Каддафийн бичлэгийг интернэтээр цацжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Каддафийн бичлэгийг интернэтээр цацжээ

Ливийн удирдагч агсан, хурандаа Муаммар Каддафийн цогцсыг доромжилж буй бичлэг интернэтээр цацагджээ. Өчигдөр YouTube сайтад тавигдсан, сэтгэл хэрдхийлгэм уг бичлэгт Ливийн босогчид түүний цогцсоор утсан хүүхэлдэй шиг наадаж буйг харуулжээ. Бичлэгийг Сирийн босогчдын хөдөлгөөний нэгэн гишүүн Ерөнхийлөгч Башар аль-Ассадад сануулга өгөхийн тулд Твиттерт линкийг нь холбосон гэнэ. Нэг минут үргэлжлэх уг бичлэгийг ямар хүн хийсэн нь тодорхойгүй боловч өнгөрсөн жилийн аравдугаар сард хурандаа Муаммар Каддафийг босогчид баривчилж, хөнөөх үед хийсэн бололтой. Бичлэгт Ливийн дарангуйлагчийн цогцсыг ачсан ачааны машины дэргэд босогчид зэрлэг мэт хашгиралдаж, баярлаж буйг харуулжээ. Бичлэгийн дийлэнх нь гар утасны камераар бичигдсэн байсан гэнэ. Босогчид Муаммар Каддафийн цогцсыг ачааны машинаас гаргаж, дамнуургаар авч явжээ. Бичлэг интернэтээр цацагдсаны дараа Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч босогчдын нэг Твиттертээ “Үүнийг Башар аль-Ассадад явуулах хэрэгтэй” гэж бичсэн байжээ. Ливийн анхны ардчилсан сонгуулийн дүн гарч, либерал хүчнийхэн ялалт байгуулснаас хойш ердөө долоо хоногийн дараа дээрх бичлэгийг интернэтэд тавьсан байжээ. Муаммар Каддафи 1969 онд тайван замаар төрийн эргэлт хийж, Идрис хааныг ширээнээс нь унагасны дараа Арабын Бүгд найрамдах Ливийг удирдах болсон. 1977 онд Ливийн удирдагч болсон Муаммар Каддафи 2011 он хүртэл тус улсын тэргүүн байсан юм. 2011 оны хоёрдугаар сард хөрш зэргэлдээх Египет, Тунист эхэлсэн хувьсгалын шуурга Ливид Муаммар Каддафийг унагах эсэргүүцлийн бослогоор үргэлжилсэн юм. Муаммар Каддафид үнэнч цэргийнхэн бослого хөдөлгөөнийг дарахаар ширүүн тэмцсэн боловч НАТО болон олон улсын цэргийн хамтарсан хүчин иргэний дайныг зогсоосон. Ливийн иргэний дайны голомт болж байсан Сирте хотыг босогчид эзлэн авснаар Муаммар Каддафийн сүүлчийн хамгаалалт үгүй болсон юм. Сирте хотод бүгэсэн Муаммар Каддафи Ливиээс дүрвэх гэж байсан ч НАТО-ийн бөмбөгдөлтийн дараа босогчид түүнийг барьж авсан. Каддафийг Олон улсын шүүхэд шүүх байсан ч түүнээс өмнө Ливийн босогчдын гарт амиа алдсан.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж