МАН-ын дарга С.Батболд танаа

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга С.Батболд танаа

Шаардлага хүргүүлэх тухай

УИХ-ын болон НИТХ-ын 2012 оны сонгууль зохион байгуулагдаж, УИХ-ын гишүүд болон НИТХ-ын төлөөлөгчид хууль заасны дагуу тангарагаа өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн энэ цаг хугацаатай зэрэгцэн МАН-ын бага хурлын болон жирийн гишүүд хамтран МАН-ын дэргэд “Ардын Намын Анхны жигүүр”-ийг  үүсгэн байгуулах санаачлага гаргаснаа таньд дуулгаж байна.

Энэ удаагийн сонгуульд манай нам УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд бүрэн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон ч төрийн эрх барих дээд байгууллагад ч, нийслэлийн иргэдийн хуралд ч цөөнхийн байр суурьтай болсон нь нэгэнт тодорхой боллоо.

МАН 2008-2012 оны хугацаанд УИХ-д 76-аас 45 суудалтай олонхи, НИТХ-д 45-аас 39 суудалтай дийлэнх олонх болсноор төрийн эрхийг бүх түвшинд барьж байсан бол энэ удаагийн сонгуулиар УИХ-д 25, НИТХ-д 10 суудал авч ялагдал хүлээсэн нь намын удирдлагууд /Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөл, Нийслэлийн намын хороо/ бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээж, огцрох хангалттай үндэслэл болсон. 

Намын дарга Та болон Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, УЗ-ын гишүүдийн зүгээс 2012 оны сонгуульд нам ялагдал хүлээсэн тохиолдолд улс төрийн хариуцлагаа үг дуугүй хүлээх талаар амлалт өгч байсан нь манай намын шударга ёс, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагад бүрэн нийцэж байгаа бөгөөд намын соёл, хариуцлага хүлээх чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлсэн алхам байсныг сануулж байна.

Бид намынхаа ирээдүй, эх орны хөгжилд оруулах хувь нэмэр, намын бодлого, хөтөлбөрийн үнэ цэнийг хадгалахын тулд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, улс төрийн ууган бөгөөд бүрэн төлөвшсөн нам болохоо үлгэр жишээчээр харуулах цаг болсныг Та бүхэнд сонордуулж байна.

Иймд бид дараах 4 зүйл бүхий шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

  1. МАН-ын бага хурлын болон жирийн гишүүд дэмжигчдийн МАН-ын “Ардын намын анхны жигүүр” байгуулагдсан талаарх үүсгэн байгуулагчдын саналыг хүлээн авч, намын дүрмэнд заасны дагуу намын бага хурлаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оруулах;
  2. 2012 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн үр дүндээ дүгнэлт хийж, намын нийт гишүүдийн өмнө амалсан амлалтаа биелүүлж, намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар болон УЗ-ын гишүүд, нийслэлийн намын хороон дарга, тэргүүлэгчид сайн дураар ажлаа хүлээлгэн өгөх;
  3. 2012 оны 07-р сард багтаан намын бага хурлыг, 09-р сарын эхний 7 хоногт багтаан МАН-ын 27-р Их хурлыг хуралдуулах товыг зарлаж, 2012 оны улс төрийн сонгууль, түүний үр дүн болон намын зохион байгуулалт, МАН-ын цаашид баримтлах бодлого, шийдвэрийн талаар нээлттэйгээр хэлэлцэж, шийдвэрлэх;
  4. Намын 27-р Их хурлыг хуралдуулахтай холбогдуулан намын нийт гишүүдийн дунд санал, дүгнэлт сонсох ажлыг намын хороо, намын үүр бүр дээр 2012 оны 08-р сард багтаан зохион байгуулах;

Та бүхэн бидний шаардлагыг эрүүлээр хүлээн авч, улс төрийн шударга шийдвэр гаргаж, бидэнтэй намын журмын нөхдийн ёсоор хандан, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бидний шаардлагын хариуг 2012 оны 07-р сарын 24-ны дотор албан ёсоор ирүүлнэ үү.

Шударга шүүмжлэл,

                Шударга хариуцлага,

                                Шударга тогтолцоо,

                                            Тунгалаг төрийг байгуулах үндэс мөн.

МАН-ын “Ардын Намын Анхны жигүүр”-ийг
үүсгэн байгуулагчид
Улаанбаатар хот

2012 он

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж