Олимпийн аварга Н.Түвшинбаярыг олон түмэн, Монгол хүн бүр дэмжин, түшдэг бол аварга өөрөө үй зайгүй үерхсэн нэгэн найзынхаа үнэнч дэмжигч нь юм. Булган аймгийн Могод сумын харьяат, улсын начин Э.Энхбат олимпийн аваргын дотны найзуудын нэг. Хар багаасаа нөхөрлөж өссөн андууд өдгөө эх орноо төлөөлсөн шигшээ багт мөр зэрэгцэн хичээллэж буй нь ховор тохиол биз ээ.
Э.Энхбат бол үндэсний бөхийн энэ цаг үеийн хамгийн үнэн зөв барилдаантай начингуудын нэг. Аварга ч өөрөө үндэсний бөхөөр шаггүй барилддаг. Хэдхэн хоногийн дараа олимпод өрсөлдөх учраас наадамд зодоглоогүй аварга маань 91 жилийн ойгоор андыгаа дэмжин ийн нааджээ. Э.Энхбат начин ч энэ наадмаар сайн барилдаж, начин цолоо батлан, өсөх идэр чимэг хүртэж, олимпийн аварга найзынхаа их өрсөлдөөнд орох замыг тэгшилсэн билээ.
Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаас Б.Сугаржаргал улсын начин цол хүртэж, Э.Энхбат улсын начин цолоо баталж, жүдочид сайхан наадсан.
Гэрэл зургийг: www.bukh.mn /Ч.ГАНБАТ/
Б.МАРАЛ