“Лейкерс” дараалсан долоо дахь ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Лейкерс” дараалсан долоо дахь ялалтаа авлаа

Коби Брайнт 30, По Газол 23 оноо, 16 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа тэргүүлж, “Лос-Анжелес Лейкерс” баг “Нью-Орлеан Хорнетс”-ийг 102:84 харьцаатай буулган авснаар Бүх оддын тоглолтын завсарлагаас хойшхи 16 тоглолтоос 15 дахь хожлоо авлаа. Улирлын тоглолтууд өндөрлөх дөхөж буй энэ үед тэд хожил, хожигдлын харьцаагаар зөвхөн бүсээ төдийгүй NBA-г тэргүүлэхэд тун ойрхон байна. “ЛА Лейкерс”-чүүдийг дараалсан долоо дахь хожлоо авахад багийн гол тоглогчид болох Брайнт, Газол нараас гадна Эндрью Байнум 13 оноогоор багтаа тусалжээ. Өнгөрсөн хоёр жил дараалан аваргын цом өргөсөн “Лейкерс” тоглолтын эхний хагас өндөрлөхөд 18 онооны давуутай болсон байлаа. Багийн онооны лидер Дэвид Уэстийг гэмтэлд алдсанаас хойш хоёр дахь тоглолтоо хийсэн “Хорнетс”-аас Карл Ландри 24 оноо, 10 удаагийн самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлж, улирлын дээд амжилтаа үзүүлсэн бол Крис Пол 10 оноо, есөн оновчтой дамжуулалт өгчээ.

NBA-ын Бүх оддын тоглолтыг “Стэплс центр” ордондоо хүлээн авсны дараачаас эхлэн таван долоо хоногийн турш гайхалтай тоглолтоор фенүүддээ бэлэг барьсаар байгаа “Лейкерс” өдгөө 53 хожил, 20 хожигдолтой өрнөд бүсийн хоёрдугаар байрт бичигдээд байна. Харин энэ улиралд хожлын тоогоор тэдний өмнө яваа ганц баг нь “Сан-Антонио Спөрс”. Тэд 57 хожил, 16 хожигдолтой өрнөд бүсийг төдийгүй NBA-ыг тэргүүлж байгаа юм. Хоёр багийн аль алинд нь одоо есөн тоглолт дутуу бөгөөд улирлын тоглолтууд өндөрлөхөөс хоёр хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 12-нд “Стэплс центр”-т хоорондоо тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж