МАН Бага хурлаа 24-нд хийхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

МАН Бага хурлаа 24-нд хийхээр боллоо

МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэд, хэдэн  тодорхой шийдвэр гаргасан юм. Энэ үйл явдалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАН-ын Бага хурлыг долдугаар сарын 24-н буюу ирэх долоо хоногийн мягмар гаригт хуралдуулахаар товложээ. Мөн МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд даргаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Н.Энхболд нарыг нэр дэвшүүлсэн байна. Эл асуудлыг тус намын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд дэмжжээ. Гэхдээ намын даргын асуудлыг Бага хурлын гишүүд хэлэлцэн улмаар Их хуралд оруулж хэлэлцүүлэн олонхийн саналаар батлах дүрэмтэй бол УИХ-ын дэд даргад нэр дэвшигчийг УИХ-аар хэлэлцүүлэн батлах ёстой болж байгаа тухай тус намын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. Мөн тэрбээр УИХ-ын даргыг сонгох асуудал нь хоёр юм уу, гурван нам яриад шийдчих асуудал биш.  Бие даан УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон гишүүн хүртэл УИХ-ын даргаар сонгогдох эрхтэй тул энэ бүх үйл явц, зөвшилцөл хууль номын дагуу явах ёстой гэж МАН үзэж байгаа хэмээн мэдэгдсэн юм.

Засгийн газрыг шинээр байгуулах хүрээнд Ардчилсан нам нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамыг хоёр хуваах тухай асуудлыг хөндөж эхэлсэн. Эл асуудалд харин МАН сөрөг байр суурь баримталж буйгаа хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. УИХ дахь МАН-ын бүлгийн даргын тайлбарласнаар Засгийн газрын бүтцийн тухай өмнөх парламентаар ярьж байсан олон зүйлүүд бий аж. Мөн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүд ч байдаг гэнэ. МАН-ын хувьд яамдын тоог нэмэгдүүлэхгүй байх байр суурийг барьж ажиллана. Яамдын тоо нэмэгдэхийн хэрээр төрийн толгой данхайж, зардал нэмэгддэг. Тиймээс хүнд юмуу эс бөгөөс эвсч Засгийн газар байгуулах намд зориулж яамдын тоог нэмэгдүүлэх үндэслэл байхгүй гэсэн байр суурийг баримталж буйгаа бүлгийн дарга Н.Энхболд онцоллоо. Тус намын барьж буй хоёр дахь бодлого нь Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний гурвны нэгээс хэтрэхгүй байх, эсвэл Ерөнхий сайдаас бусад нь Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байх шаардлагагүй гэж хэлж байсан өмнөх парламентын гишүүдийн саналыг анхааралдаа авч хэлэлцээрээ хийх ёстой гэж үзжээ. Гуравт, МАН-ын гишүүдийн хувьд ард түмнээс санал аваад сонгогдсон 27 гишүүн бий ч, хоёрынх нь тангаргыг  өргүүлэхгүй байгаа. Ард түмний авсан саналыг шүүхийн юм уу бусад байгууллагын шийдвэрээр хүчингүй болгох тухай асуудал байхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Хоёр тойрогт дахин санал хураалт болно, дээр нь Өвөрхангайгаас сонгогдсон гишүүд УИХ-д орж ирсэн нөхцөлд парламент дахь Ардчилсан нам нам, Ардын намын хүчний харьцаа 31х29 болно. Тиймээс дахин санал хураалтыг цаг алдахгүй явуулах ёстой гэж үзэж буй юм байна.

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.

-Засгийн газрыг байгуулахдаа хамтаръя гэдэг саналыг Ардчилсан намаас танайд ирүүлсэн үү. Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулахад МАН-ын бүлэг оролцох боломжтой юу. Заавал гишүүдийнхээ тоог бүрдүүлж байж чуулганы хуралдаанд оролцоно гэх байр суурь барьж ажиллах юм уу?

Н.Энхболд:

-Ардчилсан намын зүгээс МАН-тай хамтарч эвсэл байгуулъя, Засгийн газрын бүтцэд хамтарч ажиллая гэсэн санал албан ёсоор ирээгүй. Бидний хувьд улстөрийн намуудын төвшинд үргэлжилж байгаа хэлэлцээрийг анхааралтай ажиглаж байна. Хамгийн гол нь ард түмэн сонголтоо өгөөд илт давуу ялчихсан гишүүдийн хувьд шүүхийн шийдвэр харьяаллын бус газар шүүхийн шийдвэр гараад энэ хүмүүсийн бүрэн эрхийг эдлүүлэхгүй байгаад бид байр суурь огт нийлэхгүй байгаа. Цаашдаа энэ үйл явц яаж үргэлжлэхээс хамаараад бид УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд яаж оролцох вэ гэдэг асуудлыг жич дараагийн хуралдаанаараа ярина.

Я.Содбаатар:

-2012 оны сонгуулийн дүнгийн хүчний харьцаа маш ойрхон байгаа. Хэрвээ хоёр тойрогт дахин санал хураалт явуулаад, Өвөрхангайн асуудал шийдэгдчихвал Ардчилсан нам, Ардын намын харьцаа 31х29 болох магадлалтай. Тэгэхээр энэ 76 гишүүн буюу төрийн эрх барих дээд байгууллагаа бүрэн бүрэлдэхүүнээр нь хуулийн дагуу бүрдүүлж хүчний харьцаагаа тодорхой болгосны дараа УИХ, Засгийн газраа байгуулах үйл явцыг шуурхайлах нь зүйтэй гэдэг асуудлыг холбогдох газруудад МАН тавьсан. Ялангуяа сонгуулийн дүнг дахин нэг нягтлах. Тахимаа өгөхгүй гэдэг юм уу, эсвэл суудлын тоогоо нэмэх гэж байна гэж харахаас илүүтэй автомат машиныг цаашид сонгуульд ашиглахын тулд эргэлзээг хаа, хаанаа тайлах ёстой. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо бусад холбогдох хороо асуудлыг авч хэлэлцэх ёстой гэсэн хатуу байр суурь баримталж байгаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж