Ус зайлуулах хоолойгүй Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Ус зайлуулах хоолойгүй Улаанбаатар

Цаг агаарын байдал нэ­лээд тогтворгүй байгааг гэнэт орох усархаг борооноос харж болно. Богинохон ху­гацаанд орсон бороо нийс­лэлийн гудамж талбай, далан шуудууг эвдэж, цааш­лаад айл гэр урсгах аюултай.

Гол үерлэснээс осол эндэгдэл ч олонтаа гарч байна. Усархаг борооны дараа хотын төв хэсгийн гу­дамж, явган хүн байтугай машин явах аргагүй болсоор байгааг бүгд харж байгаа.

Шавар, шороо холилдсон үерийн усыг авто машин голоор гарах шиг туулан явах нь хэвийн үзэгдэл болжээ. Хурдтай явсан ма­шины дугуйнаас үсчих ша­вар, шалбааг явган зор­чигч­дыг норгоод өнгөрнө. Төрөл бүрийн хийц, загвартай ус­ны гутлаар гангараад ч нэ­мэргүй. Хотын амьдрал ойрын өдрүүдэд нэг иймэрхүү.

Ус зайлуулах шугам, сүлжээ ч гэж алга. Жил бүр хүч хөдөлмөр зарж, за­саж янзлах авто замд ус зай­луулах хоолой хийгдэхгүй байна гэж баймааргүй юм. Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын инженер Б.Маринагаас тодрууллаа.

-Нийслэлийн авто замд ус зайлуулах хоолой бүрэн хийгдсэн байдаг уу?

-Хотын хэмжээнд нийтдээ 73 километр орчим замд ус зайлуулах шугам, сүлжээ ашиглагдаж байгаа. Тухайлбал таван дүүргийн хэмжээнд гадаргуугийн ус зайлуулах, далд инженерийн шугам сүлжээ байна гэсэн үг.

Бага тойруу, МУБИС орчим, Цэцэг төв, МУИС, ШУТИС-ын уулзвар, Энх­тайваны өргөн чөлөө, Хүнс­ний-4 дэлгүүрийн зам гээд хотын гол замуудад 2007 онд бүрэн засвар хийсэн Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалга, Мишээл орчимд ус зайлуулах шугам байдаггүй. Ирэх жилээс төлөвлөлтөнд орж хийгдэх юм.

-Шугам сүлжээ ашиг­лагдаж байгаа хэрнээ зам дээр борооны ус тогтоол үүсгээд байгаагийн шалтгаан юунд байна вэ?

-Шинээр зам барьж, зас­вар хийх бүрдээ л ус зайлуулах шугам хийдэг. Иргэдэд сууулгасан зүлэг, хотын гэрэлтүүлэг гээд бүтээн байгуулалтыг хайр­лаж, хам­гаалах сэтгэлгээ байдаг. Харин ус зайлуулах хоо­лойг огтхон ч тоодоггүй. Түүнд хог шороогоо хийх, бүр ТҮК-ийн ажилтан ч хогоо шүүрдээд хийчихнэ. Машин угаалгын газрууд хайрга чулуутай усаа хийж, бөглөрүүлэх тохиолдол ч байна. Ширмэн хаалтыг нь хулгайлаад авчихдаг.

Эдгээр олон шалтгааны улмаас усаа бүрэн зайлуулж чадахгүйд хүрээд байгаа юм. Мөн замын эвдрэл, хотгор гүдгэр байдал ч тогтоол ус үүсэхэд нөлөөлдөг.

-Сүүлийн үед баригдаж буй байшин, барилга бай­гууламжид ус зайлуулах хоо­лой хангалттай хэмжээнд хийгдэж байна уу?

-Барилга баригдаж бай­гаа ч энэ талын шийдэл хангалтгүй байгаа. Зарим ба­рилгын хувьд зөвхөн дээв­рийн усны хоолойг хий­дэг. Усаа зайлуулах арга нь тодорхойгүй. Байшингийн дэр­гэд нь тунаад, авто га­рааш руу орох, зам дээр асгарах жишээтэй.

Үүнээс гадна усны суваг байгаа хэсгийг ухаж аваад, барилга барих тохиолдол ч байна. Уг нь анхнаас нь л төлөвлөөд хийх хэрэгтэй шүү дээ.

-Ус зайлуулах хоолойны ус хаашаа асгардаг вэ?

-Ус инженерийн далд шугам сүлжээгээр явсаар уулын жалга, суваг, шуу­дуунд хаягддаг. Тухайлбал, Сүх­баатарын талбайн ба­руун талын шугам гэхэд Дунд голын хажууханд, 13 дугаар хороолол орчмынх Сэлбэ, Туул голын ойролцоо жалганд асгарна гэсэн үг. Энэ мэтээр хол замыг туулж хаягддаг учир хувь хүн, албан байгууллагууд замын ус зайлуулах хоолойг хамгаалж, зам зуур нь хогоо хиймээргүй байна гэлээ.

Хэдийгээр ус зайлуулах системд хог шороо дүүрч, ус урсахад саад болдог ч түр зуур орсон борооны усанд живчих шахсан нөхцөл үүсээд байгааг үүнтэй хол­боод байж болохгүй юм. Хотын авто замд одоо бай­гаагаасаа илүү олон ус зай­луулах шугам сүлжээ шаард­лагатай байгааг анхаа­ралдаа авах цаг хэдийнэ болжээ.

Ингэснээр тогтоол ус үүсэхээ больж, замын эвдрэл багассанаар эдийн засагт ч хэмнэлт гарна гэдгийг мэргэжлийнхэн ойлгодог биз ээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж