Намуудын нэгдэл буюу улс төрийн “барометр”

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Намуудын нэгдэл буюу улс төрийн “барометр”

Далайн эргийн хажуугаар нэгэн өвгөн явж байжээ. Тэрээр олон жилийг эрдэм номын ажил хийж, өөрийгөө “үхэхээс бусдыг л үзсэн дээ” гэж бодож байлаа. Далайн давалгаанд шидэгдэн эрэг дээгүүр хаягдсан далайн од хэмээх бяцхан амьтад олноороо жаргах нарны гэрэлд гялтганан харагдаж байв. Харамсалтай нь удахгүй далайн түрлэг буцаж эдгээр амьтадад хатаж үхэх аюул тулгарсан байлаа. Өвгөн эдгээр амьтдын амийг аврахаар далайн одыг нэг нэгээр нь аван ус руу нь хийж эхлэв. Өвгөн нэлээд хэдэн далайн одыг ус руу хийчихээд өндийн харвал хэзээ ч дуусамгүйгээр олноороо ярайн харагдаж, хийж буй зүйл нь ямар ч үр дүнгүй мэт санагджээ. Тиймээс хийж байсан зүйлээ орхиод, нуруугаа үүрэн цааш алхав. Гэтэл нэгэн бяцхан жаал далайн оддыг ус руу нэг нэгээр нь хийж байгаатай тааралдав. Өвгөн,

-Хүү минь ээ, наад хийж буй зүйл чинь ямар ч үр дүнгүй болохыг ойлгож байна уу? гэхэд хүү,

-Ах минь, үр дүн нь надад биш, миний гарт байгаа далайн одонд байгаа юм гэжээ

ИЗН УИХ-д ганцхан суудалтай, 32 мянган гишүүнтэй. Харин УИХ-ын сонгуулиудаар тус намд санал өгдөг хүмүүсийг тооцвол 160 орчим мянган дэмжигчтэй. Монголын Ногоон нам мөн парламентад нэг суудалтай, 3000 орчим гишүүнтэй. Өвгөний нүдээр харах юм бол мэдээж Засгийн эрх барьж байгаа хоёр том намын дэргэд парламентад тэдний эзлэх байр суурь, нөлөөлөл тун бага, ямар ч үр дүнгүй мэт харагдаж болно. Харин далайн однуудын зүгээс харах гэж үзвэл арай өөр дүр зургийг харж болох юм.

Өнгөрөгч хавар Их Британид болсон бүх нийтийн сонгуулиар эрх баригч Хөдөлмөрийн нам ялагдал хүлээж, Консерватив нам ялалт байгуулан олонхи болоход 20 суудал дутсан /парламентад олонхи болж, Засгийн газраа дангаар байгуулахын тулд дор хаяж 326 суудал авах ёстой байв/ тул Либерал Демократ намтай хамтран Эвслийн Засгийн газар байгуулсан билээ. Ийнхүү сvvлийн 13 жил эрх барьсан Лэйбор нам сөрөг хүчнийн суудалд сууж, шинээр засгийн эрхэнд гарсан намууд 1930 оноос хойш эвслийн Засгийн газар vзээгvй Их Британид томоохон өөрчлөлт шинэчлэлтийг амласан. Жирийн гэр бvлийн төвшнөөс эхлэн бvхий л нийгэм, улс орны хэмжээнд өөрчлөлт авчрахаар. Консерватив нам Либерал Демократ намтай хамтрахын тулд Засгийн газрын таван суудлыг амласны дотор намын дарга Ник Клеггийг Ерөнхий сайдын орлогчоор томилжээ.

Монголын улс төрд ч мөн хавар ирж, цоо шинэ уур амсьгал түрж эхэллээ. Гэхдээ энэ бол жил жилийн хавар хотын төв талбайд цугладаг иргэний хөдөлгөөнүүд, жагсаал цуглаан, суулт өлсгөлөнгөөс огт өөр үзэгдэл. Тэр тусмаа Монголын төрийн эрх мэдлийг ээлжгүй эзэлж асан, эрх мэдлийн өндөрлөгт “нүдэн балай, чихэн дүлий” явсан эрхмүүд үүнээсээ цаг бусаар хагацав хэмээн эмгэнэж, хуучин дээлээ тайлж хаяад чармай нүцгэн гудамжинд гарахаас тэс өөр зүйл. Зүгээр л Монголын улс төрд өөр нэг шинэ үзэгдэл бий болж байна. Энэ бол улс төрийн намуудын нэгдэл. 2000 онд анх ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулснаас хойш яг арван жилийн дараа ИЗН, МНН нэгдэж, улс төрийн гуравдагч хүчний орон зайг өөрийнхөөрөө тэлэв. Мэдээж шийдвэр гаргахад олонхи, цөөнх байнга гарч ирдэг, олонхи нь баярлахад цөөнх нь гомдож хоцордог хойно энэ нэгдэлд ч гэсэн цөөнх гарч ирсэн. Гэвч олонхи нь шийдвэрээ гаргаад парламентад суудалтай хоёр нам хоорондоо нэгдлээ. Ганц улс төр ч гэлтгүй угаасаа аливаа тоглоомын дүрэм ийм.

Нэгдэж буй хоёр намын хувьд өөр өөрийн онцлог бий. Нэг нь либерал консерватив үзлийг иш үндсээ болгосон барууны нам. Харин нөгөө нь тухайн үед үйлдвэржилт, байгаль экологийн сүйдлээс болж дэлхий нийтээр моод болж байсан ногоон үзлийг Монголд нутагшуулах, байгаль орчны асуудлыг “улс төржүүлэх”-ээр эрдэмтэд, инженерүүдийн байгуулсан нам. Гэхдээ энэ хоёр намд ижил төстэй зүйлүүд бүр ч олон бий. ИЗН 2000 оны сонгуулиас хойш гурван удаагийн парламентад 10 жил завсаргүй сууж, гэхдээ тус нам парламентад хамгийн олондоо л хоёр суудал эзэлж байв. ИЗН-ын цорын ганц лидер нь намын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун гэдэгтэй хэн ч маргахгүй, тус намынханч бас гомдох эрхгүй. Юу үнэн, тэр үнэн билээ.

Харин Ногоон намын хувьд 1992 онд анх байгуулагдсан, Улсын дээд шүүхийн бүртгэлд МАХН, Ардчилсан намын дараа гуравдугаарт бичигддэг ууган намуудын нэг боловч 2008 оны сонгуулиар анх удаа парламентад суудал авсан. Үүнд намын даргын үүргийг сүүлд 2007 онд хүлээж авсан, “Датаком”-ын гэгддэг Д.Энхбатын нөлөө их байсныг үгүйсгэх аргагүй. Өмнө нь бол энэ нам дэлхийн ногоон хөдөлгөөнүүдийн мөнгөөр л өөрийгөө санхүүжүүлж ирсэн, улс төрийн нам гэхээсээ илүүтэй ТББ, олон нийтийн хөдөлгөөний шинжтэй байлаа. Тиймээс энэ хоёр намыг нэгдэж нийлэхэд гайхаад байх зүйл үгүй.

Хэдийгээр хоёр намын парламентад эзэлж асан орон зай бага мэт харагдавч парламентын бусад намуудаас ялгарах ялгарал нь харин их гэдгийг хэлэх хэрэгтэй байх. ИЗН-ын хувьд улстөрчид болоод төрийн албаны ёс зүй, тогтсон уламжлалд эхнээсээ шүүмжлэлтэй хандаж, төрийн эрх мэдэлд бий болсон авлигын сүлжээг задлахын төлөө цаг ямагт дуу хоолойгоо өргөж ирсэн. Тиймээс одоогийн өндөрлөгөөс харахад С.Оюун гишүүний парламентад 10 жил суусан, аль ч цаг үедээ Монголын топ 10 улстөрчийн жагсаалтад байраа алдалгүй явж ирсэн нь ганц С.Зориг агсны нэр нөлөө гэж үнэлэх нь дутагдалтай юм.

Монголын ногоон намын хувьд ч мөн адил. Яг одоогоор энэ намын имижийг зөвхөн намын дарга Д.Энхбат тодорхойлж байж мэдэх ч цаашдаа бол намын нь нэр, имиж илүү хол явах цаг ойрхон. Монгол оронд уул уурхайн үйлдвэрлэл хүрээгээ тэлж, дэлхийн түүхий эдийн гол нийлүүлэгч болон харагдаж байгаа энэ үед байгаль орчны асуудал хамгийн тулгамдсан асуудал байх болно. Жилийн жилд хүрээгээ тэлж, Засгийн газрыг сургахаасаа илүү “шантаажлах” нь ихэсчихээд байгаа байгаль орчны энэ олон хөдөлгөөнүүдийн тавьж байгаа санал, шүүмжлэлийг парламент, Засгийн газрын түвшинд бодлого болгон гаргаж ирэх нь энэ намын үүрэг.

“Ногоон атлаа либерал үзэл гэж юу байсан юм бэ” гэж шүүмжлэх хэсэг ч байдаг л даа. Гэвч барууны нам эрх барьж байна уу, зүүний нам эрх барьж байна уу гэдгээс үл хамааран дэлхийн бүх улс орон ногоон технологи, ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож байгаа энэ үед ногоон үзэл Монголын улс төрийн бүх намын мөрийн хөтөлбөр, төрийн бодлогын нэг гол үндэс байх ёстой. ИЗН, МНН-ын нэгдэх болсон бас нэг шалтгаан нь энэ.

Гэвч энэ нэгдлийн нөгөө талд бас нэг нэгдэл явж байна. МАН буюу намынхаа олонхид шахагдаж, шаарлагдсан МАХН хэмээх хэсэг дээр өнгөрсөн сонгуулиар парламентаас шахагдаж, эрх мэдлийн гадна үлдсэн жижиг намууд, иргэний хөдөлгөөнүүд тойрон шавж буй бас нэг нэгдэл. Нийтлэлийн эхэнд хэлсэн олонхи, цөөнхийн дүрэм. Нэг нь үзэл бодол, итгэл үнэмшлээ даган олонхиороо нэгдэж, нөгөө талд олонхидоо цахагдсан цөөнх нь эрх мэдлийн төлөө, эрх мэдлээс хагацсандаа хорссон хоёр өөр нэгдэл Монголын улс төрийн энэ хаврын өнгийг тодорхойлж байна. Энэ хоёр нэгдлийг хэрхэн үнэлэх нь цаг хугацаа болоод олон нийтийн шийдэх хэрэг.

Б.СЭМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж