Өвөл дахиад ирнэ ээ, найзууд аа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Өвөл дахиад ирнэ ээ, найзууд аа

Өлчир чийрэг өвлийн урт өдрүүд цаашилж, өнгөрсөн хоёр гурван сарын турш санаа сэтгэл чилээсэн цас зудын гамшиг ч холдож эхэллээ. Сар шинийн өдрүүдэд хүйтний эрч суларч, говийн зарим аймгуудад нэмэх хэмд орсон ч гэлээ энэ долоо хоногоос дахин хүйтрэ­хийг цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр анхааруулж байна. Зарим аймгуудад олон жилийн дунджаас давж унасан, хөрлөсөн хайлж мөсөн бүрхүүл тогтох, шар усны үер буух гээд гамшиг дуусахгүй. Өвөлжингөө амьтан хүнээс алга тоссон нүүдлийн мал аж ахуйг хаврын турш тордож тойлох гээд ажил мундахгүй л болов уу.

Үүний хажуугаар давтан сануу­лахад уур амьсгалын дулаарал болон хүний хүчин зүйлээс шалтгаалаад жилийн жилд монголчууд зудад нэрвэг­дэж ирлээ. Хүний хүчин зүйл гэдэг нь мэдээж бидний залхуурал, алгуурлал, амарлингүй байдалтай холбоотой. Хангайн сумдад араараа дүүрэн мод­той ам бараадаж өвөлжчихөөд “цасанд боогдоод түлээгээ татаж чадсангүй” гээд хашаагаа буулгаад галлаж байгаа улсыг өөрөөр юу ч гэх билээ. Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газрын гишүүд, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагууд, урлаг соёлынхон, нутгийн зөвлөлүүд гээд хөдөөг зорьсон хандив тусламжийн цуваа тасраагүй. Яваад ирсэн хүмүүс яг ижил зүйлийг ярьж байгаа нь “Залхуу нь зудад өртөж, ажилтай нь амьдарч чадаж байна аа” гэх үг. Тэгээд тэр “залхууг” тэжээж таргалуулахын тулд Засгийн газар “Монгол мал” хөтөлбөрийн төсвөөс 3,7 тэрбум төгрөг гаргаж, орон нутагт өвс тэжээл хүргэв.

Энэ жилээс хэрэгжиж эхлэх ёстой “Монгол мал” хөтөлбөрт уртаашаа 10 тэрбум төгрөг төсөвлөөд байсан. Энэ мөнгийг малыг эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, мал эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, нэг үгээр хэлбэл хоцрогдож, хаягдсан аж ахуйгаа өөд татахад зарцуулах ёстой байлаа. Ноён “залхуу” болон түүнийг ивээгчдээс болж энэ ажил дахиад нэг жилээр ухарлаа гэсэн үг. Дээр нь Монголд ажиллаж буй гадаад улсуудын Элчин сайдын яамд, олон улсын тусламжийн байгууллагууд, үйлдвэр компанийн ажилчид, сургууль цэцэр­лэгийн хүүхдүүд гээд туслаагүй, хөдлөөгүй хүн байхгүй. Экс Ерөнхий­лөгч маань хүртэл хөдөөгүүр явж ирээд нэг их том нээлт хийчихсэн зурагтаар ярьж байна лээ. Малчдыг дээд сургуулиар бэлтгэж, малчны хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс дааж, малчны зээлийг төсвийн хөрөнгөөр хаах ёстой гэж.

Ер нь жилийн жилд ирдэг зуд турхны далимд нэг их өрөвч нимгэн хүн болж хошуу дэвссэн хоосон дөвчингүүд олдоно уу гэхээс цөөддөггүй. Нэг хэсэг нь хандив тусламж гуйж, нэг хэсэг нь хүргэж, нөгөө хэсэг нь тэдэндээ үл итгэн хажуугаар нь шалгалт шүүлэг хүртэл явуулах жишээтэй. Саяхан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос ажлын хэсэг гарч, хандивийн хөрөнгө эзэндээ хүрч байгаа эсэхийг шалгахаар явсан гэсэн. Ингэсгээд энэ жилийн зудын дуулиан нэг намсах биз. Гэвч ирэх жилийн жил дахиад  зуд болно. Энэ бол гэм биш зан болсон зүйл. Харин тэр үед төр засаг нь, тариаланч, малчид нь ч гэсэн арай нэг бэлтгэлтэй байж, өвөл үзээгүй, цас хараагүй мэт үл царайлж, ядахдаа энэ жилийнхээ алмай, залхаг байдлыг битгий давтаасай. Ирэх гурван улиралд марталгүй ажиллаасай…

Ц.БУЛГАНЗАЯА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж