
Тус айлчлалын хүрээнд ноён Талиб Рифай Монгол Улсын төр засгийн тэргүүнтэй уулзаж, Монгол орны аялал жуулчлалын хөгжлийн асуудал, цаашид Дэлхийн аялал жуулчлалын байгууллага Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна аялал жуулчлалын салбарын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж буй ач холбогдлын талаар дурдсан “Нээлттэй захидал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулах гэнэ. Мөн энэ үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нэр хүндтэй шинжээчид Монголын аялал жуулчлалын маркетингийн талаар семинар зохион байгуулах аж.
ДАЖБ нь улс орнуудын аялал жуулчлалын бодлого, практик туршлагыг солилцох нөхцөл бүрдүүлэх, холбох үүрэг бүхий салбарын тэргүүлэгч байгууллага юм. Долоон тивийн 154 орон уг байгууллагын жинхэнэ гишүүн бөгөөд Монгол Улс 1994 онд элсэн оржээ. Үүнээс хойш 2008 он хүртэл гишүүний татварын өртэй явж ирсэн. Аялал жуулчлалын салбар Байгаль орчны яаманд шилжсэнээс хойш буюу 2008 оноос тус байгууллагын гишүүний татварыг төлөх асуудлыг эрчимтэй хөөцөлдсөнөөр 2011 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад төлөх гишүүний татварын өртэй холбоотой судалгаа, тооцоог гаргаж, нийт 459,4 сая төгрөгийн татвар төлж барагдуулсан байна. Ингэснээр Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад гишүүнчлэлийн татварын өргүй болсон ба тус байгууллагын бүрэн эрхэт гишүүн болжээ. Бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагддаг байна.