
ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх хоёр дахь чухал асуудал нь УИХ-ыг хэрхэн гацаанаас гаргах тухай байх аж. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан өнгөрсөн баасан гаригт товлогдож, УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг “бойкотоо” эхлүүлсэн нь эрхгүй хуралдааныг хойшлуулж ирэх долоо хоног хүртэл сунжрахаас аргагүйд хүрээд буй юм. Эх сурвалжуудын дамжуулж байгаагаар бол УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Өвөрхангайн хоёр нэр дэвшигчээ баталгаатай болгохын тулд УИХ-ын даргын албан тушаалаар барьцаа хийж, зөвшилцөл шаардсан гэх. Хэрвээ тус нам С.Чинзориг, Ш.Төмөрхүү нарын тангаргыг өргүүлж чадвал УИХ-д 27 уулаа болох бололцоотой. Намар болох дахин сонгуулийн үеэр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ялж чадвал бүр 29 гишүүн парламентад суух бололцоо бүрдэнэ. Энэ нь УИХ дахь Ардчилсан нам 31, УИХ дахь МАН-ын бүлэг 29 суудалтайгаар парламентад үйл ажиллагаа явуулах бололцоо бүрдэнэ гэж МАН-ынхан үзэж байгаа билээ. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлэг Өвөрхангайн тойргийн хоёр суудлаа хамгаалах байр суурийг хатуу барьж буй юм. Шүүхийн төдийгүй бусад холбогдох байгууллагуудын гаргасан шийдвэрээр бол МАН-аас нэр дэвшигчид нь хууль зөрчсөн нь нэгэнтээ нотлогдсон тул хоёр суудлыг УИХ-ын даргын томилгоонд барьцаалагдаад өгчих нь Ардчилсан намд дэндүү хохиролтой, тиймээс энэ удаагийн хуралдаанаас гаргах бас нэгэн онцгой гарц нь парламент дахь хоёр суудлаа хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал болж хувирчээ.