Х.Тэрбиш:Эдгэдэггүй хүн гэж бий

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Х.Тэрбиш:Эдгэдэггүй хүн гэж бий

Хувцагааны Тэрбиш гэж шидтэй бариачийн тухай олон хүнээс сонссон юм. Түүнд бариулж, өвчин хууч нь илааршсан гэсэн танилаасаа хаягийг нь аваад Зурагтын шинэ эцэст байх Тэрбиш гуайнхыг зорилоо. Гадна нь машин тэрэг олон, хүмүүс дугаарлаад орох ээлжээ хүлээж байв. Хүлээж суух хооронд хүмүүсийн ярихыг сонсвол над шиг анх удаа ирж буй нь ч байна, бас хэд хэд ирээд эмчилгээний үр дүн сайн байгаа гэсэн хүн ч байна. Бариулсан чинь хөлрөөд, энд тэнд өвдөөд гээд асууж тодруулах зорилготой гэсэн ганц нэг хүн ч байв.

Түүнээс гадна Х.Тэрбиш бариачийг уртын дууч, ардын авьяастан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэж дууллаа. Удаан хүлээсэн ч ээлж минь ирж гэрт нь орлоо. Өвчин хууч гэхээсээ илүү өөртэй нь уулзаж ярилцлага хийх зорилготой яваагаа хэлж түүнтэй ийн хөөрөлдлөө.

-Таны тухай олон удаа сонсч байсан ч ийм олон хүн гадаа тань дугаарлаад хүлээж байх юм гэж бодсонгүй.

-Эгч нь 1999 онд Улаанбаатар хотод хүрч ирсэн. Бариа заслыг 2000 оноос эхэлж нийтдээ 23 мянга орчим хүнд үйлчилсэн гэхээр бүгдээрээ биш ч ярьдаг л байх л даа. Ер нь ч тэгээд манайхаар хүн тасардаггүй юм.

-Таны нутаг ус хаана вэ. Бариа заслыг та хаана сураа вэ?

-Би Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул. Төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав ээж, хариулж адгуулж явсан мал сүрэг минь намайг бариач болгосон доо. Миний аав сайн бариач. Намайг эх барьсан ээж Дамбаа гэж Улсын анхдугаар сайн малчин, Халхголын дайнд оролцож явсан бариач хүн байсан юм. Тэгэхээр удмын юм байгаа биз. Түүнээс гадна би чинь дөрөвдүгээр ангиасаа мал маллаж эхэлсэн. 1988 онд оройгоор аравдугаар анги төгссөн юм. Энэ хооронд мал аж ахуйн талаар бол их, дээд сургууль төгссөн хүмүүсээс дутахааргүй мэдлэг хуримтлуулж авсан минь надад их хэрэг болдог. Хүн, мал хоёр бэртэх гэмтэх гээд л ялгаа байхгүй бариа засалтай минь холбоотой.

-Нэг хүн барихад нэлээд уддаг санагдлаа. Хугацаа нь өвчин хуучаас нь болно биз?

-Хүн барина гэдэг амархан ажил биш. Ганц судас бариад орхих биш шүү дээ. Тийм болохоор нэг хүнд хэдэн цагаар ч бариа засал хийж болно. Өвчин хуучаас нь л болно л доо.

-Олон цагаар хүн барихаар хэр их ядардаг вэ?

-Ядрах, цаг өнгөрөх хоёрыг мартаад удаж байна. Хүн болсон хойно сульдаж л байгаа шүү дээ. Тэгэхээр нь бясалгалд явж биеэ сэргээдэг юм. Үнэндээ намайг өдий зэрэгтэй авч яваа зүйл нь бусдад тус болж байна гэсэн сайхан сэтгэл дээр нь зөв хооллолт, дуу хөгжим шүү дээ. Өөрийгөө амрааж шүлэг зохиол ч оролдоно. Би чинь уртын дуучин хүн. Их Монгол Улсын 800 жилийн ойгоор 800 уртын дууч дуулахад оролцсон.

-Харин таныг гадаа хүлээж суух зуураа уртын дууч, соёлын тэргүүний ажилтан цолтой гэхийг тань сонссон юм.

-Наадмын урьд өдөр “Ардын тэргүүний авьяастан”  цол тэмдгээ авсан. “Ардын авьяастан”-ыг бол аваад удаж байна. Сая бас наадмаар “Дээлтэй Монгол” наадамд оролцсон. Миний хань Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, морин хуурч, ерөөлч, магтаалч, төрийн дархан О.Батцэнгэл гэж хүн бий шүү дээ.

-Танайх тэгвэл урлагийн айл байна шүү дээ?

-Эгч нь найман хүүхэд төрүүлсэн. Долоо нь өсч том болоод одоо дор бүрнээ сайн сайхан амьдарцгааж байна. Манайхан бүгд л дуу хууранд дуртай өсцгөөсөн дөө.

-Анагаах ухаан, урлаг соёл гээд тал талын авьяастай тан шиг хүн сургууль номоор явсан бол эрдэмтэн доктор, мундаг жүжигчин ч болох байсан юм бил үү гэж бодогдлоо.

-Бусдаас сурах юм их байдаг. Миний багад олон сайхан хүмүүс дэргэд минь уул хангай шигээ налайж, сурч мэдсэнээ харамгүй зааж өгч байсны буян үнэхээр их. Би ч өөрөө хүний хэлсэн ярьсныг сайн тогтоож авдаг байсан даа. 1967 онд тэмээчин айлын бэр болсноос хойш, нэг настай мал хүртэл маллаж, 400-500 хонь хүртэл төллүүлж аймаг, сумын хошой аварга малчин, сум орон нутгийн депутат болж хөдөлмөрийн баатрын болзол ч хангасан гэж бодож явдаг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Намхайнямбуу, Жанар, Ишгэнхүү, манай нутгийн Манхан баатар, гавьяат малчин Сүрэндулам гээд улс орныхоо шилдэг тэргүүний хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж тэднээсээ сурч мэдэж, харилцан туршлага солилцож явсны ач шүү дээ.

-Танд үзүүлж, өвчнөө эмч­­лүүлсэн хүний тоо 23 мянгад хүрсэн гэхээр мундаг сонсогдож байна шүү. Тэднийг та дандаа бариа заслын аргаар эмчилсэн үү?

-Ер нь хүнийг дан бариагаар эмчлэхгүй. Ямар ч өвчин бариа заслаар 70-80 хувь нь эдгэрч байхад үлдсэн нь эм тангийн хүч байна шүү дээ. Бариа заслын аргаар бүх сувгийг нээж үлдсэнд нь эм тангаар засна гэсэн үг.

-Голдуу ямар өвчтэй хүмүүс ирдэг вэ. Гадныхан хүртэл ирдэг гэж сонссон юм?

-Франц, Орос, Япон, Хятад, Өвөр Монгол гээд л олон орны хүмүүстэй танил дотно болж тэднийг өвчин хуучаас нь ангижруулж ирлээ. Янз бүрийн өвчин зовлонтой хүмүүс ирнэ. Судсыг нь бариад өвчнийг нь мэдэрнэ. Хүн, байгаль, сансрын эрчим хүч гурав холбоотой. Бид чинь европ эмчилгээг голлон хэрэглэж эм тариаг нь шүтэж ирсэн бол одоо хаа холын улс орны мэдэх мэдэхгүй эмчилгээ, эм тариа нэвтэрчээ. Гэхдээ монгол хүнд монгол дом, монгол бариа засал л илүү тохирдог юм шүү дээ.

-Сүүлийн үед элэг, зүрх судасны өвчин элбэгшиж, хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн. Өвчнөөр амь насаа ч алдаж байгаа хүмүүсийн дийлэнх иймэрхүү өвчтэй байдаг. Үнэхээр эмчилж дийлэхгүйгээс ингэж байна уу?

-Хүний элэг хэзээ ч мууддаг­гүй юм. Зүрхний өвчин, хорт хавдраар ч хүн үхэхгүй. Хамгийн амархан эмчилгээ авдаг эрхтэн бол элэг, зүрх. Тийм болохоор бариа засал ямар ч өвчнийг анагааж чадна. Хүний 23 нуруу бүх эрхтэнтэйгээ холбоотой. Бөөр дүлий эрхтэн. Ямар эрхтэн өвчтэй байна түүнд нь эм уулгадаг явдал бий. Тэгвэл бариа заслын аргаар ганц хоёр барилтаараа бүх өвчнийг нь анагаах увидастай. Саяхан над дээр шулуун гэдэсний хорт хавдартай хүн ирж бариулаад зүгээр болсон. Нэг доргилт авахад хүний биеийн 54 эд эс гэмтдэг. Тиймээс хүний мах бодийн онолыг барьж бариа хийх нь бариачийн эрдэм чадвар юм.

-Зарим бариач хүн буруу эмчилж асуудалд холбогдсон яриа бас сонсогдож байдаг. Энэ нь чадвар муугаас л болдог байх даа?

-Хэл амгүй ажил гэж байхгүй шүү дээ. Хүн буруу эмчлээд асуудалд холбогдсон бол тэр бариач сурч мэдэхээ дутуу эзэмшсэнийх л байх. Эсвэл хүний гүжир гүтлэгт дайрагдсан ч байж мэднэ. Жинхэнэ бариач гэдэг ондоо. Мах бодийн онолыг олж барьдаг. Яс хугарах, булгарах гээд бүхнийг л барина. Хөдөөнөөс хөл муутай авгай ирж бариулаад явахдаа “Хоёр гар жаахан бариад өгчихлөө Шар хадандаа хэвтдэг байж” гэж ярьсан мөртлөө маргааш нь ирж дахин бариулаад сайхан болсноо сүүлд нь надад ярьж байсан. Хүний бие организм өвчнөөсөө болоод өөр өөр. Барьдаг мэддэг гээд хамаагүй загнаж бариад байж болохгүй. Цаад өвчинд нь хүрэхийн тулд ёстой л ёс төдий барьж байгаа юм шиг хандах юм ч гарна. Зарим хүн бариулаад гэр орондоо очсон дороо л халуурч бүлээрлээ гээд утасдана даа.

-Та сайн хэлж өгдөг биз дээ, тиймэрхүү зүйл болж магадгүй гэдгийг нь?

-Хэлдэг юм аа. Зарим нь ч хайхрахгүй өнгөрдөг. Хамаг юмыг нь хөдөлгөөд өгчихсөн юм чинь хөлөрч, халууралгүй яах юм бэ. Бүр халуурч ч болно. Тэвчиж хоноод, элдэв эм тан хэрэглэлгүй байж байгаад маргааш ирж бариул гэхээр сая ойлгох нь ч бий. Бариулсны дараа хүнийхээ өвчнөөс болоод хөлс, нус цэр нь гарна. Тэгж өвчин нь сэдрээд гадагшилж байгаа юм. Гам сайн барих хэрэгтэй л дээ.

-Гам алдаж өвчнөө сэдрээчихээд ирэх хүн олон гардаг уу?

-Тийм ч олон биш шүү. Нэг эмээг санаж байна. Хэд хоногийн өмнө бариулаад явсан юм. Тэгтэл гаднаас “Буруудсан шүү, буруудсан” гэсээр орж ирдэг юм байна. Би ч бүр гайхаж орхилоо. Юугаа яриад байгаа юм бол гэж бодлоо. Тэгсэн чинь өөрөө “Би өчигдөр гэрийнхээ хамаг юмыг угаагаад өвчнөө дахиулчихлаа, ёстой буруудсан шүү” гэдэг байгаа. “Та чинь юмны учир мэдэх хүн, гам барина гэж мэддэггүй юм уу. Бариулж байгаа юм чинь хамаг бие нялхарсан байгаа шүү дээ” гэвэл. Эмээ ч “Тэгэлгүй яах вэ, ёстой миний буруу” гээд байж билээ.

-Хүний өвчний дийлэнх буруу хооллолтоос болдог. Гэхдээ яаж зөв хооллохоо тэр бүр ойлгодоггүйд л хамаг учир байдаг байх?

-Үнэхээр хүмүүсийн дийлэнх нь буруу хооллолтоос болж янз бүрийн өвчинд нэрвэгддэг. Сүүлийн үед бүр ч даамжирсан. Тиймээс юуг яаж идэх вэ гэдгээ сайн мэддэг байх учиртай. Тухайлбал, цагаан будаа хүний дотрыг хөргөдөг. Хятадууд өглөө болгон ус цийлгэнэсэн давсгүй шар, ногоон будаа голдуу иддэг дээ. Хүн шөнийн 12:00 цагт нэг аяга, өглөө 6:00 цагт хоёр аяга бүлээн ус уусан байхад хэзээ ч элэг муудахгүй. Сармисыг тэр бүр тогтмол хэрэглэээд байх нь сайн биш. Элгэний халууныг дэвэргэж өвчлүүлнэ. Бөөр муудахаар хөлийн тавагнаас халуу шатдаг. Жаахан хүүхэд татах нь уушги, гэдэстэй нь холбоотой. Давсыг хэлнийхээ үзүүрт уусгаж идвэл кали орлож байна л гэсэн үг.

-Зөв хооллоно гэхээр тос, өөхнөөс татгалзах тухай л ярьдаг. Энэ хэр зөв бэ?

-Монгол хүн үндэснийхээ хоол тэжээлээс хэзээ ч татгалзаж болохгүй. Өөх бол хүний биед тосолгоо болно. Өөхнөөс гарах гэх нь алсдаа хүний ясны тэжээл алдагдана л гэсэн үг. Өнөөх ясны сийрэгжилтэд хүргэнэ шүү дээ. Хүн өөх хэрэглэхгүй байгаа нь өөртөө ирэх өвчин зовлондоо найр тавьж байгаа юм. Тэгээд арьсны өнгө, үений шар ус, чөмөгнөөс өөхний тослог алга болохоор хүн эрдсийн дутагдлаас болж өвдөнө. Өөх тос, сахарыг хорих буруу. Хүн дандаа амт, өнгө хоёроор хооллоод байна. Харин сонгино, сармис халуун ногоо хамгийн муу. 20 жилийн ухааныг авна. Халуун ногоо ходоодны галыг сэргээж бөөрний галыг унтраана. Ийм учраас хүн эрдсийн дутагдалд орж эхэлдэг тул халуун ногооноос татгалз гэж зөвлөдөг гээд яриад байвал их юм бий.

-Та зүү эмчилгээ хийдэг үү?

-Хийнэ ээ. Гэхдээ зүү тавьж байна гээд хаа хамаагүй олныг тавиад байдаг юм бас биш шүү. Ямар эрхтэн нь өвчтэй байгааг тооцож зүү тавина. Эртний бариач нар алтан зүү тавьж байсан. Би хааяа төөнүүр хэрэглэдэг. Олон зүү тавьснаараа эмчилгээ болохгүй. Тэднээс нэг нь л онодог юм. Ер нь эдгэдэггүй өвчин гэж байхгүй, эдгэдэггүй хүн л гэж байна.

-Өвчин зовлонгоос ангижирна гэдэг том хувь ерөөл. Танд талархаж баяр­ласан сэтгэлээ хүмүүс яаж илэрхийлдэг вэ?

-Бариач гэдэг эрдмийг өвлүүлж өгсөн байгаль дэлхий, ээж аав, хөх тэнгэр, төрсөн нутагтаа баярлаад ямар барах биш дээ. Түүн дээр олон хүний талархал баяр миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлсээр ирсэн. Халимагийн дуучин, хөөмийч Цагаанзам хүртэл ирж талархлаа үлдээсэн сэтгэгдлийн үг нь одоо ч хадгалагдаж байдаг.

Г.ГАНБОЛД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж