Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн жендэр

Жендэр гэдэг үгийг манайхан “Улс төрд орж УИХ-д суух гэсэн авгай нарын ажил” гэж хялбарчлан ойлгоод хэвшчихэж. Жендэрийн тухай яриа үүсмэгц  үүх түүх  судалсан хашир эрдэмтдээсээ эхлээд “Өө, би эхнэрийг өрхийн тэргүүн гэж өргөмжлөхийг зөвшөөрөхгүй. Хүүхдүүдээ эхээрээ овоглохыг харснаас үхсэн минь дээр” хэмээн мугуйдлах. Хэн ч тэр айлын өрхийн тэргүүнийг сольж, хүүхдийнх нь овгийг өөрчлөх гээгүй байхад “жендэр” гэдэг үгээс айж, жигшдэг хуучтай болж.  Ерөөсөө эмэгтэй хүн өөрөөс нь арай дээш ахичих вий гэхээс сүнсээ зайлтал эмээдэг харчууд элбэгшсэн аж. Эхнэрүүд төр баривал гялгар цалгар юмнаас эх орноо өгчихнө ч гэх шиг. Эрчүүд хамаг баялгаа тавиад туучихдаггүй юм шиг. Тэдэнд өөрсдөд нь жендэр гэдэг үг хамаатайгаас хамаатайг эрчүүд анзаарах сэхээгүй явна.

Харин тэгвэл бүсгүйчүүдэд төр, засгийн шийдвэр гаргах дээд төвшинд л төлөөлөл үгүйлэгдсэнээс биш эрчүүд шигээ хараахан болчихоогүй байна. УИХ-ын 73 гишүүн, хэдэн сайд, газар, агентлагийн дарга нар, цөөхөн том компанийн захирал, нэртэй эрдэмтэд, тод, манлай уяачдаас нэлээд уруудуулсхийгээд харвал харин ч манай эрчүүд жендэрийн томоос том асуудалд тулчихсан. Түүнийгээ мэдвэл эсрэгээрээ жендэр гэдэг үгэнд тендэр шиг дурлаж мэдэх л улс. Түрүүлж ойлгосон хэд нь эрэгтэйчүүдийн төрийн бус байгууллага байгуулж хүсэл сонирхлоороо нэгдэж ажиллаад эхэлсэн байна.

Нөгөө “дарга болох гэсэн авгай нарын хэрэг” гэдэг бүдүүлэгдүү төсөөллөөс цаашгүй жендэрийн тэгш эрх гэдэг үг маань хэрэг дээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд ашиг тус, эрх мэдэл, нөөц баялаг, хариуцлагыг хуваарилах эрх зүйн хандлага л ажээ. Манайд жендэрийн тэгш эрх дээд төвшинд эмэгтэйчүүдэд, доод төвшинд эрчүүдэд алдагдсан гэж байгаа. Энэ нь багш, эмч, үйлчилгээний ажилтны үнэмлэхүй дийлэнх эмэгтэйчүүд болсноор гэрчлэгдэнэ. Хууль шүүх, цэрэг, цагдаад ч хүүхнүүд зөндөө байна. Эрчүүдийн жендэрийн асуудал  эмэгтэйчүүдийнхээс хавьгүй эмзэг. Хар багаасаа л жендэрийн тэгш байдал нь алдагддаг хүйс харин ч харчууд. “Энэ яахав, эр юм. Эр хүн хээгүй нь дээр. Хэдэн хонь эргүүлж байгаад цэрэгт явна биз. Цэргээс ирээд авгай хүүхэд аваад амиа аргална л биз” гээд хөвгүүдийг сургуулиас завсардуулчихна. Хурдан морь хөлсөөр унаж баячуудыг цэнгүүлээд гэр орноо тэжээх хэдэн халтар цаасны төлөө тэнгэрт халих энүүхэнд. Хот суурины ядуу айлын хөвгүүд зах дээр тэрэг түрнэ. Чөргөрхөн биедээ баймгүй их ачааг дааж ядан зүтгэж хоногийн хоол залгуулна. Их, дээд сургуулийн оюутны 20-30-хан хувь эрчүүд байдгийн цаад тал энэ.  Арай томроод дэглэлт шоглолт давж явж цэргээс амь мэнд, яс бүтэн ирнэ. Ажил байдаггүй ээ. Төр барьсан 73 ах нь юун тэдний нийгмийн асуудалтай манатай, уул уурхай, ашигт малтмал, сонгуулийн тогтолцоо яриад хөнжилдөө орох завгүй. Залуу толгойгоо салаавчилж гэрт хэсэг хэвтэнэ . Ар гэрийнхэндээ ад үзэгдэж эхэлнэ. Гадуур дотуур явж ижил зовлонтой нөхөдтэй болно. Нанчид хүртэнэ, нанчилдана. “Аав”-ынд хоригдоно, аль эсвэл зах зээл орчмоор архи эргүүлж, пянг нь даахгүй “тас үсрээд”, нөгөө эрийн хийморь сүлдээ тоостой хутган хог хош дэрлээд унтсан үхсэн нь мэдэгдэхгүй “пөөдийж” хэвтэнэ. Түүнд золбин нохойноос өөр амьтан үл дөхнө. Дотроо юунаас болж яаж шаналж, гунигаа мартагнах гэж  бор дарсаар түүнийгээ даруулж ингээд гулдайчихсаныг хэн ч үл тооно. Харин ч бүр аавгүй, нөхөргүй, найз залуугүй, хүүгүй, ахгүй, эрэгтэй дүүгүй юм шиг ам хамраа таглан алсуур тойрно. Намрын түрүүчийн хүйтнээр өвгөнтийн сайн эрс, золбин гөлөг хоёр л амь эрсдэнэ. Бага ангийн балчир үрсээ сургуульд сурахад нь хань болох гээд сум бараадсан эхнэрийн эзгүйд малчин эр хэдэн малаа арчилж маллах гэж аргаа барж, зудад тавьж туугаад нийслэлд ирнэ. Чимээгүй хот бараадаж овоохойгоо босгочихоод шил, хуванцар цуглуулж хэдэн ходоодондоо хийх зүсэм талх, үмх мах залгуулна.

Гайгүй нэг нь гадагш явна аа. Их сайндаа Өмнөд Солонгос орж хангүүг эзний зарц хийж эрийн хийморь сүлдээ хормойдоо чирнэ. Сонгосон УИХ-ын гишүүн агаа нар нь “Тойргоосоо төдөн залууг Япон, Солонгост явуулна” гэж мах бэлтгэлд туугдах малын төлөвлөгөө аятай өндөр дуугаар зарлана. Ар талдаа хэдэн ам.доллар явуулж хэдэн жил болоод эргээд иртэл аав ээж буурайчихсан, эхнэрийн сэтгэл хөндийрч, хүүхдүүд хүнийрхэх болсон шинжтэй. Балга тагш сархад хүртвэл архичин цол хүртэнэ. Ажил төрөл хийх гэтэл боловсрол мэдлэг нимгэн. Охид хүүхнүүд цалин муу, анхиагүй гээд царай өгөхгүй. Ёстой жендэрийн тэгш байдал үнэнхүү алдагдсан байдал монгол эрчүүдэд нүүрлээд байна.

Дундаж наслалт нь эмэгтэйчүүдээс даруй 10-аад жилээр доогуур, хар бор ажилд зүтгэж, сархад нанчид хүртсээр биегүй болчихсон, хамаатай эмнэлэг нь ганц, түүндээ очихоосоо айх ичих гэж тоймгүй гээд тоочвол УИХ-д 97 хувийн төлөөлөлтэй эрчүүдийн жендэрийн тэгш байдал хэтэрхий алдагдсан нь илэрхий харагдана. Тэгэхээр жендэр гэдэг үгээс цочих хэрэг алга аа, эрчүүд ээ. Та нарын алдагдсан эрх жендэрийн тэгш байдлыг хангах гэдэг дотор орчихсон. Бидний амьдралын талбар зөвхөн улс төр биш. Жендэр гэдэг үгийг “авгай нарын улс төр” гэдгээс салгаад эргэн тойрноо хараарай залуус аа. Хашааны ёроолд шороонд хутгалдаад хэвтэж байгаа монгол эр хүн жендэрийн тэгш байдлаа алдчихсан нэгэн гэдгийг санаарай.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж