CTL технологийн дайвар бүтээгдэхүүний зах зээл

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

CTL технологийн дайвар бүтээгдэхүүний зах зээл

Аливаа үйлдвэрлэл нь улс орны хөгжлийн суурь болдог. Монгол улсын хувьд CTL технологийн үйлдвэрийг байгуулснаар хэт шатахууны импортын хараат байдлаас гарахаас гадна тус технологийн дайвар бүтээгдэхүүний зах зээлийг бий болгох юм. Эдгээр дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүнийг дагасан зах зээл нь эдийн засгийн ихээхэн үр ашигтай билээ.

Coal to liquid буюу нүүрс шингэрүүлэх  технологиор нүүрсийг боловсруулан хамгийн эхэнд гаргаж авах бүтээгдэхүүн нь singaz буюу нийлэг хий юм. Энэ нь химийн үндсэн чухал түүхий эд бөгөөд хэд хэдэн аргаар химийн урвалд оруулснаар олон төрлийн дайвар бүтээгдэхүүн гаргаж авч болдог байна.

LPG буюу шингэрүүлсэн шатдаг хий

Шингэрүүлсэн шатдаг хий нь олон улсад LPG гэсэн нэр бүхий тэмдэглэгээтэй. Бидний мэдэх нь “Дашваанжил”, “Горгаз” компаниудын нийлүүлж буй баллонтой хий юм. Одоогоор манай улс энэ бүтээгдэхүүнийг Орос, Хятад улсаас 100 хувь импортоор авч байгаа. Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг салбараар нь авч үзвэл аялал жуулчлал 6, үйлдвэрлэл 14, авто тээвэр 14, нийтийн хоол 66 хувийг тус тус эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. 2000 онтой харьцуулахад хэрэглээ 20 дахин өссөн аж. Гэр ахуйн хэрэглээнээс гадна энэ төрлийн хийгээр цэнэглэгддэг авто машиныг манай жолооч нар өргөнөөр хэрэглэх болсон. Манай улсад хамгийн ихээр тулгамдаад буй агаарын бохирдлыг бууруулахад экологийн цэвэр түлш хэмээгддэг шингэрүүлсэн шатдаг хий багагүй ашиг тустай юм. Энэ төрлийн хийн хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж, хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болж, ажил үйлчилгээний төрөл, цар хүрээ нэмэгдэж байгаа нь энэ зах зээлийг Монголд хөгжүүлэх боломжийг харуулж байгаа хэрэг юм. Олон улс, тэр дундаа Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийг даган шингэрүүлсэн шатдаг хийн эрэлт хэрэгцээ үлэмж нэмэгдэх хандлагатай байна. 2025 он гэхэд зөвхөн Хятад, Энэтхэг улсын эрэлт найм дахин өсөх гэнэ.

Хуванцар бүтээгдэхүүн

Өнөөдөр хүн төрөлхтөний хүнс, эмчилгээ, орон сууц, тавилга, хувцас, тээвэр болон орчин үеийн мэдээллийн технологи гэхчлэн олон зүйлийг химигүйгээр төсөөлшгүй. Тэгвэл нийлэг хийгээс хамгийн хялбар урвалаар гарах метанол болон нафтагаар химийн үйлдвэрийн ямар ч бүтээгдэхүүнийг гарган авч болдог байна. Хуванцар нь хямд, боловсруулахад хамгийн хялбар материал юм. Зөөлөн тавилга, лак, будаг, DVD диск, ахуйн хэрэгсэл, машины суудал, зарим эд анги гээд хуванцар үйлдвэрийн бүтээгдэхүүний жагсаалт төгсгөлгүй үргэлжилнэ. Манай улсад энэ төрлийн үйлдвэрийг байгуулвал химийн хэрэглээ ихтэй Зүүн хойд бүсийн зах зээлд нийлүүлэх боломжтой ажээ.

Хүрэн нүүрс амархан задардаг тул дэлхийн олон оронд хими технологийн  зориулалтаар ашиглагддаг. Хими технологийн үйлдвэрийн оролцоогүй салбар гэж дэлхийд нэгээхэн ч үгүй. 2010-2020 онд Хятад, Энэтхэг, ОХУ, Бразиль, Их Британи, Герман болон Япон зэрэг орнууд дэлхийд химийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнууд байх аж.   

SNG буюу синтетик хий 

Байгалийн хийтэй яг адил бөгөөд зөвхөн нүүрсний боловсруулалтаас гаргаж авснаараа л ялгаатай. Синтетик хийг Европ, АНУ, Япон болон Хятад зэрэг орнууд ахуйн хэрэглээний бүхий л түлшиндээ өргөн хэрэглэдэг. Энэ чиглэлийн үйлдвэрүүд Хятад улсад маш ихээр баригдаж байна. Тус улсын байгалийн хийн хэрэгцээ жилд дунджаар 15 хувиар өсч байгаа юм. Тиймээс нүүрсний нөөцтэй орон нутгууддаа синтетик хийн үйлдвэрүүдийг барьж томоохон хотууд руугаа бүтээгдэхүүн нийлүүлдэг байна. Энэ их хэрэгцээний тодорхой хэсгийг манай улс нийлүүлэх боломж CTL технологийн үйлдвэрийг даган бий болох юм.

Азотын бордоо

Манай улсын эдийн засгийн гол тулгуур уул уурхай, газар тариаланд амин чухал хэрэгцээтэй түүхий эд. Уул уурхайн олборлолтын тэсэлгээнд азотын бордоог дизелийн түлштэй хольж ашигладаг байна. Газар тариалангийн хувьд улаан буудай, үр тариа, малын тэжээлийн ургамал ургуулахад фосфоритыг азоттой нэгтгэн бордоо болгон ашигладаг. Хятад нь хөдөө аж ахуйн орон учир энэ төрлийн үйлдвэр ихээхэн хөгжсөн байдаг.   

Гангийн үйлдвэрлэл

Нийлэг хий нь сайн чанарын коксжих нүүрсний адил төмрийн хүдрийг ангижруулах чадвартай. Энэ үйлдвэрлэл Монгол улсад нэн тохиромжтойг мэргэжилтнүүд онцолж байгаа. Нэгдүгээрт, их хэмжээний нөөцтэй хүрэн нүүрсээ ашиглах боломж гарна. Хоёрдугаарт, 100-200 мянган тонн гэх мэт манай улсын хэрэгцээнд дүйцэхүйц бага хэмжээний ган үйлдвэрлэх боломжтой, бага оврын үйлдвэрлэл явуулах боломжтой аж.  

Энэ бүгд нь зөвхөн үндсэн дайвар бүтээгдэхүүнүүд юм. Нүүрс шингэрүүлэх технологийг ашиглан шатахуун, эм, бордоо, тэсрэх ба угаалгын бодис, будаг зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн болоод фенол, нафталин, антрацен, карбазол, хинолин, аналин,  бензол зэрэг 270 гаруй химийн бодисыг гарган авах боломжтой. Энэ бүхнээс үзэхэд нэгдсэн үйлдвэрлэлийн томоохон бодлого Монгол улсын ирээдүйн хөгжилд ихээхэн чухал болоод байна. CTL технологийн үйлдвэрийг барих төслийг даган манай улсад Европын дэвшилтэд технологиуд нэвтрэх болно.  Монгол улс үйлдвэрлэгч орон болж чадваас экспортлогч улс болохоос гадна өөрийн орондоо хямд бүтээгдэхүүн хэрэглэх боломж нээгдэх билээ.

Э.Оджаргал

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж