Дээд шүүх цэцэд хүсэлт явуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Дээд шүүх цэцэд хүсэлт явуулна

МАХН-ыг бүртгэх эсэхээ Улсын дээд шүүх мэдэгдэх сүүлийн өдөр хэмээн үзэж МАХН-ын хэсэг гишүүн хариу авахаар өнөөдөр 10.30 цагт очсон юм. Хэдийгээр МАХН-ын удирдах бүрэлдэхүүн очих ёстой гэж байсан ч Дээд шүүх МАХН-ыг бүртгэх асуудлыг Цэцийн шийдвэр гартал хойшлуулна гэсэн тул намын дэд дарга Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар очсонгүй. Харин МАХН-ын түр штабын Г.Давааням, З.Баянсэлэнгэ нарын хэсэг хүн очсоныг хуулийн дагуу нам төлөөлөх хүмүүс биш гэж үзсэн ч цаг заваа гаргаж зорьж ирснийг нь хүндэтгэн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн  Ц.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Түүний тайлбарласнаар Улс төрийн намуудын тухай хуулийн намын нэртэй холбогдох заалтуудаар МАН-ын зүгээс нэхэмжлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд Дээд шүүхэд санал ирүүлжээ. Дээд шүүх нэг намын сольсон нэрийг нөгөө нам сэргээн хэрэглэх эсэх тухай Улс төрийн намуудын тухай хуулийн эргэлзээтэй заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болжээ.   Дээд шүүх хүсэлтээ энэ сарын 30-ны дотор Цэцэд хүргүүлэх аж.

Дээд шүүхийн бүгд хурал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн орой дууссан. Баасан гаригт дээд шүүхийнхэн сургалт зэрэг арга хэмжээтэй, мөн иргэний танхимын ерөнхий шүүгч хөдөө томилолттой байсан, тэгээд амралтын өдрүүд таарсан тул өнөөдрөөс Цэцэд хүргүүлэх хүсэлт дээрээ ажиллахаар болжээ. Цэцэд хандах эцсийн хугацаа энэ сарын 30 гэдгийг Ц.Амарсайхан шүүгч хэллээ. Мөн МАХН-ыг Дээд шүүх бүртгэх эсэхээ мэдэгдэх хуулийн хугацаа өнөөдөр биш энэ сарын 30-нд дуусна гэдгийг тайлбарласан юм. Ийнхүү МАХН-ыг бүртгэх эсэх хугацааг Цэцийн шийдвэр гартал хүлээх шаардлагатай болов.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж