Энэ талаар НЗДТГ-ын хүнсний хангамж хариуцсан мэргэжилтэн О.Уянгаас цөөн асуултанд хариулт авлаа.
-Нөөцийн мах нийлүүлж буй зарим компаний гэрээг цуцлахаар болсон. Ямар компаний гэрээг цуцалсан бэ?
-Нийт 14 үйлдвэр нөөцийн мах нийлүүлж байгаа. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн XV хорооны “Баатар тэнгэр” ХХК-ны мах нөөцөлдөг зооринд ажлын хэсэг шалгалт хийсэн. Энэ компани нь нийт махны мянган тонныг нийлүүлэхээр гэрээ хийсэн. Шалгалтаар тус компани үхрийн махыг мянгаас илүү буюу их хэмжээгээр нөөцөлсөн байсан. Тиймээс үхрийн махыг сортоор нийлүүлэхийг үүрэг болгосон. Нийлүүлэхдээ тарган, сайн чанартайг нь зөвхөн борлуултад нийлүүлнэ. Мөн хонь, ямааны махыг нийлүүлэхдээ иргэдийн хэрэгцээг хангах хэрэгтэй гэдгийг сануулж долоо хоногийн дотор илэрсэн зөрчлийг арилгах сануулга өгсөн. Компаниудын гэрээг нь цуцлахыг түр хугацаагаар хойшлуулсан. Зөрчлийг долоо хоногийн дотор арилгуулах үүрэг өгсөн.
-Иргэд нөөцийн мах худалдан авахдаа тийм ч дуртай биш байна гэсэн. Одоо хэр хэмжээний мах зарагдсан бол?
-Ирэх долдугаар сарын нэгэн хүртэл нөөцийн мах борлуулна. Нэгдүгээр сард 1648 тонн, хоёрдугаар сард 973 тонн, гуравдугаар сарын 24-ний байдлаар 1157 тонн мах тус тус борлуулсан. Нийслэлийн хэмжээнд 274 цэгээр борлуулж байгаа бөгөөд мөн сүлжээ дэлгүүрүүд бас хамрагдаж байгаа. Мөн гэр хорооллын дэлгүүрт хонь ямааны мах бага хэмжээгээр ирдэг гэсэн иргэдийн гомдол ирсэн. Тиймээс хонь, ямааны махыг бусад махнаас илүү хэмжээгээр нийлүүлэхээр болсон. Мөн савлагаа, хэмжээ, чанарыг анхаарч ажиллах үүрэг Хотын дарга өгсөн.
-Нөөцийн мах шалгах явцад өөр ямар зөрчил илэрч байв?
-Энэ оны эхний улиралд Нийслэлийн мэргэжлийн хяналт, НЗДТГ-ын хүнсний хангамжийн хэлтэс, Монголын махны холбоо хамтран хоёр удаа шалгалт хийлээ. Энэ сарын 14-18-ны хооронд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамж гарч бүх нөөцийн мах борлуулж буй дэлгүүрээр явж шалгасан. Гарсан зөрчлийн дор бүр нь арилгасан. Илэрч байгаа гол зөрчил нь савлагаа, сав баглаа. Тухайн мах нийлүүлж буй компани амархан урагдах уутанд савлах, махыг бага хэмжээгээр савлаагүй хамгийн багадаа хоёр кг-аас дээш савласан гэх мэт зөрчил илэрснийг шалгалтын явцад сануулга өгч зөрчлийг арилгасан.
Махны үнэ буурчээ
Хотын дарга хэлэхдээ махны үнэ буурч, одоо тогтвортой болсон гэсэн. Нөөцийн мах зах зээлийн үнээс 500-600 төгрөгөөр хямд зарагддаг. Үндэсний статистикийн хорооны үнийн судалгаагаар махны үнэ буурчээ. Энэ сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж буй махны үнэ өмнөх сараас хямдарчээ. Хонины ястай махны үнэ кг нь дунджаар 3572 төгрөг, цул мах 4057 төгрөг, үхрийн ястай мах 4238 төгрөг, үхрийн цул мах 5025 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Үнийг өмнөх сарынхтай харьцуулахад, хонины махны үнэ 10.1-16 хувь, үхрийн махны үнэ 7.2-11.5 хувь, адууны махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 9.3 хувиар тус тус буурчээ. Харин өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.3-2.1 хувь, үхрийн ястай махны үнэ 3.4 хувь, ямааны махны үнэ 7.8 хувиар буурсан. Адууны махны үнэ тогтвортой байна гэв.