Хуримын ёслолын үеэр бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.14-нд нийтлэгдсэн

Хуримын ёслолын үеэр бөмбөг дэлбэлжээ

Афганистаны Саманган мужид нэгэн хуримын ёслолын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 20 гаруй хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тэдний дунд Афганистаны нэртэй улс төрч байсан гэнэ. Ахмад Хан Самангани хуриманд охиныхоо хамт уригдсан байжээ. Амиа золиослогч бөмбөг дэлбэлэхээс өмнө түүнтэй мэндчилж гар барьсан талаар гэрчүүд мэдээлсэн байна. Узбек гаралтай Самангани нь Афганистаны армийн командлагч, парламентын гишүүн байсан юм байна. Тус  улсад ажиллаж буй гадаадын сэтгүүлчдийн мэдээлснээр Самангани Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайг дэмжигч бөгөөд генерал Абдул Рашид Достумын өрсөлдөгч байсан гэнэ. Талибаны босогчид дээрх халдлагад буруугүй гэж мэдэгдсэн байна. Хуримын ёслол болсон танхимд 100 гаруй зочид уригдсан байсан талаар нэгэн гэрч мэдүүлжээ. Бөмбөг дэлбэрсний улмаас 20 гаруй хүн амиа алдаж, 40-өөд хүн шархадсан гэнэ. Афганистаны хойд мужууд нь Талибаны босогчдын халдлага байнга гардаг өмнөд хэсгийг бодвол харьцангуй тайван байдаг гэнэ. Дээрх халдлагаас нэг хоногийн өмнө Афганы өмнөд мужид парламентын гишүүн эмэгтэй бөмбөгдөлтөд өртөж нас барсан байжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж