МИАТ ХК-ын Гүйцэтгэх Захирал Ц.Орхон танаа

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

МИАТ ХК-ын Гүйцэтгэх Захирал Ц.Орхон танаа

МИАТ ХК-ын Гүйцэтгэх Захирал Ц.Орхон танаа

Өргөдөл гаргах учир нь

Монголын агаарын тээврийн хөгжлийн ээдрээтэй энэ цаг үед намайг МИАТ компанийн коммер эрхэлсэн дэд захирлын албан тушаалд тохоон томилж итгэл хүлээлгэсэн танд гүн талархал илэрхийлье. Гэвч энэхүү томилгоо нь эрх барьж буй улс төрийн хүчнүүдийн хүрээнд ихээхэн эсэргүүцэл дагуулж байгааг анзаарахгүй байхын аргагүй байна. МИАТ компанийн коммерийн ажил нь цэвэр бизнесийн ажил бөгөөд улс төржилтгүйгээр хийх шаардлагатай, зах зээлийн ширүүн өрсөлдөөнт салбар гэж миний бие үзэж байгаа тул таны итгэл хүлээлгэн томилсон албан тушаалыг цаашид үргэлжлүүлэн хаших боломжгүй болсоноо мэдэгдэхээс өөр аргагүй боллоо. Зөвхөн улс төржилтгүйгээр ажиллах боломж олдвол МИАТ компани олон улсын ширүүн өрсөлдөөнд тэсэн гарч, өсөн бэхжиж чадах юм.

Миний бие агаарын тээврийн салбарт жирийн инженерээс нь эхлэн 18 жил ажиллахдаа иргэний нисэхийн хуулийн төслийг гардан боловсруулж, иргэний нисэхийн багц дүрмүүдийг боловсруулах ажлыг удирдаж, нисэхэд үнийг лебиральчлах алхамуудыг хийлцэж, агаарын тээвэрт хэрэглэгддэг олон заавар, баримт бичгийг боловсруулан мөрдүүлэхэд гар бие оролцож байлаа. МИАТ компанид сүүлийн жил ажиллах хугацаандаа агаарын хөлгийн парк шинэчлэлийн ажлыг ЗГ-аас өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулалцаж гэрээ зурах төгсгөлийн шатанд нь хүргээд байна. МИАТ компани анх удаагаа өвлийн улиралд ашигтай ажиллаж, эргэлтийн зээл нэмж авалгүй өвөлжлөө.

Би бээр Украйны Нисэхийн инженерийн дээд сургуулийг онгоцны инженер, Канадын МкГилл их сургуулийг агаар сансрын эрх зүй, Австралийн Гриффит их сургуулийг нисэхийн бизнес, менежмент чиглэлээр тус тус дүүргэж хоёр мастерийн зэрэг хамгаалсан нэгэн болно. Засгийн газрын гадаадад суралцаж байсан Монголчууддаа хандан гаргаж байсан баруунд боловсрол эзэмшигчдийг дэмжих амлалт нь агаарын тээврийн салбарт ажил болох өдөр ирвэл хариуцуулсан ажлыг хүнд хэмээн шантралгүй эх орныхоо хөгжилд мэдсэн сурсанаа нэмэрлэн, Улс Монголоо бусдын зэрэгт хүргэх үйлсэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна.

Харин энэ удаад таныг миний хүсэлтийг хүлээн авч МИАТ ХК-ын коммер эрхэлсэн дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсье.

Хүндэтгэсэн:

МИАТ ХК-ын Коммер эрхэлсэн дэд захирал Цэдэвдамбын Бат
2011 оны 3-р сарын 27-ны өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж