Ц.Төмөрбаатар сануулж, Очирбат гуай уриалав

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Ц.Төмөрбаатар сануулж, Очирбат гуай уриалав

Ц.Төмөрбаатар сануулж, Очирбат гуай уриалж, дэд сайд нь амлав

Дэлхий даяараа олон улсын театрын өдрийг энэ жил “Театр энх амгаланд хүн төрөлхтнийг уриалах энэ ертөнцийн хэл” хэмээсэн утга бүхий илгээлтийн дор тэмдэглэн өнгөрүүлэв. Энх тайванд уриалсан энэ илгээлтийг өнөөдөр ч зарим театр тоглолтынхоо өмнө ёслол төгөлдөр уншиж сонордуулна. Харин манайд театрын өдрийг хүүхдийн театрыг нэхэж тэмдэглэв.

Найман жилийн өмнөөс драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулах болсон “Гэгээн муза” наадам энэ тэмдэглэлт өдрийг бидэнд сануулдаг билээ. Харин өнөө жилийн тухайд энэ наадам хүүхдийн гэх тодотголтой бүтээлийг олноор сойж, хүүхдийн гэх тодотголтой нэгэн шагналыг нэмснээрээ онцлог байлаа. Хүүхдийн жүжгийн төрөл хэзээ хэзээнээс илүү өрсөлдөөнтэй байсан нь дэвшил. Түүнээс гадна хүүхдийн оролцоотой бүтээлийн эзнээр Дундговь аймгийн хүүхдийн театр шалгарсан нь нь энэ жилийн наадмын нэг онцлог яах аргагүй мөн. Тус аймаг хүүхдийн театрыг шинээр байгуулан “Гэгээн муза”-гийн эзэн боллоо. Харин нийслэл хотод ийм театр бий бил үү?

Хөгжимт жүжгийн төрөлд шагнал гардуулахаар гарч ирсэн төрийн шагналт Ц.Төмөрбаатар “Хүүхдийн жүжгийн төрөлд шилдгүүд шагналаа гардахыг хараад нэг ийм зүйл бодогдлоо. Хэрвээ Монгол Улсын хүүхэд, залуучуудын театр өнөөдөр байсан бол, тэгээд цааш нь гурван цэг” хэмээн сэтгэгдлээ хэлэв. Тэр гурван цэгийн оронд түүний эцгийн байгуулсан цагтаа мандаж, шинэ цагийн авьяастнуудыг өлгийдөж, шинэлэг уран бүтээлээр цахиур хагалж явсан түүх хөвөрнө. “Хайрыг хайрла”, “Хэрээ”, “Эмсүүд”, “Галзуу гурвалжин” гээд ная, ерээд оны залуусыг ёстой л байлдан дагуулж байсан театр өнгөрсөн цагт бичигдэх түүх болон хувирсаар удаж байна. Цагтаа авьяас, алга ташилтад умбаж байсан байшинд одоо банк ажилладаг. Банкаараа овоглосон театр байдаг гэж ярьдаг ч үзэгч, уран бүтээлч хоёроо үгүйлсэн тайз хариулт нэхсэн асуултын тэмдэг шиг уйтгартайхан цагариглан хэвтэж байгаа. Түүнийг Төмөрбаатар сануулав. Харин дараа нь драмын жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг гардуулахаар гарч ирсэн ардын жүжигчин А.Очирбат түүх сөхсөн өнөөх гурван цэгийг үргэжлүүллээ. “Энэ театрыг үгүй хийсэн хүмүүсээс нь нэхээч ээ” гэж тэр уриалав. Уриалгын хариуд танхимд суусан хүмүүс нижигнэтэл алга ташив. “Алга ташиж байгааг бодоход нэхэх нь байна” хэмээн өвгөн жүжигчин олзуурхав. Хэрвээ өнөөдөр тэр театр байсан бол өөрөө 61 дэх жилээ ажиллаж байх байлаа гэдгээ ч тэрбээр дуулгав. Наадмын тайзан дээр гарч ирсэн БСШУЯ-ны дэд сайд Ч.Куланда буурлын уриалгыг хүлээж авснаа мэдэгдээд “Энэ театрыг эргүүлж авчрахын төлөө зүтгэнэ” хэмээн амлав. Ийнхүү гуван цэг уриалга болон өрнөж, сүүлдээ амлалт болон хувирлаа. Агаарт замхран алга болдог олон олон амлалтууд шигээ сураг алдрахгүй байх хэмээн ард түмэн хүлээнэ. Театрын өдрөөр амласан амлалтаа Муза бурхан нэхэх байх аа.

“Саран хөхөө” театрын найруулагч Н.Пүрэвдорж “Хүүхдийн тархи бол хог новшоор дүүргэх ёстой зүйл биш. Харин асаах ёстой бамбар” гэдэг үгийг хэлсэн. “Гэгээн муза”-гийн тайзан дээрээс хэлсэн хамгийн гэгээн үг энэ байлаа. Ирээдүйнхээ тархийг эергээр цэнэглэх учиртай театр эргээд ирнэ гэдэгт бүгдээрээ найдацгаая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж