Башар аль-Ассад хүчээ алдаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Башар аль-Ассад хүчээ алдаж эхэлжээ

Сирийн цуст  мөргөлдөөн нийслэл Дамаск хотод хүрч, өнгөрсөн лхагва гаригт Аюулаас хамгаалахын байранд болсон дэлбэрэлтийн үеэр Батлан хамгаалахын нөлөө бүхий гурван албан тушаалтан амиа алдсан байна.

Сирийн төв телевизээр мэдээлснээр амиа алдсан гурван генерал нь Сирийн Батлан хамгаалахын сайд Дауд Ражиха, Батлан хамгаалахын дэд сайд, Ерөнхийлөгч Башар аль-Ассадын хүргэн Асеф Шаукат, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх, дэд ерөнхийлөгчийн туслах Хасан Туркмани нар байжээ.

 Босогчид дэлбэрэлт болохоос нэг хоногийн өмнө Аюулаас хамгаалах газрын байранд бөмбөг тавьсан байжээ.

Сирийн Батлан хамгаалахын гурван өндөр албан тушаалтан нь амиа алдсаныг АНУ-ын Цагаан ордон “Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад хүчээ алдаж буйн тэмдэг” гэжээ.

Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр өнгөрсөн мягмар гаригт болсон бөмбөгдөлтийн үеэр 214 хүн амиа алдсан тоо гарчээ. Тэдний 124 нь энгийн хүмүүс байсан гэнэ.

Сирид Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг эсэргүүцсэн хөдөлгөөн гарснаас хойш босогчид болон цэргийнхний хоорондох мөргөлдөөн 16 сар үргэлжилж, амиа алдагсдын тоо хэдэн арван мянгад хүрээд байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж