“Хан Хөхий” хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их ёслол 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт болов. Уг тахилгын арга хэмжээнд Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Увс аймгийн ИТХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сорог, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Очир болон орон нутгийн хишигтэн олон өргөнөөр оролцлоо.
2012 оны 7 дугаар сарын 18-ны өглөө “Хан Хөхий” хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед лам хуваргууд жавдандаа сууж “Ширнэн”, “Итгэл”, “Алтай 13 сан”, “Бумба” сан болон Гойдодгүнжинноровсампил овооны тахилгын судар зэрэг ном хурав.
Төрийн хүндэт харуул байраа эзлэн зогссон байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд тахилгын сангийн тэргүүн, тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч "Ганжуур", “Данжуур” их хөлгөн судраас адис авч овооны өмнө мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл үзүүлэн тусгайлан зассан ширээнд суухад хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Чингисийн цагаан туг, Увс аймгийн туг, эзэн богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны өмнө хэсэгт хүндэтгэн залж байрлуулав. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хан Хөхий” хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав тэнгэрт илгээх сум, торго зэргийг тусгайлан зассан ширээнд хүндэтгэлтэйгээр байрлууллаа.
Энэ үед Увс аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Очир тахилгын ёслолыг үг хэлж нээв. Дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд “Хан Хөхий” уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгоход хурсан олон сөхрөн сууж тэнгэрт мөргөн Ерөнхийлөгчийн айлтгалыг таалан гүйцэлдүүлэхийг бэлгэшээж, “Төрийн минь сүлд ивээг” хэмээн залбирч байлаа. Уг айлтгалын торгон дээр бичсэн эхийг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд аймгийн музейд дурсгал болгон хадгалуулахаар Засаг даргын орлогч Б.Бат-Очирт гардуулав. Айлтгалын цаасан дээр буулгасан хувийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан,торго, арц хүжний дээжийг Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав нар тахилгын гал мандал бурханд өргөж, тэнгэрт илгээх ёслол үйлдлээ. Хишигтэн олон хурайлан дэмжиж байв.
Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц тахилгын ёслолд унших номын утга агуулгын талаар товч тайлбар хийж, хишигтэн олныг сайн үйлд сургамжлав. Лам нар “Хан Хөхий” хайрхан уулын эзний дуудлага сан уншлаа. Тэднийг овооны сацлын өчил уншин цацал өргөж, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж,Увс аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Очир нар зул бадраан сүү өргөж, идээ шүүсийг хөндөн дээжийг овоонд өргөн овоонд хадаг уялаа.
Д.Чойжамц тэргүүтэй лам нар буян хишгийн даллага авахад Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа хүмүүс, ёслолд оролцогч бүхэн байр байрнаасаа энэхүү ёслолыг хийж, идээний дээж, сүү, айраг цагаагаар тэнгэр дайлах ёсыг гүйцэтгэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт өргөх сумыг мэргэн харваачид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Энэ ёсыг хийж дуусангуут хишигтэн олон өөрсдийн байранд гурвантаа сөгдөн сууж, есөн удаа мөргөлөө.
Түүний дараа хуврагууд "Морины сэтэр" ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Өндөрхангай сумын Батсайхан багийн малчин С.Эрхэмбаярын бор морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж дэлэнд нь хадаг уяв.
“Хан Хөхий” хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан олон зуун хишигтэн оролцсон бөгөөд нар хур тэгширсэн сайхан өдөр тохиолоо хэмээн сүсэгтэн олон ихэд бэлэгшээж байлаа.
Монгол Улсын төрийн далбаа, бүх цэргийн хар сүлдний Өрнийн элч сүлд, Чингис хааны цагаан туг, Увс аймгийн туг, эзэн богд Чингис хааны хөрөг, төрийн долоон эрдэнийг буцаан залсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны өмнө малгайгаа авч гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлээд моринд мордон овоог нар зөв эргэн хүндэтгэснээр тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөв.
Тэнгэрийг тайхын урьд орой “Хан Хөхий” хайрхан уулын урд хормой Толийн булаг гэдэг газар Долоон бурхан одны тахилга хийж, төр, шашин, сүсэгтэн олны төлөөлөл оролцож, залбирал үйлдсэн юм.