
Сонгуулийн дуулиан, аль намтай эвсэж, хэн ямар албан тушаал дээр очих тухай улс төрөөр халуурсан өдрүүдийг шинэ арслантай Монгол наадам ямартаа ч түр ч атугай мартагнуулж чадлаа. Бохирдож амжаагүй сэтгэлтэй хөвгүүн төрийн наадамд түрүүлсэн нь зон олонд сайхан ирээдүй бий гэсэн итгэлийг төрүүлэв. Гэвч боохой борооноор гэдэг шиг улс Монголынхоо эсрэг ажилласан цөвүүн хүмүүс ч мэр сэр байжээ. Эрх мэдэл, мөнгө хөрөнгө, албан тушаалыг аминаасаа илүү үзсэн зарим нэг нь улс Монголынхоо нэрэнд сэв суулгахаар харь хүмүүстэй хуйвалдан завгүй “наадамласан” болохыг баттай эх сурвалж нотолж байгаа юм. Авлига хээл хахуулийн хэргээр шалгагдах болсон экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хууль хяналтын байгууллагуудаар дураараа тоглож байгаа билээ. АТГ-аас арвантаа дуудсан ч очих нь бүү хэл тоогоо ч үгүй. Өөрийгөө баригдахыг мэдэнгүүт телевиз, намынхаа фанатуудыг аавынхаа гэрийн ойролцоо бэлдэн шөнөжин жүжиг, ший тоглож хоносон. Башир аргаа хэрэглэн оймсоо гозолзуулан өргүүлж, өлсгөлөн зарлаж, элдвээр шоудсаар монголчуудын өрөвдөх сэтгэл зүй дээр амжилттай тоглосон билээ.
Хулгайч хулгайчийг бариарай гэж орилдог шиг шударга ёс ярьсаар байгаад “Нээрээ ч энэ Энхбаяр шударга юм шиг байна” гэж итгэтэл нь жүжиглэж чадсан авъяаслаг нэгэн. Тиймдээ ч УИХ-д чамгүй олон суудалтай болоод байгаа. Гэвч хууль бол хууль. Иймээс шүүх хурал нь ойртохын хэрээр мань эр дахин тоглож эхэлжээ. Ямар аргаар гээч? Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагаах. Энэ аргыг тэр хоригдож байхдаа хэрэглэсэн. Эхнэр О.Цолмон нь Английн парламентын бүх намуудын Монголын асуудлыг хариуцсан ноён Эндрюст арван настай охиныг нь төр заналхийлж, нөхрийг нь шалдан нүцгэн хоригдлуудын дунд оруулан эрүү шүүлт тулгасан хэмээн гүтгэлэгийн захидал илгээсэн билээ. Үүнтэй зэрэгцээд МАХН-ын генсек Удвал хатагтай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан “Нью-Йорк Таймс” сонинд 150 мянган ам.долларын төлбөртэйгээр ил захидал нийтлүүлсэн. Мөн Н.Энхбаяр сая ам.доллараар “Вэдэвойс Фламптон” хэмээх хуулийн фирмээс өмгөөлөгч хөлсөлсөн. Ингэснээр Монголыг дарангуйлагч дэглэм тогтсон мэтээр ойлгуулсан. Гэвч дэлхий Н.Энхбаярт удаан хууртсангүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Монгол улсад айлчилж, манай улсын явуулж буй гадаад, дотоод бодлого авлигатай тэмцэх ажлыг сайшаасан нь хоёр эрхмийг сандралд оруулжээ. Нэг нь мэдээж манай Н.Энхбаяр. Нөгөө нь хэн гээч? Мөнөөхөн хорт Боб буюу Айвенхоу Майнзын Роберт Фрийдланд гэнэ. Фрийдланд яагаад Монголын нэр хүндийг дэлхийд гутаахыг зорив? АТГ-аас түүний эзэмшдэг “Саусгоби сэндс” компанийг Хятадын төрийн мэдлийн “Чалко”-д 800 сая ам.доллараар зарах болсонтой холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Н.Энхбаяр, Фрийдланд хоёрыг ганцхан энэ асуудал ч холбож байгаа юм биш. Их өр тиглэх нэрээр Н.Энхбаяр 50 сая ам.долларыг ОХУ-д төлөх ёстой хэмээн үл мэдэгдэх данс руу шилжүүлэн зувчуулсан байдаг. Энэ мөнгийг тухайн үедээ Роберт Фрийдландаас зээлсэн. Үүнтэй зэрэгцээд Н.Энхбаяр Айвенхоу Майнзад Оюутолгойн ашиглалтын лицензийг олгож, нэг дор нэмж 40-өөд лиценз олгосон байдаг гэнэ. Ингэхлээр энэ хоёр эрхэм үйлдэл нэгтэй, жаргал, зовлонгоо хуваалцах андууд болж таарч байгаа юм. Мэдээж хэрэг мөнгө хөрөнгөөр холбогдсон нь ойлгомжтой. Тиймээс Монголын нэр хүндийг дэлхийн тавцанд унагах нь аль алинд нь ашигтай болж таарч байна. Ингэснээрээ олон улсын зүгээс Монгол улсад дарангуйлагч дэглэм тогтсон мэтээр сурталдаж, яг л Хойд Солонгос, Иран мэтийн улсууд шиг шахалт үзүүлэх бодлого баримталж эхэллээ.
Роберт Фрийдланд энэ шахалтыг ашиглан наймаагаа хийх бол Н.Энхбаяр мөн үүгээр далимдуулан ял завшиж улмаар засгийн эрхэнд гарахыг санаархаж байна. Өнөөдөр хавтгай дэлхий дээр нууц юм гэж үгүй болсон. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уул уурхай, мөнгө санхүүгээр дагнан бичдэг “Файнэншл Таймс”, “Уолл Стрийт Журнал” мэтийн хэвлэлийн газруудтай эдгээр эрхэмүүд дахин холбоо тогтоож эхэлжээ. Мөн сая сая доллараар хэмжигдэх төлбөртэй хуулийн фирмүүдийг нэмж хөлсөлж байгаа сурагтай. Тухайлбал, хар тамхи, зэвсгийн наймаа, улс төрийн аллагын эздийг ихэвчлэн өмгөөлж буурай орнуудад шахалт үзүүлэхийг томоохон гүрнүүдийн улс төрчдөд ятгаж чаддаг Вэдэвойс Фламптоны Питер Голдсмит гэгч идэвхийлэн зүтгэж байгаа гэнэ. Монголын баялгаас тэрбумтан болсон хорт Бобын тусламжтайгаар Н.Энхбаяр Монголын нэрийг дэлхийн тавцанд гутаах ажлаа наадмын маргааш эхлэх нь ээ.