Хятад Түвдийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.15-нд нийтлэгдсэн

Хятад Түвдийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ

БНХАУ-ын зүгээс Түвдийн өндөрлөг бүсэд хэрэгжүүлэх 30 тэрбум юань (4,8 тэрбум ам.доллар)-ийн аялал жуулчлалын төслийн ажлыг эхлүүлжээ. Төслийн хүрээнд нийслэл Лхас хотод томоохон цогцолбор, худалдааны дүүрэг, орон сууцны хороолол зэргийг байгуулж, томоохон хөрөнгө оруулалт хийх тухай Лхас хотын дэд дарга Ма Синьмин мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Түвдэд аялал жуулчлал хөгжүүлэх нь энэ ард түмний өв соёлыг харуулах “амьд музей” болно гэжээ.

Төлөвлөсөн ёсоор төслийн барилгын ажлын эхний ээлж Лхас хотын төвөөс хоёр орчим км зайд сүндэрлэх бөгөөд 3-5 жилийн хугацаанд барьж, гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн манай эриний 618-907 онд төрийн эрхийг барьж байсан Тан гүрний үед Түвдийн их удирдагчтай гэрлэж байсан Хятадын гүнж Венчений дурсгалд зориулсан цогцолбор, Түвдийн соёл, урлаг, уламжлалыг илтгэх төвүүд байгуулах гэнэ.

Статистик мэдээгээр өнгөрсөн жил 8,5 сая жуулчин Түвдэд зочилсон нь 2010 оныхоос 24 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Харин бүс нутгийн удирдлага жуулчдын цувааг нэмэгдүүлж, 10 саяд хүргэхээр төлөвлөж буй бөгөөд аялал жуулчлалаас олох жилийн орлогыг 12 тэрбум юаньд хүргэхээр төлөвлөж буй гэнэ.

Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цуцашгүй тэмцэж буй түвдүүдийн бослого, эсэргүүцлийн элдэв арга хэмжээг Хятадын зүгээс хүчээр нугачин дардаг. Гэхдээ Хятадын эдийн засгийн тэлэлтийн хүрээнд түвдүүдийн амьдрах орчин нөхцөл сайжирч, тэд шашны хувьд эрх чөлөөгөө эдэлж буй хэмээн Хятадын зүгээс мэдэгддэг байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж