Бид хувийнхаа өмчийг яах нь та нарт хамаагүй

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Бид хувийнхаа өмчийг яах нь та нарт хамаагүй

Х.Пүрэвбадам: Бид хувийнхаа өмчийг яаж өөрчилж, хаана нь юу хийх нь та нарт хамаагүй биз дээ, энэ чинь хувийн өмч

Монгол Улсын үндэсний цирк хувьчлагдаж, “АСА” цирк нэртэй болсоор гурван жилийг ардаа үдсэн. Энэ хугацаанд циркийн барилга нурах нь, жүжигчид, ажилчидаа халж байна гэх мэт олон яриа гарах болсон. Орон сууцны хороолол болох гэж байгаа юм гэсэн яриа ч гарч л байлаа. Харин сүүлийн үед цирк худалдааны төв болох нь гэсэн “бор шувуу” нисэх болов. Бүр зураг төсөл нь гарсан, эхнээсээ засал хийж байгаа ч гэж яригдаж байгаа. Энэ дагуу “АСА” циркийг зорьж үнэн байдлыг сурвалжиллаа. Бидний очоод циркийн зүүн талын хаалгаар ортол тэнд “АСА” групп байрлаж байгаа аж. Харин хуучин билет худалдаж авдаг байсан хаалгаар орж удирдлагуудтай нь уулзах аж. Жижүүрийн хэлснээр гарч билет борлуулдаг байсан хаалга тийш очлоо. Гарах замдаа харах нь ээ зүүн талын хаалгатэй зэрэгцүүлээд шинээр хаалга гаргаж байгаа юм байна. Мөн дотор талд нь засварын ажил эд явагдаж байгаа нь харагдсан. Бид жижүүрт циркийн удирдлагатай уулзаж, мэдээлэл авах гэж байгаагаа хэлтэл зөвшөөрөл авахаар одов. Хэсэг хугацааны дараа иргэж ирээд 14 дугаарын өрөөнд очиж болохыг хэлсэн юм. Ингээд “АСА” циркийн захиарал Х.Пүрэвбадам гуайтай уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Циркийн 70 жилийн ой болох гэж байна. Ойн хүрээнд ямар тоглолт хийх гэж байна?

-Цирк нарийндаа 1939 оноос манай улсад хөгжиж эхэлсэн. Үүнийг түүхчид хүмүүс нарийн сайн мэдэх  байх. Гэхдээ нийгмийн шилжилтийн 20 дуусаад, цирк шинэ хөгжлийн зам руу орох гэж байна. Тэр анхны гишгүүр дээр бид зогсч байгаа. Шилжилтийн үеийн 20 жилийн сүүлийн  гурван жил хувьчлалтай холбоотой. Цирк бол улсын төсвөөс санхүүжиж байсан. Бүх ажилчид ажлаа хийсэн ч, хийгээгүй цалингаа авдаг байсан. Тэр дунд гавьяатай ч хүн байлаа гавьяагүй ч хүн олон байсан. Яг тэр үед хувьчилсан. Хувьчиллаа гээд бүх юм нь муудсан гэж ойлгож болохгүй. Төрөөс жилд 350 сая төгрөг циркт өгдөг байсныг болиулсан. Ийм их санхүүжилтыг төрийн нуруунаас авч хаяж хувьд шилжсэн урлагийн байгууллагын анхдагч нь цирк. Одоо төр циркт өгдөг байсан мөнгөө өөр олон хэрэгтэй зүйлд зарцуулж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Ямар ч гэсэн циркийн 70 жилийн ойг бол тэмдэглэнэ биз дээ?

-Ямар байсан гэж битгий ярь. Яаж гайхамшигтай хийх гэж байна гэж асуу. Ямар ч гэсэн хийх гэж байгаа гэсэн хачин асуулт битгий тавьж бай та нар. Манай циркт ажиллаж, хамтарч тоглож байгаа 15 хамтлаг байдаг. Тэднээс хоёр том хөтөлбөр гарсан байна. Түүнээс гадна яамнаас 70 жилийн ойг тэмдэглэх комисс гарсан байгаа. Комиссын хүрээнд олон үзүүлбэрүүдээс сонгож авна. Мөн циркийн гэсэн нэртэй байгууллагуудын дунд залуу циркчдын тэмцээн болох гэж байна. Энэ сарын сүүлчээр шалгаруулалт болно. Ирэх сарын 1, 2-нд гала тоглолтоо хийх юм. Яг 70 жилийн ойн том тоглолт долдугаар сарын 9-нд болох юм. Бүх циркүүд хамтарч тоглох юм. Хуучин тусдаа гарсан циркийн удирдлага, хүмүүс янз бүрийн юм ярьдаг байсан цаг өнгөрсөн.   

-Циркийг өөрчилж худалдааны төв болгох гэж байгаа гэсэн яриа гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Бид хувийнхаа өмчийг яаж өөрчилж, хаана нь юу хийх нь та нар хамаагүй биз дээ. Хөрөнгө оруулах гээд байгаа юм уу. Энэ чинь хувийн өмч. Хэн ч халдашгүй дархан эрхтэй. Би Социлизм, Капитлизмын сайн сайхныг харж чадсангүй. Харин саяхан болсон эдийн засгийн форумаас шийдвэр гарлаа. Бид хөгжлийн анхны гишгүүр дээр гишгэлээ шүү гэж. Одоо ямар нийгэм  байгуулж бэ. Ямар нийгэм гэдгийг хэлээд өгдөө. Би чамаас асууя.

-Энэ чухал биш. Би танаас хэрэгтэй мэдээллээ л авах гэсэн юм. Цирк хувьчлагдлаа. Янз бүр болох гэнэ. Тэгэхээр жүжигчид нь хаачих вэ. Цирк цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах уу гэдгийг хүмүүс сонирхоод байна?

-Жүжигчид нь манай дээр байгаа. 116 циркийн жүжигчин, хамтлаг манайтай гэрээтэй ажиллаж байна. Капитлист нийгмийн хөгжлийн хуулиар хөгжөөд явж байна. Манай жүжигчид тоглолтод орчихоод гарч ирээд шууд цалин мөнгө, тоглолтын үнэлгээгээ авч байгаа.

-Тэгвэл цирк ямар ч тохиолдолд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэж ойлгож болох уу?

-Бид зах зээлийн эдийн засгийн хуулиндаа зохицсон анхны хувийн урлагийн байгууллагыг байгуулж байна. Японд гэхэд хоёр хүн циркийг нь хувьдаа авчихсан. Улсын төсвөөс нэг ч төгрөгийн цалин авдаггүй. Японд олон улсын циркийн сургууль байгаа. Тэнд 10-хан оюутан сурдаг. 10 оюутны хоёр нь Ветьнам, гурав нь Хятад, Японы нэг, Амрекийн хоёр байх жишээтэй. Энэ сургууль дэлхийд алдартай. Тэгсэн мөртлөө хувийнх. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл бид хувийн өмчинд суурилсан, нийгэмд хандсан урлагийн байгууллагыг байгуулахын төлөө явж байна. Одоо эхлэлийг нь тавиад байгаа.  Чи түрүүн циркийг худалдааны төв болгох гэж байгаа юмуу гэж асуусан. Та нар хотынхоо төвд таван жил цаашлаад 100 жил ийм байшин хараад суумаар байна уу. Эсвэл хөгжил дэвшилтэй орнуудынхтай адил үйлчилгээний газраар нь ороод суудаг, машиндаа санаа зовохгүй тавьдаг газартай, цай ундаа ч тухтай газар идэж, сайхан үйлчлүүлэх юмсан. Яваад ороход худалдагч нь хувийнхаа асуудал, уур бухимдлыг хамар дээрээ зангидсан үйлчилгээний байгууллага байгаасай гэж бодож байна уу гэдэг нь сонин. Миний хувьд нас дээр гарч байна. Та нарын үеийн залуус бол миний насанд хүртэл 40-50 жил байна. Энэ хугацаанд дандаа л иймэрхүү байгууллагаар үйлчлүүлье гэж бодохгүй биз дээ. Өнөөдрөөс эхлээд бүх юм нь сайхан байгаасай. Гадаадад очоод л үздэг тэр сайхан орчин манайд яагаад байж болдоггүй юм бэ гэж боддог биз дээ. Хэрвээ энэ орчин нь сайхан болбол манайхан гадаад руу явахгүй. Харин тэр гадны том жүжигчдийг эх орондоо авч ирж үзье гэж залуус маань мөрөөддөг юм болов уу гэж боддог. Түүнийг нь биелүүлэх юмсан гэж бид зүтгэж байгаа.

-Циркийн барилга байгууламж бол хувийн өмч. Үүнийг ямар ч сайхан байгууламжтай болгож болно. Гэхдээ хүмүүс циркийн урлагийн гайхамшгийг хүссэн үедээ үздэг  байгаасай л гэж олон хүн хүсээд байгаа юм?

-Би нэг юм хэлье. Гадна дотнын тэнэмэл зөнөмөл юмнуудын үгээр үг битгий хийж байгаарай. Хүмүүсийн оюун ухааныг цэнэглэдэг, мэдээлэл хүргэдэг манай хэвлэл мэдээллийнхэн үнэн бодит мэдээллийг л гаргаж байгаасай гэж хүсмээр байна. Дандаа өөрсдийнхөө бодлоор, сэтгэсэнээр, үзэл бодлоор хийж бүтээх гэсэн хүмүүсийн юмыг үгүйгэж, тулгалт хийдэг байдлыг устгамаар байна. Хүний оюуны ертөнцөд өөрчлөлт гарч байна. Нийгмийн хөгжил, уул уурхай, хууль дүрэм гээд бүх л зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа биз дээ. Бид ч гэсэн хуучин юмыг шинэчлэхийн төлөө л явж байгаа. Би дахиад хэлье. Урлагийн, хувийн өмчинд суурилсан, төрийн нэрийн өмнөөс түмэнд хандсан байгууллагыг яаж авч явах вэ. Тэр урлагийг бүтээж байгаа хүмүүсийн амьдралын баталгааг яаж хангах вэ. Хувьчлагдсан гэдгээс хойш гурван жилийн хугацааны хөрөнгө мөнгөний  тайланг аль ч санхүүгийн байгууллагаар хянуулахад би бэлэн байна. Тэрбум 392 сая төгрөгний зардлыг нуруун дээрээ үүрээд гарсан. Циркийг худалдаж авсан үнэ биш шүү. Тэр мөнгө төрийн өмчийн хорооны дансанд аль хэдийнэ орсон.  Тийм хэмжээний зардлыг нуруун дээрээ үүрээд гарах монгол хүн байна уу. Хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй тийм хэмжээний санхүүг гаргаж чадах хүн манайд хэд байна. Ямар ч үйлдвэр эрхлээгүй мөртлөө ингэж зориглож, ажиллаж чадсан хүн байгаа юу.

-Одоо болтол тодорхой хэмжээнд санхүүжүүлсээр л байгаа юу?

-Одоо бол санхүүжүүлэх эх үүсвэр зогссон. Аль ноднин зогссон  шүү дээ.  Санхүүжүүлэх эх үүсгэвэр зогсохоор энэ байгууллага юу болох вэ. Тэгэхээр зах зээлийн эдийн засгийн хуулиар хүн мэдлэгтэй, авьяастай, өөрөө өөрийнхөө чадварыг хөгжүүлж, гаргасан бүтээгдэхүүнээ чадварынхаа хэрээр үнэлүүлж сурах хэрэгтэй. Үнэгүй юм гэж юу ч байхгүй. Хамгийн гол нь төр, ард түмэн минь урлагийн авьяастай хүмүүсээ үнэтэй цэнэтэй болгох хэрэгтэй. Жүжигчдийн сэтгэл оюун, хөлс хүчээ зарж хийж байгаа үзүүлбэрийг илүү үнэлэх шаардлагатай болж. Би жүжигчиддээ хэл байгаа. Та нарын ажлын байр бэлэн байна. Бэлтгэл, сургуулилт хийж байгаа байр чинь үнэгүй. Гэрээ хийж байна. Та нар бүтээлээ, шинэ үзүүлбэрүүдээ ард түмэнд харуул гэж. Би идэвхи, чармайлт, авьяасыг нь өрнүүлж, дэлгэрүүлэх гэж үнэ төлбөргүй байраар хангаж   байгаа. Энэ чинь хувийн өмч шүү дээ. Ингээд бодохоор аймаар байгаа биз. Хүн  хөлсөлж сууж байгаа байрныхаа сарын төлбөрийг төлөхөд хүртэл амаргүй байдаг биз дээ. Тийм болохоор энэ байраа санхүүжүүлэхийн тулд бид юм хийх хэрэгтэй. Тоглолт хиймээр байна, ганц өрөөнд жижигхэн худалдаа хийх газар нээгдэж байхад буруу нь юу байх вэ дээ. Тэр олсон мөнгөөр чинь эргээд бид циркийн тоглолтоо үргэлжлүүлэх гээд байна шүү дээ. Манай жүжигчдийн тоглолт, хүүхдүүдийн бүтээл сайхан болсон цагт ирээдүй их гоё харагдаж байгаа. Бид циркийг хувьчилж аваад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд циркийн манежнаас юу ч үлдээлгүй шинэчилсэн. Суудлыг нь хүртэл. Тэрийг яах гэж шинэчилж тавьж байгаа юм. Хэрвээ циркийн дугуй манежийг худалдааны төв болгох байсан ингэж хөрөнгө зарах уу. Үгүй шүү дээ. Тэнд тоглолт үзэж байгаа хүн тавтай тухтай сууг л гэж бодсон.

-Үнэн бодит тайлбар өгсөн танд баярлалаа?

-За намайг уучлаарай. Жаахан ширүүхэн дуугарчихлаа.

Н.ПУНЦАГБОЛД


Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж