МАХН-ын бүртгэл гацаанд орлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүртгэл гацаанд орлоо

Онц их хурлаа хийж, удирдлагаа сонгон, Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэхээр хандсан МАХН-ыг бүртгэх эсэх тухай асуудал гацаанд орлоо. Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд МАХН-ынхан намаа бүртгүүлэх өргөдлөө Дээд шүүхэд хүлээлгэн өгсөн юм. Дээд шүүх ажлын 30 хоногт түүнд хариу өгөх ёстой, тэр хугацаа энэ сарын 30-нд дуусна. Гэвч намын нэрийн асуудлаар Дээд шүүхийнхэн Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болсон нь МАХН-ын бүртгэлийн асуудлыг хэсэг зуур саатуулахаас аргагүйд хүргэжээ.

Намын бүртгэл юу болж байгааг тодруулахаар өчигдөр МАХН-ын түр штабын гишүүн Г.Давааням, З.Баянсэлэнгэ нарын хэсэг хүн очсоныг хуулийн дагуу нам төлөөлөх хүмүүс биш гэж үзсэн ч цаг заваа гаргаж зорьж ирснийг нь хүндэтгэн, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн  Ц.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Ном ёсоороо бол МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар л намаа төлөөлөх эрхтэй юм байна.

Ц.Амарсайхан шүүгч нам бүртгэх асуудал яагаад гацаанд орсныг очсон хүмүүст тайлбарлаж өгсөн юм. Асуудлыг гацаанд оруулсан “буруутан” нь Улс төрийн намуудын тухай хуулийн 6.3, 15.6 гэсэн хоёр заалт. Нэрээ сольсон МАН-ын зүгээс уг хуулийн 15.6 буюу “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч хөрөнгө, гишүүнчлэл, тамга тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг бариад, МАХН-ын нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнийг шүүхэд өгчээ. Сүхбаатар дүүргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.10.2-т заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана” гэсний дагуу Улс төрийн намуудын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Улсын дээд шүүхэд ханджээ. Улс төрийн намуудын тухай хуулийн 6.3-т “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэж заасан байсныг Үндсэн хуулийн Цэцийн  2005 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 1/01 тогтоолоор хүчингүй болгожээ. Хэдийгээр үүнийг хүчингүй болгосон ч намын нэр бусад зүйлийг үүрд мөнх хэрэглэж болохгүй мэт15.6 гэсэн заалт үйлчилж буй нь ийнхүү ацан шалаа болж, Сүхбаатар дүргийн шүүх Дээд шүүхэд, Дээд шүүх Үндсэн хуулийн Цэцэд хандах шалтгаан болсон байна.

МАХН-ыг төлөөлж очсон гишүүд МАН яагаад лам Д.Баасан агсны намын нэрийг тийм төвөггүй авчихсан талаар тодруулсан юм. Ц.Амарсайхан шүүгчийн тайлбарласнаар Д.Баасан агсны МАН-ыг улс төрийн намын шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй гэсэн шалтгаанаар хэдэн жилийн өмнө шүүхээс татан буулгасан юм байна. Шүүхээс татан буулгасан тохиолдолд нэрийг нь хэрэглэхгүй гэсэн хаалт байдаггүй гэнэ. Улсын дээд шүүх энэ сарын 30-ны дотор Үндсэн хуулийн Цэцэд хуулийн заалтыг хянуулах хүсэлтээ хүргүүлэх бөгөөд дор хаяж 15 хоногт багтааж Цэц дүгнэлтээ гаргах аж. Ядахад Цэц даргагүй байгаа, хэд хэдэн гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэдний дараагийн гишүүдийг УИХ-ын хаврын чуулганаар шийднэ. Хаврын чуулганы нээлт дөрөвдүгээр сарын 5-нд болно. Цэц ямар дүгнэлт гаргах нь Дээд шүүхэд хамаагүй, Цэцийн шийдвэрийг УИХ л авч хэлэлцэнэ. УИХ-ын олонх суудлыг МАН-ын гишүүд эзэлж буй. Ингээд МАХН-ыг хэзээ яаж бүртгэх эсэх нь бүрхэг болж хоцорлоо. Ц.Амарсайхан шүүгч “Дээд шүүх улс төрийн захиалгад өртөөгүй. Харин ч хүнлэг сэтгэлээр Цэцэд хандсан. Шүүх хараат биш ч ганцхан зүйлээс хараат ажилладаг. Тэр нь хууль” гэсэн юм.

МАХН-ыг бүртгэх эсэхийг шийдэх хугацааг сунгах уу, түдгэлзүүлэх үү, гишүүнчлэлийг дахин тулгаж үзэх үү гэдэг асуудал энэ сарын 30-наас хойш тодрох ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж