Ерөнхий сайд айлчлалаас ирлээ | News.MN

Ерөнхий сайд айлчлалаас ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд айлчлалаас ирлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал дуусч, өчигдөр эх орондоо ирэв. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ айлчлал БНСУ-д хийсэн анхны айлчлал нь. Тиймээс Ерөнхийлөгч Ли Мён Багтай уулзах үеэрээ түүнийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьжээ. Тэрээр өмнө нь Сөүл хотын дарга байхдаа 2005 онд Монгол Улсад айлчилж байсан тул Ерөнхий сайдын урилгыг тааламжтай хүлээн авч, ойрын хугацаанд Монгол Улсад айлчлах амлалтаа өгсөн. Ерөнхийлөгч Ли Мён Баг нь 2007 оны арванхоёрдугаар сард бүх нийтийн санал хураалтаар БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, хоёр сарын дараа ерөнхийлөгч Но Му Хёны суудлыг эзэлсэн билээ. Дашрамд дурдахад БНСУ нь ерөнхийлөгчийн засаглалтай орон тул ерөнхийлөгч нь Засгийн газраа томилдог.

Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа 20 жилийн түүхтэй. Анх 1991 онд Дипломат болон албаны паспорттай иргэдийг визээс харилцан чөлөөлөх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, 1992 онд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хоер улсын Боловсролын яамд хоорондын хөтөлбөрийг баталж байжээ. Хожим 2006 оны тавдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч Но Му Хёныг Монголд айлчлах үеэр хоёр тал мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрчим хүч, барилгын салбарт хамтран ажиллах тухай санамж бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Тиймээс ерөнхийлөгч Ли Мён Багийн Монгол Улсад хийх айлчлал БНСУ-ын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй хоёр дахь албан ёсны айлчлал болох юм.

Эдүгээ БНСУ Дэлхийн аж үйлдвэржсэн 20 орны, Азийн хамгийн баян улсуудын нэг. 1960-аад оноос эхлэн эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлсээр ирсэн энэ улс өнөөдөр ДНБ-ийн хэмжээгээрээ Азид эхний гуравт, дэлхийд 13 дугаарт ордог. Ирэх 16 жилийн дотор тус улс нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээгээрээ Герман, Их Британи, Францаас давж гарна гэсэн тооцоог шинжээчид хийж, хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийн нэг гол загвар хэмээн тодорхойлдог. Тиймээс Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудал, ярианы сэдэв ч мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарыг тойрсонгүй. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Монгол-Солонгосын эдийн засгийн холбоодын тэргүүнүүдтэй уулзан эдийн засаг, хөрөнгө оруулалтын  асуудлаар санал солилцож, Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалт болон албан ёсны олон уулзалт, ярилцлагуудад оролцсон. Эдгээрээс  хамгийн гол ач холбогдол бүхий уулзалт нь мэдээж хэрэг хоёр орны Ерөнхий сайд нарын түвшинд хийсэн Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд байлаа. Хэлэлцээрт Монголын талаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Д.Гэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцжээ. Өөрөөр хэлбэл, дээрх салбаруудын асуудлыг хэлэлцээрт тусгасан гэсэн үг.

Яармагийн дэнжид Солонгосчууд хөрөнгө оруулна

2007 оны арваннэгдүгээр сард Монголын Засгийн газар, Барилга хот байгуулалтын яамнаас санаачлан  БНСУ-ын Сөүл хотод “Сөүлээс байртай болцгооё” орон сууцны үзэсгэлэнг Орон сууц санхүүжилтийн корпорацитай хамтран зохион байгуулжээ. Үзэсгэлэнд “Голомт”, “Эрэл”, “Хадгаламж”, “Анод”, “Хаан” банкиуд болон барилга угсралтын 23 компани оролцож, БНСУ-ын барилга угсралтын зургаан компанитай бизнесийн уулзалт хийж, тус улсын орон сууцны мэдээллийн сангийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан байдаг. Үүнээс хойш барилгын салбарт Солонгосын компаниудаас хөрөнгө оруулалт татах сонирхол ч эрс нэмэгдсэн бөгөөд одоо яармагийн дэнжид уртаас урт хашаа босгоод байгаа орон сууцны хороололд ч Солонгосын компаниуд хөрөнгө оруулж эхлээд байгаа. Гэвч манай захын хорооллуудад дэд бүтэц, усан хангамжийн асуудал дутагдалтай байдаг нь барилга угсралтын ажлыг хойш татах гол шалтгаан болдог. Орон сууцны хорооллын дэд бүтэц, ус дулааны шугамыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ёстой ч өнөөг хүртэл Засгийн газар энэ ажилд тодорхой хөрөнгө хаяж чадахгүй цаг алдсаар байгаа. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд Яармагийн дэнжид шинээр босох хорооллын усан хангамж дэд бүтцийг Солонгосын талын буцалтгүй тусламжаар бариулах саналыг Ерөнхий сайд С.Батболдын зүгээс тавьсан нь амжилттай болж, тус улсын Засгийн газрын “КОЙКА” байгууллагын тусламжаар хийж гүйцэтгэхээр санамж бичиг гарын үсэг зурсан байна. Харин санамж бичгийн дагуу тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах ажил Ерөнхийлөгч Ли Мён Багийн Монголд хийх айлчлалын бас нэг “сюрприз” болж магадгүй.

Оношлогооны төвд 42 сая ам.доллар

Монгол Улсын иргэд БНСУ болон хөрш зэргэлдээ БНХАУ-д очиж эмчлүүлэх, оношлуулах нь түгээмэл болсон. Зөвхөн энэ үзлэг оношлогоонд л гэхэд манай иргэд жилдээ 200 сая ам. доллар зарцуулдаг гэсэн тооцоог зарим судлаачид хэлдэг. Энэ нь монголчууд баяндаа ч бус, ганцхан манайд дэлхийн стандартад хүрсэн үзлэг, оношлогоог хийж чадахгүй байгаатай холбоотой. Манай эрдэмтдийн хийсэн генетикийн судалгаагаар солонгос хүн, монгол хүн хоёрын генийн бүтэц 98 хувь адилхан байдаг гэнэ. Тиймээс Солонгосын эмийн бүтээгдэхүүн, эмчилгээ оношлогооны төвүүдийг Монголд оруулж ирэх, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах сонирхол ч тус улсад байдаг аж. Солонгосын хөрөнгө оруулалтаар байгуулсан “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг, оношлогооны төв байдаг ч нэгдүгээрт энэ нь улсын эмнэлэг биш учир нийт хүн амд хүрч чаддаггүй, хоёрдугаарт шинжилгээнийхээ дүнг Монголд эцэслэн гаргадаггүй, Солонгос руу явуулж шинжлүүлдэг аж. Тиймээс Ерөнхий сайд тэдний энэ саналын хариуд олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний оношлогооны төвийг Монголд байгуулж өгөх хүсэлтийг Солонгосын талд тавьжээ. Солонгосын тал ч энэ саналыг хүлээн авч оношлогооны төв байгуулахад 42 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тендерийн тухай хуульд оруулах өөрчлөлттэй нийцүүлэн тус улсаас олон улсын стандартад нийсэн өндөр чанарын эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх боломжийг судлан шийдвэрлэх үүрэг хүлээсэн байна.

Монголчууд БНСУ-д   визгүй зорчих уу?

Айлчлалын үеэр яригдах асуудлуудаас хамгийн их анхаарал татаж байсан асуудал нь монгол иргэдийн хувьд магадгүй визний асуудал болов уу. Монгол Улсын 100 гаруй мянган иргэн гадаад оронд ажиллаж, амьдарч байгаагийн 1/3 буюу 30 мянга орчим нь БНСУ-д ажиллаж байгаа. Энэ бол зөвхөн албан ёсны визтэй хэсэг нь. Харин цаана нь хараар хэдэн хүн ажиллаж байгааг хэлэхэд бэрх. Ерөнхий сайд С.Батболд өмнө нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа 30 хоногийн визийг 90 хоног болгон сунгаснаас хойш визний хугацаа дуусах гэх мэт зөрчил эрс буурсан тухайд хоёр улсын Элчин сайд ихэд олзуурхдаг. Гэвч иргэдийг байнгын визтэй болгох шаардлага бас л байсаар байгаа. Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, энэ оны эхнээс Солонгосын монголч эрдэмтдийг Монгол руу байнгын визээр зорчуулах болжээ. Тиймээс Солонгост амьдарч буй холимог гэр бүл буюу солонгос эхнэртэй монгол эрэгтэй, солонгос нөхөртэй монгол эмэгтэйчүүдэд нэг адил байнгын виз олгох саналыг Ерөнхий сайд Солонгосын талд тавьсан байна. Учир нь Монголын хуулиар давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул Солонгост гэр бүл болсон манай иргэд шууд Монголын иргэншлээсхасагддаг байна. Харин Солонгосын тал уг асуудал дээр нэлээд болгоомжтой хандаж байгаа бөгөөд “Хэрвээ танай улс БНСУ-д хараар ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ тоог хязгаарлаж чадвал бид визний асуудлыг зохицуулж болох юм” гэжээ. Тус улсад гэрээгээр ажилладаг гадаадын иргэдийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс даваад байгаа тул тооны хязгаар тогтоохгүйгээр уг асуудлыг шийдвэрлэхэд бэрхтэй гэжээ. Ямартаа ч энэ асуудлаар шат дараатай арга хэмжээ авч, визний асуудлыг шийдвэрлэхээ хоёр тал тохиролцсон байна. Харамсалтай нь Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлахын өмнөхөн Сөүлд ажиллаж байсан Монгол иргэд архи ууж согтууран нэгийгээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэг  гарч, Солонгосын цагдаагийнхныг ээлжит “цэвэрлэгээнд” нь гаргаад байсан аж.

Уул уурхай, бас уул уурхай…

Хэлэлцээрийн үеэр Засгийн газрын тэтгэлгээр БНСУ-д суралцагчдыг Монголд шаардагдаж буй эрчим хүч, геологи, боловсруулах үйлдвэр, анагаах ухаан, инженер, газар тариалангийн чиглэлээр сургах, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж авах тэргүүлэх ач холбогдолтой улсын тоонд Монгол Улсыг багтааж, Зүүн Азийн цаг уурын түншлэлийн хөтөлбөрт Стратегийн гол түнш орноор орох, 2011-2013 онд Монголд үзүүлэх буцалтгүй тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүл зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал ийнхүү амжилттай өндөрлөжээ.

Айлчлалыг амжилттай болгосон бас нэг шалтгаан нь мэдээж манайд хэрэгжиж эхлээд буй уул уурхайн төслүүд, байгалийн баялаг гэдгийг бас тооцох ёстой. БНСУ ч бас уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах, амжилттай ажиллах боломжтой гэдгээ манай талд илэрхийлсээр байгаа. Ерөнхий сайд С.Батболд тэдний энэ саналд “Нээлттэй өрсөлдөөнөөр шалгараад гараад ирсэн тохиолдолд Монголын засгийн газар Солонгосын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах болно” гэдгээ хэлсэн байна. Тухайлбал, одоо тендер нь зарлагдаад байгаа Тавантолгой-Сайншанд-Баруун урт-Чойбалсангийн чиглэлийн өргөн төмөр замын төсөл дээр ОХУ, БНСУ, Япон улсын хамтарсан концсерциум эхний шалгаруулалтад тэнцээд байгаа. 

Б.СЭМҮҮН  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

so gehee bolildoo, 2011-03-29 202.180.216.227

naad uul chin yu ch hiihgui zugeer uridchilgaa avaad l alga bno doo, yu nariin budiin tomor zam, choir – sain shandiin har zamiig har l daa ali 1999 ond barina geed TENDERT YLAAD L alga bolson doo… hen hohirch na MGL uls…

Avatar

he he taarsan gazraa ochih um 2011-03-29 202.180.216.227

Solongosuudtai hamtrah hereggui dee,… naad uul chi tuiliin HULHI ulsuud… dalanzadgadiin dulaanii stants gej hytadiin hog avchirch ugsraad odoo ajildaggui hog.. tendhiin humuusiig zalhaaj bna… bas CHOIR- SAINSHANDIIN har zam barina geed odiig hurtel bariagui… ene bol manai ulsiin gol strategiin zam shuu dee… sologosuud ooriinhoo ulsad hiideg shigee um manaid hezee ch hiihgui… sain solongos sariin naiz…. harin so nariig hoogood gargah heregtei…

Avatar

Зочин 2011-03-29 182.160.31.127

2 ulsiin hariltsaa hamtiin ajillagaa buh salbart orgojin teleg

Avatar

http:goe.mn 2011-03-29 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

Avatar

***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I 2011-03-29 202.179.14.131

АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I PAD 2-ийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР зарж байна COMPUTERSHOP m n ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛЛАА утас 99172587 99999019

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж