“UFO” ”Coke’n beat”-ийн шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

“UFO” ”Coke’n beat”-ийн шилдгээр тодорлоо

Амьд хөгжим сонирхогч, амьд хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг "Coke"n beat 2012" наадмын финалын тоглолт өнгөрсөн долоо хоногт “River beach”-т болж, шилдэг хамтлаг тодорлоо. Coke’n beat наадмыг “MCS” “Coca Cola” компани, “Боловсрол суваг телевиз”, “Yamaha” брэнд  “Yamaha Total music” хамтран зохион байгуулсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш реалити хэлбэрээр үзэгчдэд хүрч байсан тус наадмын гранпри шагналыг “UFO” хамтлаг хүртэж, нэг сая төгрөг хүртэж, ирэх арваннэгдүгээр сард Сингапурт болох “Asian Beat” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг эзэд болсон. Зохион байгуулагчдын зүгээс "Хайрласаар”, “Хүлээсээр” зэрэг дуугаараа олны танил болсон “UFO” хамтлагт ам сайтай байгаа ба энэ жилийн “Asian Beat” наадамд өмнөх жилийн амжилтыг ахиулна гэдэгт ихээхэн найдвар тавьж буй. Хэдийгээр “Coke"n beat” наадам өндөрлөсөн ч залгуулаад “Asian Beat” наадмын бэлтгэл ажил эхэлж буй тул “UFO” хамтлагийнхан  тун ч зав муутай байгаа аж.

Нийт 30 гаруй хамтлаг өрсөлдсөнөөс төгсгөлийн шатанд “Power band”, “Rec-On”, “Blind fold”, “UFO” хамтлаг шалгарч үлдээд байсан юм. Шилдэг дөрвөн хамтлагийн хөгжимчид дотроос шилдэг “шилдэг соль гитарчин”-аар “Rec-On” хамтлагийн гишүүн Б.Цэнд , “шилдэг басс гитарчин”-аар “Blind Fold” хамтлагийн гишүүн З.Мөнхчулуун, “шилдэг даралтат хөгжимчин”-өөр “UFO” хамтлагийн гишүүн Н.Мөнхбаатар, “шилдэг бөмбөрчин”-өөр “Power band” хамтлагийн гишүүн н.Гантулга тус тус шалгарч "Yamaha" брэндийн техник, хэрэгслээр шагнууллаа.

"Coke‘n beat 2012" амьд хөгжмийн наадмын шилдэг хамтлагийн дөрөвдүгээр байранд “Power band”, гуравдугаарт “Blind fold”, хоёрдугаарт байранд “Rec-On” хамтлаг шалгарч, мөнгөн шагнал хүртлээ.

Шоу тоглолтод урилгаар “Asound”, “Madness” хамтлагийнхан хүрэлцэн ирж залуусын амьд хөгжим мэдрэх хүслийг дээд цэгт нь хүргэж чадлаа. Мөн наадмын өнгөрсөн жилийн ялагч “The Compass”, "Coke ‘n beat 2012" наадмын шилдэг хамтлагууд болох “Rulers”, “Clown Scream”, “The Fix” ая дуугаа өргөсөн юм. Наадмын гурван шүүгчид үзэгч залууст гэнэтийн бэлэг барьсан юм. Мөн шилдэг дөрвөн хамтлагийн дуунуудаас бүрдсэн альбомыг үзэгч залууст тараав.
"Coke‘n beat 2012" финалын шоу эхлэхээс өмнө залуус гурвын эсрэг гурав эсрэг гудамжны сагсан бөмбөг, элсний волейвол, олс таталтын тэмцээнээр хоорондоо өрсөлдлөө. Уг наадмыг "М-Си-Эс Кока Кола" компани, "Yamaha" брэнд, Монголын үндэсний "Боловсрол Суваг Телевиз" хамтран зохион байгуулсан юм . Наадмын шүүгчдээр Р.Мөнхсайхан, альтернатив дуучин Х. Отгончимэг, “A-Sound” хамтлагийн ахлагч, басс гитарчин Б.Мөнхболд нар ажилласан юм.

Сонирхуулахад,  Coke"n beat” наадмыг зохион байгуулагчид Монголд “Asian Beat” фестивалийг зохион байгуулах саналаа “Yamaha”-д уламжилсан гэнэ лээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж