Туул голын чулууг түүсээр, гол ч ширгэсээр

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Туул голын чулууг түүсээр, гол ч ширгэсээр

Энэ жилийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх сарын 22-нд эхлэнэ гэж Хотын захиргаа мэдэгдсэн. Засварын ажил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн. Гэтэл нийслэлийн ойролцоо авто зам шинээр барих болон засварын ажилд хэрэглэх уулын чулууны нөөц дууссан гэнэ. Зам тавихад стандартын дагуу уулын чулууг буталж хэрэглэх ёстой аж. Хэдхэн хоног үлдээд байхад Авто замын газарт ямар чулуу ашиглах талаар тодорхой шийдвэр ирээгүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий  газраас замын стандартад нийцсэн чулууг ашиглахгүй байгаа. Тиймээс нийслэлд хийгдэж байгаа зам засварын ажилд хэрэглэж буй мөнгө хэдэн тэрбумаар гарын салаагаар урсаж байгааг анхааруулсан. Мөн мэргэжлийн хяналтын газар нийслэлд баригдсан замуудын дэвссэн асфальтобетон хучилтад хагарал үүсэх, ашиглалтын хугацаа богиносч байгаа нь замд ашиглаж байгаа материалаас шалтгаалсан. Цаашид стандартын зам барихдаа уулын чулуу ашиглахыг онцолсон. Гэтэл авто замын газарт зам тавихдаа ямар чулуугаар хийх вэ гэдгийг мэдэх хүн байхгүй бололтой.
Зам тавихад асфальтын хольцод битүм, буталсан чулуу, нарийн ширхэгтэй эрдэс нунтаг гэхчилэн гурваас дөрвөн төрлийн материал ордог. Эдгээрээс битүмийг л гаднаас авдаг гэнэ. Харин чулуугаа замын компаниуд  карьерээс худалдаж авдаг юм байна. Гэтэл нийслэлийн ойролцоо  зам засварт тусгайлан зориулсан чулуу байхгүй. Тиймээс замын компаниуд туул голын орчмоос хайрга авч буталж ашигладаг аж. Туул голын чулуу түүсээр гол ч ширгэж дууслаа. Одоо бид яах вэ. Зориулалтын бус чулуу ашигласнаас жил бүр зам засварт өчнөөн тэрбумыг цацаж байна. Манай улс санхүүгийн болон байгаль цаг уурын нөхцөлөөс болж олон улсын замын стандартыг барьж ажиллахад тэр бүр зохицоод байдаггүй гэдгийг Мэргэжлийн хяналтын байцаагчид ярьж байна. Нэг удаа ийм их хөрөнгө зарцуулахын оронд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, чулууг нь бэлтгэхэд анхаарахгүй бол энэ жил зам засварын ажил бас л цаг хугацаандаа дуусахгүй бололтой.
Мэргэжлийн хяналтын ерөн­­­­хий газрын дүгнэлтээр инже­нерийн зөвшөөрөлгүйгээр бутал­сан чулуун суурь дэвссэн, битум цацлага цацсанаас болж асфальтан хучилтанд торон хагарал үүссэн байна. Авто замын далан, буталсан чулуун сууринд гэр хорооллын айлын буурийн шороо, барилгын суурийн хайрга, шороо гэх мэт янз бүрийн газраас лабораторийн шинжилгээнд хамруулаагүй материалыг шууд ашиглах, мөн хар хөрстэй холилдсон материал дэвсэх зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн асфальтбетон хучилтын ажлыг технологийн дагуу гүйцэтгээгүй, хучилтын чулуу сулрах, ховхрох,орц норм тогтоогоогүй үйлдвэрлэсэн асфальтобетон хольц дэвсэх зэрэг зөрчил илэрсэн байна. Замын материалаас дээж авч шинжлэхэд 110,120 мм-ийн хэмжээтэй чулуу агуулсан нь замд хагарал үүсгэх нөхцөл болсон байна.  Манайхан буруугаа бусадруу чихэхдээ   сайн. Цөөн жилийн настай замд  сдандартын бус бүтээгдэхүүн хэрэглэснээс гадна цаг агаарын эрс тэс уур амьсгал нөлөөлдөг гэнэ. Цаг агаар нь шинэ тавигдаж буй зам болон засварын ажилд багагүй бэрхшээл учруулдаг гэнэ. Үүний нэг жишээ 100 айлын зам. 100 айлын замын хөрс нь намаг ихтэй учраас энэ нь өвөл хөлдөснөөс замд нөлөөлдөг гэж МХГ-ын мэргэжилтнүүд хэлж байсан.  Сүүлийн таван жил 100 айлын замыг жил бүр шинэчилж байгаа. Үүнийгээ ч цаг агаартай холбодог. Тэгвэл яагаад цаг агаарын нөхцөлд таарсан зам барьж болохгүй гэж гэсэн асуулт гарч ирнэ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын байцаагч Ж.Оюунаа хэлэхдээ “Манай улс зам тавихад  олон улсын сандартын дагуу хийдэг. Авто замын олон улсын стандартын дөрвөн боть зузаан ном байгаа. Үүнийг л дагаж мөрддөг” гэсэн юм. Авто зам, замын байгууламжид хийсэн хяналт шалгалтаар нийт 267 зөрчлийг илрүүлжээ. Ийм тооны зөрчил гарахаас өмнө эсвэл ажил хийж байх явцад нь МХЕГ анхаарлаа хандуулах боломжгүй харин тэд гарсан зөрчлийг илрүүлэх үүрэгтэй бололтой.
Их засварын ажил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн байхад Нийслэлийн авто замын газар замын ажлаа ямар чулуугаар хийхээ мэдэхгүй дарга нарынхаа амыг харж сууна. Чулуу бутлагч карьерийн зөвшөөрөл авахыг хүссэн ч Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас тусгай зөвшөөрөл авдаг гэнэ. Гэтэл тус яамнаас авто замын газарт зөвшөөрөл олгохгүй байгаа нь авто замынхны ажлыг нэлээдгүй уях бололтой. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Туулын чулууг дуусгасны дараа л хашгирах бололтой.  Энэ жил Хотын даргын тушаалаар зам засвар, шинэчлэлийн ажлыг ирэх долдугаар сард хийж гүйцэтгэх даалгавартай. Нийт 73 км зам шинээр барих ба засварлана. Үүнд 67 тэрбум төгрөг зарцуулж буй. Ирэх жил 67 тэрбум  бас л гарын салаагаар урссан байх вий дээ.

Ш.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж