Та бүхэн сайхан наадаарай

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Та бүхэн сайхан наадаарай

Монгол төрийн ариун гал голомтыг үеийн үед манаж, тусгаар улсаа туургалан хамгаалж ирсэн тэнгэр заяат, босоо хийморьт ард түмэндээ ардаараа овоглосон Ардын Намын Удирдах зөвлөлийн өмнөөс болон хувиасаа Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн халуун мэндийг хүргэж, өөдрөг гэгээн бүхнийг хүсэн ерөөж мэндчилъе.

Дэлхийд ганцхан монгол түмний аугаа их баяр наадам ир нь ханасан алтан тууртын хийморийн тоосонд, бяр нь амтагдсан аварга хүчтэнүүдийн дэвээнд өндөлзөж, цэц нь жигдэрсэн эрхий мэргэдийн уухайнд омогшиж, дэлгэр сайхан эхэлж байна.

Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө анхны долоон эх орончийн  асаасан Ардын хувьсгалын бамбарыг хөгжил дэвшлийн эрин зуунд түүчээлэн бадрааж, эх орныхоо хувь заяаг ард түмэнтэйгээ хамт үүрч ирсэн Монгол Ардын Нам хэдхэн хоногийн өмнө болсон УИХ-ын ээлжит сонгуулийн  үр дүнгээр бусад улстөрийн хүчинтэй хамтран улс орон, ард түмнийхээ төлөө эв эеийг эрхэмлэн ажиллах хариуцлагатай үүргийг хүлээлээ.

Өнгөрсөн зуугаад жилийн турш Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвлийн баталгаа нь  болж, ачааны хүндийг үүрч ирсэн манай нам түүхэн үүрэг хүлээсэн гэдгээ ухамсарлаж байгаа бөгөөд энэ удаа ч бидний ачаа хөнгөрөөгүй хэмээн үзэж байна.

Улстөрийн сонгуулийн эцсийн дүнг ард түмэн та нар минь тавьдаг учраас  эцсийн ялагч нь хэн нэгэн хувь хүн,  аль нэгэн улстөрийн хүчин биш ард түмэн байх учиртай.  Тиймээс  бидний үүрсэн ачааны тэн хүндэрнэ үү гэхээс огт багасахгүй билээ. Бидний дэвшүүлсэн санаа, хөгжил дэвшлийг хөтлөгч байх хөтөлбөрүүд бүгд Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө юм. Тийм ч учраас  Монголын улстөрийн ууган хүчний хувьд, бартаа туулсан он жилүүдэд улс эх орон, ард түмнээ аварч гарсан намын хувьд он цагийн аль ч мөчлөгт ард түмэнтэйгээ хамт байна гэдгийг онцолж байна. Монгол төрийн түүхэнд нэгдүгээрт бичигдэх арвин их түүхтэй Монгол Ардын Нам хэзээд эх орныхоо хөгжил дэвшлийг үйл хэрэг, үзэл санааны хувьд хөдөлгөгч хүч байсаар байх болно.

Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан наадаарай.

Монгол Ардын Намын дарга

Монгол Улсын Ерөнхий сайд              С.Батболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж