Монголын улстөрчдийг ийм гэж бодоогүй

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Монголын улстөрчдийг ийм гэж бодоогүй

-МАН, АН-ын нөхдүүд  чинь мөнгөтэй болчихсон. Өөрсдийнхөө мөнгийг хамгаалахын тулд барууны үзлийг сонгоно-

МАХН-ын нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та өөрийнхөө талаар ном бичиж байгаа гэсэн. Үзэл бодлынхоо тухай бичиж байгаа юм уу, эсвэл амьдралаа юу?

-Тийм. Миний улс төрд орж буй шалтгааны тухай гэж ойлгож болно.

-С.Молор-Эрдэнийг тайлбарласан толь гэж үү?

-Тийм. Тайлбар, зөвт­гөл. Хувь хүнийхээ хувьд амьд­ралын маш том өөрчлөлтөд орж байна, би чинь. Гэр бүл, хамаатан, садан, найз нөхдийн хувьд их өөр өөрчлөлтөд орж байна. Миний энэ өөрчлөлтийг утсаар хүртэл мэдэгдээд эхэллээ. Хэн нь утасдах нь олширч байна, хэн нь цөөрөв. Найзууд цөөрч байна уу, олширч байна уу гээд…

-Найзуудын зарим нь дурамжхан байгаа хэрэг үү?

-Найз маань өөр намын хүн байлаа гэхэд Молортой уулзахаар зөрчилдөнө гэж үзэж ч байгаа л байх. Хуучин улстөржөөгүй үед сайхан найзууд байсан. Энэ мэтээр бүх зүйлд өөрчлөлт орж байна.

-Танд харин юу нь хэрэг болов. Яагаад ер нь МАХН-д орчихсон юм бэ. Өөр хүчтэй тэнхээтэй яваа нам бий шүү дээ?

-Яагаад МАХН-нд оров, яагаад Н.Энхбаярыг дагаад эхлэв. Чамайг энэ хүнийг дагаад байгаад гайхаж байна гэх мэтчилэн олон довтолгоо улс төрийн намуудаас гэхээсээ илүүтэй найз нөхдөөс ирж байна. Цагаан сараар золгоод явахад хүртэл хэцүү болж эхэлсэн.

-МАХН-ын нэр хүнд тэгтлээ шалбаагт уначихсан хэрэг үү?

-Үгүй. Миний алхмыг л гайхаж байгаа хэрэг. Хүмүү­сийн ойлголтын зөрүү гэж байна. Өмнө нь намайг улс төргүйгээр хүлээгээд авчихсан хүмүүст сонин байгаа байх л даа. Тиймээс би тайлбарлаж байна.

-Философич хүн хуучин­саг үзэл, баримтлал­тай энэ намыг сонгоод байгаад л гайхсан байлгүй. Нам ч гэж… Нэрийн хойноос л хөө­цөлдөөд. Нэг нь голж өөр нэр авчихаад өгөхгүй гэх. Нөгөө нь энийгээ л заавал авна гэх юм. Ер нь тэр нэрийн хэрэг байгаа юм уу. Тэд тэгээд талцаад явж л байг л дээ. Та шинэ хэлбэрээр цэвэрхэн улс төр хийх гээд байгаа юм бол өөр нам байгуулаад өөрийгөө хөзрийн нэгдүгээр хүн болгоод яагаад яваагүй юм?

-Социализм бол гацаанд ороод бүтэхгүй гэдэг нь ойл­гомжтой болсон. Капитализм ёстой гоё гээд бүгдээрээ тийшээ явах гэсэн чинь бас бүтэхгүй болчихлоо. Одоо яах вэ. Шинэ зам хайх уу гээд явлаа. Неолиберализм гэдэг чинь бас л нэг шинэ зам хайж байгаа хэрэг. Гуравдагч замыг хэсэг хайж үзлээ. Тэрний төлөөлөл нь Тони Блэйр байна. Бас л төгс хувилбар биш болоод бүтэлгүйтлээ. МАН-ын нөхдүүд тэр рүү явах гээд бүтэлгүйтчихлээ. Улс төр гэдэг өөрөө хайлт л даа. Төгс улс төр гэж байхгүй. Миний хувьд, философичийн хувьд тийм байдаг, тэгсэн нь дээр, тэгдэг шүү дээ гэх мэтээр онолын төвшинд хажуугаас нь ажигласан. Эхлээд бид чинь гурав, дөрвөн хэлэлцүүлэг явууллаа шүү дээ.

-Тийм. Шинэчлэлийн тухай?

-Тийм. Тэр үед болохоор би судлаачийн хувиар оролцож байсан. Улстөрчийн байр сууриас биш гэх үү дээ. Гэтэл та одоо ингээч дээ, өөрөө ийм юм хий л дээ гээд намайг түлхээд оруулчихаж байгаа юм. Энэ урсгалд нэгэнт орчихоор “больё” гэх, түүнийг ухаарах зав ч гарахгүй байгаа юм. Оны өмнө улс төрийн үйл явц их хурдассан шүү дээ. “Юу болов оо” гэхийн завдалгүй л асуудал өрнөлөө. Ногоон намын нэгдэх асуудал, МАН, МАХН гээд л. Хүмүүс ч МАХН-ыг харж эхэллээ. Ер л бүх нам өөрсдийгөө толинд харж эхэлсэн. УИХ-ын гишүүн З.Энхболд хүртэл “Би барууны үзэлтэй” гэж хэлээд л. Ер нь зүүний үзэлтэй хүн олдохоо байсан шүү дээ/инээв/. Би бол зүүний үзэлтэй хүн. Бизнесийн хүн биш. Хүний эрх, эрх чөлөө, амьдралын баталгаа, боловсрол үнэгүй байх ёстой гээд л хэлээд эхэлнэ. Нөгөө нөхдүүд болохоор “Юу ярьж байгаа юм. Боловсрол үнэтэй байх ёстой” гээд л эхэлнэ л дээ.

-Философичид чинь харин барууны үзлийг түшээд байгаа юм биш үү. Барууны үзэлтэй орнууд руу их гарч байна шүү дээ. Адаглаад оюунаа бодитоор үнэлүүлнэ гээд байгаа юм биш шүү, цаана чинь?

-Яахав, нэгдүгээрт оюунаа үнэлүүлж байгаа. Сая Азийн философичид Казахстанд хуралдсан. Дөрөвдүгээр сарын дундуур Японд бас болох байсан ч хойшилчихлоо. Би оролцох гээд илтгэлээ явуулсан. Солонгос зэрэг оронд байхад барууны чиглэлтэй хүмүүсийг их сонирхдог л доо. Манайд бол оюуны гацаанд орчихсон. Оюун гэдэг нэр үгийг үйл үг болговол оюунжих ёстой шүү дээ.

-Манайд зүүний чиг барим­жаатай намууд л бай­гаа юм биш үү. Ардчилсан нам өөрсдийгөө барууны үзэлтэй гэдэг ч “Хүүхдийн мөнгө”-нөөс эхлээд зүүний чиглэлийн нийгэм рүү чиглэсэн бодлогыг эхлүүлсэн хүмүүс биз дээ?

-Тийм. Би Ардчилсан намынханд хэлсэн. “Та нар зүүнийх шүү дээ” гэхэд “Үгүй. Бид нар баруун” гээд байгаа юм. Байгаа байдал, характер нь, төрх нь өөрөө зүүн шүү дээ. Анх ардчилсан хүчний гарч ирсэн үзэл бодол нь зүүн шүү дээ.

-Яагаад?

-Ард түмэн гэж гарч ир­сэн. “Рашаантын 18” гээд дуугаар гарч ирээ биз дээ. Рашаантын 18  тоотод боорцог идээд амьдарч байгаа хүүг боорцогны оронд талх, масло идүүлэх гэж гарч ирсэн хүмүүс. Боорцгийг амьдралын доогуур хэмжээ гэж цаадуул чинь үзсэн шүү дээ. Тэгэхээр боорцгийг талх, маслоор солих гээд гарч ирсэн гэдэг маань өөрөө зүүний үзэл. МАН-ын нөхдүүд өнгөрсөн намар үзэл баримтлалаа өөрчлөөд яг барууны замаар явах гэсэн. Тэр үед нь би хэлсэн. “Та нар ойлгохгүй байна” гэж. Тэгтэл нэрээ солиод үзэл баримтлалаа хэвээр үлдээсэн. Эд нар удахгүй үзэл бодлоо өөрчлөөд барууны зам руу орно. Орохоос ч өөр аргагүй.

Яагаад. Тэгвэл тэд эрх барина гэж зүүдлээд ч нэмэргүй болохоор тэгэхгүй л болов уу. Сонгуулиар хоо­сон амлаад, худалдаад аваад сурчихсан хүмүүс чинь? 

-Тэд чинь мөнгөтэй болчих­сон. Мөнгөө хамгаалахын тулд даатгал, бизнесийн маш хөнгөхөн хууль гаргуулна. Хөрөнгөө баталгаажуулах гээд байна. Мөнгө нь эргэлддэг машинаа гацаахгүйн тулд тэдэнд ийм алхам хэрэгтэй. Энийгээ парламентад орж зөвшөөрүүлэхийн тулд баруу­ны замаар явна. Ардчилсан намын хувьд хувийн зөрчилд орчихсон. Анх зүүн гэж гарч ирсэн. Гэтэл одоо баахан оли­гархитай болчихоод баруун гээд байгаа. Доод шатныхан нь маш их дургүйцэж байгаа шүү. Хэт “хувьсгалт нам”-аа дуурайгаад байна. Нэг хэсэг нөгөөдүүл нь Ардчилсан намыг дуурайдаг байлаа. Дуурайж бизнес хийдэг байсан юм. Одоо өөрсдөө мөнгөтэй болчихсон тэгэх шаардлагагүй.

-“Хувьсгалт нам” гэж та өөрийнхөө намыг хэлээд байна уу, МАН-ыг хэлээд байгаа юм уу?

-Хуучны хувьсгалт нам л даа. Бидний хувьд бол МАХН гэж хэлэх хэцүү. Нэг ёсондоо байхгүй болчихсон намыг босгох гээд явж буй хүмүүс шүү дээ. Ардчилсан нам бидэн шиг хоёр хуваагдах хэрэгтэй. Үзэл бодлын зөрчлөөрөө салах хэрэгтэй. Ардчилсан намын баруун гээд байгаа хэсэг нь цөөнх шүү дээ. Зүүнийхэн нь давамгайлчихсан. Зүүнийхэн нь барууныхнаа мөнгөөр дараад байгаа. МАН-ын хувьд маш их мөнгөний баталгаа авчихсан. Тэр нь маргааш, нөгөөдөргүй ороод ирнэ. Энүүн дээр л оршиж байна. Бид бол гишүүнчлэлээс татгалзаад, тэрийг тоохгүй.

-Та улс төрд өөрийн хүсэл­тээр биш, хүний ятгал­гаар орчихсон хэрэг үү?

-Олон асуудал бий. Энэ хүмүүстэй үзэл бодол нийлж байгаа юм. Нуулгүй хэлэхэд, би Монголын улс төр, улстөрчдийг ийм доогуур хэмжээнд гэж бодоогүй. Том юм ярьсан хүмүүсийг хараад мэддэг гэж бодоод байдаг. Гэтэл тийм биш юм. Айхтар улс төрийн боловсролтой хүмүүс байдаг юм болов уу гээд дунд нь орохоор завхарчихсан юм билээ. Хажуугаас нь хараад үнэлэлт дүгнэлт өгөх мэтээр хий хоосон юм яриад хэрэггүй юм байна лээ. Улстөрч гэхээр нөхөр алга. Төртэй. Төрийг тээж яваа хүмүүс нь төрийн биш байх жишээний. Будаг нь ховхорч унаад байна. Цаанаас нь өөрийн гэсэн өнгө ердөө гарч ирэхгүй. Ингэхээр ийшээ орж, улстөрч гэж хэн, нам гэж юу вэ, зүүн, барууны үзэл гэж юу байдгийг дунд нь орж, хэлж, хашгирч өгөхгүй бол миний хэлээд байгаа коммунизмын үнэнч намын гишүүн гэсэн ойлголт нь хэвээрээ юм байна. Би бараг л тэднийг соён гэгээрүүлэх ажил хийх гээд байна шүү дээ/инээв/.
 
-Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр гэдэг хүн тэдний л нэг шүү дээ. Та өөрөө нийл­чихсэн болохоор түүнийг бус­даасаа арай өөр гэж хэлэх юм уу?
 
-Яах вэ. Одоо зүүний, социал­демократ юм яриад, энэ үзлийг аваад явчих юмсан гээд. Доороос нь та аваад яваарай гээд тодорхой хүмүүс горьдоод харчихсан. Манай хүн тэр улс төрийн алхамаа хиймээр байдаг. Гэтэл баг байхгүй. Тэр багийг бүрдүүлэх гэж бид нэлээд юм боллоо. Энд, тэндээс хамж шимээд нэг баг гарч ирлээ. Тэр дунд өмгөөлөгч Ч.Энхээ, Л.Цог гээд хүн орчихсон л яваа. Миний хувьд ямар нэгэн байдлаар улс төр шинэчлэгдэх ёстой гэсэн алхмын төлөө л явж байгаа. Энэ нам нэрээ аваад нам болоод явбал хэрэгтэй. Цаашаа яахыг би мэдэхгүй. Хувь хүнийхээ хувьд багагүй зөрчилд орчихсон явж байна. Үүнийгээ бичиж буй номоороо ил гаргана.

-Энэ баг өөрөө маш том зөрчил юм биш үү. Ч.Эн­хээ, Л.Цогоос эхлээд Н.Энх­баяраа эсэргүүцээд, тэрэн шиг муу хүн байхгүй гээд явж байсан хүмүүс шүү дээ. Энэ олон зөрчлийг юу нэгтэгчихэв?

-Энэ олон зөрчил үү?

-Тийм. Ашиг сонирхлын нэгдэл байна уу. Үзэл бодлын хувьд нэгдчихлээ гэвэл дэн­­­­дүү гэнэн тэнэг болох байлгүй?

-Өөрөө ажигласан байх. Сүүлийн үед жижиг намууд, иргэний хөдөлгөөнүүд нэгдээд байгааг. Одоо хүн рүү, эсвэл намтай үзэлцээд байдаг улс төрийн эрин үе дууссан. Арай л өөрөөр томоор бодмоор байна. Нутагтаа тайван амьдрах нөхцөл нь алдагдчихсан байна. Тийм байхад хэн нэгэн рүү хашгираад, тэнд нэг уул хамгаалаад нэмэргүй болчихлоо. Арай л өөр төвшинд ярихгүй бол болохоо больчихож. Энэ л нэгтгэж байгаа.
Уул уурхайн том группууд орж ирээд иргэдийнх нь эсрэг монгол хүнийг тавьчихсан. Ингээд баялгийг нь ухахаар тохирчихсон гээд хангалттай проблем бий. Тиймээс их жижиг зүйлийн араас явж байснаа ойлгож, ухаараад нэгдсэн юм. Ерөөсөө өмнө нь хэнийг ч харааж, зүхэж, хэнд ч дургүй байсан бай өнгөрсөн. Одоо тусгаар тогтнол, иргэдийн эрх ашиг хөсөр хаягдчихсан байхад үүнийхээ төлөө л явцгаая гэсэн байдал үүсчихсэн юм болов уу.

-Энэ болдоггүй эрх барьж байгаа намуудыг л дарахаар нам байгуулж дээ?

-МАНАН бол их баяртай байгаа. Сөрөг хүчин гэж байхгүй учраас.

-Тэднийг дийлэх нь өнгөрчихсөн байх аа? 

-Дийлдэхээ байчихаж. Энэ хүмүүс ч өөрсдөдөө итгэлтэй гэж жигтэйхэн. Маш их мөнгө уул уурхайгаас орж ирэх учраас хамтарч идээд, бүхнийг худалдаад авчихна л гэж боддог. Цор цор гэвэл хэдэн төгрөг хэрэгтэй юм. Дансаар авах уу, бэлнээр авах уу гэдэг болчихож.  Яаж энэ байдлыг таслан зогсоож, иргэдийнхээ амьдрах таатай орчныг бүрдүүлэх зам руу л явах ёстой. Үүний төлөө л улс төр хийнэ. Тэрэнд нь гар бие оролцоно доо.

-Хэр тууштай байж ча­­дах бол. Сая иргэний хөдөл­гөөнүүдийг “Гурвалсан гэрээ” гэдэг юмаар худалдаад авчихлаа шүү дээ?

-Тэр ёстой муухай юм болсон, Тийм ээ /шогшров/.

-Тэрэнтэй адил С.Молор-Эрдэнийг дуугүй болтол чинь мөнгө өгвөл яах вэ. Үүнийг аваад чимээгүй номоо бичээд явж бай гэвэл авах л байх даа?

-Би мөнгийг нь аваад бөөн баяр болоод. Нэг байшин худалдаж аваад номоо хэвлүүлээд үү /инээв/. Энэ бол улс төрийн биш хүн чанарын асуудал л даа.

-Сурчихлаа шүү дээ. Жоохон цор цор гэвэл мөнгө өгөөд л дуугүй болгочихдог. Сүүлдээ жагсаал хийж мөнгө олдог болчихлоо?

-Жагсаал гэж компани бий болчихож. Жагсаал хийгчид үйлчилгээний байгууллага болчихсон, тийм үү. Мөнгө өглөө, жагсаал хийнэ.

-Ингэхээр энэ хоёр том намыг солих найдвар байна уу?

-Тоглосон юм шүү. Бид хоёрын яриа айхтар халчихлаа. Нийгэмд өөрийн амин сүнс бий. Тэр устахгүй. Наагуур нь жижиг хүүхэлдэйнүүд гарч ирээд өөрсдийн жижигхэн жүжгээ тавина л даа. Гэхдээ цаад ард түмний цом гэдэг чинь эрхэм зүйлээ алдахгүй. Түүнийг бэхжүүлэх нөхцөлийг л бүрдүүлэх хэрэгтэй. Ливи, Египетэд үүнийг харууллаа. Ард түмний амин сүнсийг ямар ч дарангуйлал дийлэхгүй байна шүү дээ. Тэрэн шиг монголын нийгмийн амин сүнс нь буцлаад гарч ирнэ л дээ. Хэзээ вэ гэдгийг харин хэлж мэдэхгүй.

-Парламентын засаг­лалын талаар яриад эхэллээ. Удахгүй Үндсэн хуулийг ч авч хэлэлцэх гэж байна. Та үүнийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Үндсэн хуулийг эхнийх нь хуудсаас эхлээд дуустал нь бүрэн засах хэрэгтэй гэж боддог.

-Яагаад. Зарим зүйл заалт нь харин ч сайн болсон юм биш үү?

-Сая ярьдаг амин сүнсэд зориулаагүй Үндсэн хууль. Энэ амин сүнсийг босгож ирж, тэнхээ оруулж байж хөгжлийн зам руу “Ура” хашгираад явна. Түүнд энэ хуулийг зориулаагүй. Үндсэн хууль монголчуудын сайн сайхан амьдралыг баталгаажуулах ёстой. Үүнтэй холбоотойгоор монгол туургатны асуудал яригдана. Одоо өөрчлөл хийх гээд буй нөхөд бол Үндсэн хуулийн засаглалын хэлбэрт жаахан өөрчлөлт оруулаад, парламентад орж ирэх нөхрийн тоог нэмчихвэл “Миний буцаж ирэх магадлал өндөр болчихлоо” гэсэн нөхдүүд байх. Хүний эрхийн тунхагийг гэхэд л Үндсэн хуульд түүж оруулсан. Бүгдийг нь оруулчих л хэрэгтэй байхгүй юу. Тэр бүгдийг тусгахаар монгол хүнийг дэндүү их баталгаажуулсан болох гээд байхаар айж “Төр гэж зүйлээр дарж байх ёстой” гэж хийсэн хууль шүү дээ. Ингэвэл ингэнэ гээд л. Дураараа загнана ч гэх шиг. Дураараа байхыг нь зохицуулах бус зогсоох хууль гаргах гээд байна л даа. Үндсэн хууль тааруу, түүнийг дагасан салбар хуулиуд нь муу учраас нэг асуудал гарлаа гэхэд л Үндсэн хуулийнхаа Цэцэд гомдол гаргаад байгаа юм.

-Намуудын тухай хуу­лийг хэлэх гээд байна уу?

-Тийм. Намын нэрийг хөөцөлдөөд Үндсэн хуулийн Цэцэд очно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Нам дотроо задраад бид энэ нэрээрээ явна гэхээр нөгөөдүүл нь бид үүгээрээ явна гэсний төлөө Цэцэд хандах болж байна. Цэцээр нь та нар ийм нэрээр явж болно, тийм нэрээр явж болохгүй гэж яриулах гээд байгаа ч юм уу. Утгагүй зүйл. Нэгдэх, салах нь намын дотоод асуудал. Үзэл бодлоороо нэгдчихсэн учраас үзэл бодол нь таарахаа болилоо гэхэд тарах л асуудал. Үндсэн хуулийн Цэцэд хамаагүй. Энийг Намуудын тухай хуульд тодорхой тусгаагүйгээс л ийм утгагүй юм болж байна. ИЗН, Ногоон нам гэсэн үзэл бодлоороо яагаад ч нийлэхгүй хоёр намыг л УИХ-ын хоёр гишүүн нийлүүлчихэж байгаа юм. Огт өөр үзэл бодлуудыг хүчээр нэгтгэчихэж байгаа юм. Уг нь үзэл бодол нь тодорхой байх ёстой биз дээ. Энэ тодорхой бол ямар замаар явахыг нь заачихсан бол ийм явдал гарахгүй л дээ. Ганц үгээр хэлэхэд, улс төрийн тогтсон, төлөвшсөн үзэл бодол алга. Тэгэхээр намууд төлөвшөөгүй байна гэдгийг харуулаад байна.

-Та хүн өөрчлөгдөж болохгүй гээд байна, тийм үү. Н.Энхбаяр бол хүн өөрчлөгдөх ёстой гээд байгаа шүү дээ?

-Хүн өөрчлөгдөнө л дөө. Нам бол өөрчлөгдөхгүй. Намынх нь гишүүн харин өөрчлөгдөж болно шүү. Тэгвэл тэгээд баяртай. Харин нам гэдэг чинь өөрөө органик эд шүү дээ. Бөөр бөөрөөрөө, зүрх зүрхээрээ байдаг шиг.

-Намын гишүүнчлэл хэрэг байна уу. Тэрнээс болоод нэг гэрийн хоёр хүртэл талцаад хэрэлдээд байна. Ингэх ёстой юм уу?

-Хэрэггүй. Түүнээс бо­лоод бидний хүн чанар, хүмүүж­лийг эвдэж, боловсрох, мэдлэг олж авахад саад болж буй зүйл бол энэ муухай нам, намын гишүүнчлэл. Египетийн дай­сан Мубарак байсан бол Монголынх намууд.

-Тэгвэл та яагаад нам гээд гүйгээд байгаа юм?

-Энэ нийгмийн улс төрийн урсгалд урсахын тулд ингэж байна. Гэхдээ үүнд шүүмжтэй хандахгүй бол болохгүй. Би алдааг нь зөвтгөх гээд тэнэг юм ярьж, хийж болохгүй. Алдсанаа алдаагүй гээд гүрийж болохгүй. Ухамсарлах хэрэгтэй. Энэ утгаараа бидний хөгжилд намууд саад болж байна. Тиймээс намуудын хуулийг төрийн бус байгууллагын хууль шиг болгох хэрэгтэй. Үйл ажиллагааг нь иргэний хуулиараа ч юм уу, өөр жижиг хуулиараа хяначихдаг л байхад болно. Дэндүү их туйлшрал хэрэггүй л дээ. Үндэсний эрх ашиг байх ёстой болохоор үндсэрхэг үзэл байж болохгүй. Нөгөөтэйгүүр намыг маш хялбархан байгуулчихдаг болгох хэрэгтэй. Хүн дэмжихгүй бол аяндаа тэр нам унтарна. Тэрнээс ургаа хад шиг ийм хөдлөхгүй намууд хэрэггүй. 

-Нам байгуулахад харин ч амархан байгаа юм биш үү. МАХН гэдэг товчлолтой 17 нэр авчихсан байна гээд л байсан?

-/Инээв/ Зуу зуун хүн ч очоод аваагүй байх аа. Нэр авч байгаа нь ч гэсэн утгагүй байгаа юм. Нэг брэндийн нэр юм шиг.

-Та нар ч гэсэн үзэл бодлоороо нэгдэнэ гэхээ­сээ илүүтэй нэг брэнд үйлд­вэрлэх гэж байгаа хүмүүс шиг байх юм. Тэр нэрийг нь хаячих л даа. Өөр нэр авчихгүй юу. Coca cola зарах гэж байгаа биш. Нэг нь өгөх­гүй, нөгөө нь авна гээд л?

-Яг үнэн л дээ. Өөрийн чинь хэлээд байгаа бас зөв л дөө. Тийм асуудал яригдах ч байх. Хэрэв энэ нэрийг өгөхгүй гээд байвал. Надад тэр нэр чухал биш. Энэ бол жижиг асуудал шүү дээ.

-Энэ хөгийн хуулийг чинь Н.Энхбаяр л батлуулсан гээд байна. Одоо харамсдаг болов уу. Тийм яриа өрнөх үү?

-“Та тэр үед тэгсэн бол” гээд л, тийм үү. Өрнөдөг байхыг үгүйсгэхгүй л дээ. Би бол мэдэхгүй юм.

-Та ер нь энэ намд юу хийж байна?

-Ер нь бол намайг улс төрийн бодлого ч гэдэг юм уу, гадаадтай харилцах, нам доторх нөхдийг оюунжуулах ажил гарвал тэрийг хийнэ гэсэн тиймэрхүү л ажлыг хийж яваа хүн шүү дээ. Би ерөнхийдөө анхааруулдаг л хүн л дээ.

-Та яагаад толгойлж болоогүй юм. Түрүүн яриад байсан шиг бас нэг хэсэг бүлэглэл дунд ганцаараа ороод ганцаардчихав уу?

-Одоо би энэ нөхцөл байдалтайгаа арай өөрөөр ажиллаж, шинэ нөхцөл бий болсон. Зөвхөн та нар хараад байгаа ч юм биш. Надад өөрт мэдрэгдэж байна. Тийм болохоор ном бичээд байна. Зорилгоо тодорхойлно.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд амжилт хүсье.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж