С.Оюун: ОН-ын сонгуульд ч хамтрах санал тавьсан

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

С.Оюун: ОН-ын сонгуульд ч хамтрах санал тавьсан

АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээрт орж буй ИЗНН-ын дарга С.Оюунаас зарим зүйлийг тодрууллаа. ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг АН-тай хэлэлцээр хийж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга  С.Ганхүү, ИЗНН-ын дэд дарга Н.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Зоригт нар ажиллаж байна.

-ИЗНН-ын АН-тай хийж байгаа хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээрийн явц ямар байгаа вэ?

-Эхний уулзалтаа өчигдөр хийсэн. Өнөөдөр хоёр дахь уулзалтаа хийнэ. Манай хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах саналуудаа бэлтгэж байна. Хэрэв Засгийн газарт хамтарч оролцох юм бол шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ИЗНН-ын сонгуулийн хөтөлбөрөөс юу юу оруулж болохыг томъёолж байна. Нөгөө талаас нэгэнт Засгийн газарт эвсэх юм бол цаашдаа намар болох орон нутгийн сонгуульд эвсч орох саналыг ИЗНН тавьж байгаа.

Мөн томоохон реформын шинжтэй, эдийн засгийн шинэтгэлийн шинжтэй асуудлууд дээр ИЗНН ажиллах сонирхолтой гэдгээ манай ажлын хэсгийнхэн илэрхийлсэн байна лээ.

-С.Оюун гишүүн, С.Дэмбэрэл гишүүн нар намдаа хоёр сайдын суудал авахаар АН-аас сүрхий шаардаж байгаа гэсэн яриа гараад байна. ИЗНН үнэхээр хоёр сайдтай болохоор хөөцөлдөж байгаа юу?

-Өө тийм яриа гараад эхэлсэн үү. Тэгсэн зүйл байхгүй. Бидний хувьд болдогсон бол УИХ-ын гишүүд биш парламентын гаднаас, гишүүн биш хүмүүс Засгийн газарт ороосой гэсэн байр суурьтай байгаа. Түүнийгээ ч илэрхийлсэн. АН харин зөвхөн гишүүд сайд болох нөхцөл тавиад байгаа  юм шиг байна лээ. Тэгээд ч хэлэлцээр дөнгөж эхэлж, Засгийн газрын бүтцийг ч яриагүй байна шүү дээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж