Ц.Батчулуун улсын аваргыг өнгөлж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Ц.Батчулуун улсын аваргыг өнгөлж байна

Шатрын спортын 2011 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 25-нд эхэлсэн УАШТ-д эрэгтэй 16, эмэгтэй 14 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм. Тойргийн системээр үргэлжилж буй тус тэмцээний эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн тав дахь өргийн тоглолтууд өчигдөр болсон бөгөөд шатарчид өнөөдөр амраад маргаашнаас дахин “тулаан”-аа үргэлжлүүлэх учиртай.

Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд зургаан тавилын дараачаар олон улсын мастер Ц.Батчулуун 4,5 оноотой /дөрөв хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсон/ тэмцээнийг тэргүүлж байгаа бол СМ М.Гүнбаяр хоёр хожиж, дөрвөн өрөгт тэнцсэнээр 4 оноотой удаалж байна. Харин н.Насанжаргал, Д.Эрхэмбаяр, Д.Шаравдорж, Г.Мөнхгал, Б.Баярмандах, З.Бямбаа нарын шатарчид ижил 3,5 оноотой удаахь байруудад бичигджээ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул дөрөв хожиж, нэг хожигдсоноор 4 оноотой тэмцээнийг манлайлж байгаа бол С.Отгонжаргал, Б.Баярмаа нар адил 3,5 оноотой удаалж байгаа юм.

Тэмцээний аваргууд дөрөвдүгээр сарын 3-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж