээн мэдэгдээд авсан түүнийг нам дотор нь дэмжих фракц ч гайгүй аж. Мөн тэрбээр МАН дахь улстөрчид дотроо эрчтэй хүчтэй шаргуу улстөрчид ордог байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол шаргуу, хүчтэй, хэнд ч хэлье гэсэн үгээ хэлчихдэг бас олон хүний арга эвийг олчихдог хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх тэр чанараараа бол Ж.Сүхбаатар нь өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх рүү нэлээд ойртоно гэж намын зарим нөхөд нь үзжээ. Тиймээс Ж.Сүхбаатар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга болоход ч болохгүй гэх газаргүй аж.  

Ямартай ч энэ удаагийн УИХ, нийслэлийн сонгуульд МАН ялагдал хүлээж цөөнх болсон шалтгаанаа намын удирдлагууд хэд, хэдэн шалтгаантай холбоотой хэмээн үзжээ. Тухайлбал, намын нэрийг сольсон явдал нь ялагдах нэг том шалтгаан болсон гэж тайлбарласан байна. Гэхдээ намын нэр солих асуудлыг тавьж, ажил хэрэг болгосон УИХ-ын гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхдээ нэг их хир халдаахыг хүсээгүй аж. Учрыг тайлбарлавал МАН нэрээ солих асуудлыг зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ярьж, шийдсэн асуудал биш.  Сүүлийн 10 гаруй жилийн турш хөндөж ирсэн. Харин энэ асуудлыг С.Батболд дарга, У.Хүрэлсүх нарын үед нэг тийш болгож, чадсан. Хэдийгээр нэр сольсноос үүдэлтэйгээр нам сонгуульд ялагдал хүлээсэн ч гэлээ намын нэр шинэчлэх хүрээнд агуулга талаасаа нам дотор нэлээд шинэчлэл орсон гэжээ. Гэхдээ У.Хүрэлсүх гишүүн “Нэгэнтээ сонгуульд ялагдал хүлээсэн улстөрийн хүчний намын дарга болоод ерөнхий нарийн бичгийн дарга хамгийн тэргүүнд хариуцлагаа ухамсарлаж хүлээх ёстой байдаг. Тэр утгаараа хариуцлагаа хүлээх ёстой, гол нь бид дараагийн дарга нараа маш зөв хүнээр томилох ёстой” хэмээжээ. Мөн МАН-ын дарга асан С.Батболдын хувьд ч хариуцлага хүлээх ёстой гэдгээ хэлээд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын даргаар томилох нь хамгийн зохистой. Тиймээс заавал намын Их хурлыг хуралдуулж, намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй. Бага хурлаар шийдэх бүрэн боломжтой хэмээжээ. Тиймээс маргааш болох Бага хурлаар МАН-ын даргаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин шууд томилогдож, харин ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх вэ гэдгийг санал хураалтаар эцэслэх нь тодорхой боллоо.
 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж